Э.МАРАЛ
Зуны олимпын XXXIII наадмын түүхийн хуудсанд шинээр бичигдэх нээлтийн ёслолын ажиллагаа эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Аль ч олимпийн нээлтийн ёслолын "цочир сонин", өвөрмөц шийдэл, ондоошил зохион байгуулагчдын "нууц" байдаг ч нээлтийн ёслолын үеэр болдог Олимпийн тугийг залах, тамирчид шүүгчдийн тангараг өргөх, Олимпийн галт бамбарыг асаах, оролцож буй орны баг тамирчдын жагсаал гээд тогтсон дэг жаяг, уламжлалт зүйлүүд өөрчлөгдөхгүй.
"Парис -2024" Олимпийн нээлт, тэр дундаа улс орнуудын жагсаал түүхэнд анх удаагаа цэнгэлдэхээс өөр газар болох гэж буй.
Франц орныг хөндлөн гулд 776 км туулах Сена мөрөн дээр энэ удаагийн нээлт, тамирчдын жагсаал болох юм.
"Парис-2024" Олимпийн наадамд оролцох 206 орны ( + дүрвэгсдийн баг) 10714 тамирчдын төлөөлөл 6800 тамирчингсуулгасан 90 завь Парисын дундуур Сена мөрнөөр 3,7 миль зайг жагсаалаар туулах билээ.
Нээлтийн ёслолд Канадын алдарт дуучин Селин Дион, АНУ-ын поп од Лэди Гага нар оролцох бөгөөд Селин Дион франц хэл дээр (Тэрбээр Канадын Квебек хотын уугуул тул францаар дуулах юм) Францын хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг Эдит Пиафын "L'Hymne à l'amour" хэмээх дууг дуулна гэсэн таамаглал дэлхий нийтээр тархсан байна.
Мөн дэлхийн 120 гаруй орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд, хаан, хатан, ханхүү, гүнжүүд нээлтийн ёслолыг сонирхох бөгөөд тэдний дунд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт байх нь.
"Парис -2024" Олимпын нээлтийг манай гаригийн нэг тэрбум гаруй хүн ТВ-ээр шууд дамжуулалтыг үзэх тооцоо бас гарсан бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаа Францын цагаар 2024 оны долдугаар сарын 26-ны оройн 19:30 цагаас Улаанбаатарын цагаар долдугаар сарын 26-27-ны шилжих шөнө 02:00 цагт эхлэх юм.
Эх сурвалж: www.zms.mn