Т.САЙХАН

НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, хуралдаанаар ашиг орлогын хуваарилалт тогтоох талаар хэлэлцжээ.  Энэ үеэр  НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дараах байр суурийг илэрхийлэв. Тэрээр "Зарим зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Олсон ашиг нь зөвхөн хүмүүсээ шагнаж урамшуулдаг гэж туйлширч ойлгож болохгүй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн тооцоот ч бай, төсөвт ч бай байгууллагуудын үйл ажиллагааг нийгэмд ойлгуулах хэрэгтэй. Зарим үйл ажиллагаа нь ашиг олохын төлөө биш. Жишээлбэл, нийтийн тээвэр. Зөвхөн ашиг олох байсан бол өнөөдөр ийм байдалтай байхгүй.

Ус суваг бас байна. Инженерийн шугам сүлжээ, инженерийн байгууламж, инженерийн болоод орон сууц, нийтийн аж ахуй гээд маш олон салбарт үйл ажиллагаа явуулж, төрийн үйлчилгээг хүргэж байгаа. Ус суваг, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар гэж хоёр байгууллагыг харахад нийлээд бараг 2,500 хүн ажиллаж байна. Бүх үйлчилгээнийх нь тарифыг төрөөс хатуу барьчихсан.

Эрчим хүчний салбарынхан жилжингээ ярилаа, энэ өвөл яаж өвөлжих вэ гээд баларч байна. Яагаад энэ байдалд хүрсэн бэ гэхээр энэ салбарын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид бүгд хэлж байгаа, төр тарифыг хатуу барьчихсан учраас.

Ард иргэдийн амьжиргаа болон цалин хөлс нь тогтвортой болтол улс даая гээд явж байгаа салбарууд. Одоо харин бага багаар либералчлах, эрчим хүч, орон сууц нийтийн аж ахуйн салбар, нийтийн тээвэр болон бусад төрөөс үзүүлж буй үйлчилгээнийхээ тарифыг бага багаар чөлөөлж, ард иргэддээ өдөр тутмын үйл ажиллагаандаа гаргаж байгаа зардлаа хэмнэж болох сонголтыг өгье гэдэг байдлаар бүгдээрээ явж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn