Монгол Улсын спортын хөгжлийн 100 жилийн 70 шахам жил нь тэшүүрийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Увшнасангийн Очирбат гуайн  ажил үйлсийн өрнөлтэй салшгүй холбоотой юм. Мэргэжлийн спортынхоо буурал түүхийг нэрт дасгалжуулагч ийн хуучилж байна.

 

-Та говийн хүн. Нутгаасаа Улаанбаатарт улсын аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд ирээд түрүүлчихсэнийг тэр үедээ хүмүүс хачирхан ярьж байжээ. Мөсгүй газар яаж тэшүүрчин болдог байна аа, гэж тэр л дээ. Таны унаган нутаг?

-Өмнөговийн Ханхонгор өвөг дээдсийн минь нутаг. Би Мандал-Овоод төрсөн, эндээ болон Цогт-Овоогоор нутаглаж ирсэн. 1958 онд Өмнөговь аймагт 10 дугаар анги төгссөн. 1957 оноос тэшүүрээр гулгаж эхэлсэн. Даланзадгадын горхины овгор товгор мөсний халиан дээр гулгаж сурсан хүн.

1958 оны улсын аваргын тэмцээнд Өмнөговиос анх удаа ирж түрүүлж байлаа. Гэхдээ Өмнөговь гэж бие даасан бус, “Замчин” нийгэмлэгийн нэр дээр уралдаж байсан юм. 1959 онд ХААДС-ийн мал эмнэлгийн ангийн оюутан болоод тэшүүрчний замнал маань эхэлсэн. Богд уулын ар хормойгоор урсах Туул голын мөсөн дээр тэр үед Зундуй-Ёндон, Цэнд нар ирж гулгана. Булганаас ХААДС-ийн зоо-техникийн ангид ирсэн Дашнямтайгаа бүгд нийлж аваад хэдүүлээ орой харуй бүрий хамаагүй бэлтгэл хийж гулгадаг байлаа. Өдөр хичээлтэй, орой шөнө л гулгах цаг гарна.

-Монгол Улсын циркийн гавьяат жүжигчин Гончигийн Хишигдаваа гуай 1961 Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад хүрэл медаль авсан Булганы Хишиг-Өндөрийн сургуулийн анхны медальтан сурагч юм. Тэрээр таны гулгахыг нүдээр үзсэн, маш уран гоё техниктэй гулгадаг тэшүүрчин байсан гэж ярьсан?

-Аа, тийм үү. Хишиг-Өндөр сайн тэшүүрчдийг бойжуулсан уугуул нутаг. Жишээ нь, миний шавь улсын шигшээ багийн тамирчин Н.Цогзолмаа, Д.Мандах, Д.Цэнддоо, Л.Намжилдорж гээд бүгд Хишиг-Өндөрийн сургуулийн сурагчид.

-Та нарын дотроос тэшүүрийн хуучирсан улсын шигшээ багийг “бут ниргэх” шинэ үеийнхэн гарч ирсэн  гэж тэшүүрийн түүхэнд үздэг юм билээ?

-1959, 1960 онд бил үү улсын шигшээ багийнхан хэдэн хүнээ аваад Улаан-Үдэд бэлтгэл хийхээр сэмхэн ч гэмээр юм уу, явчихсан байв. Бид хэд ч улсын шигшээ багийнханд дийлдэхээргүй өсөж өндийснөө мэдэрч байв. Тэгэхээр нь өөр хоорондоо яриад буцаж ирэхэд нь тэднийг мөсөн гулгуурын талбайд “хусна шүү” гэцгээн бэлтгэлээ хийж байлаа.

Улсын шигшээ багийнхан бэлтгэлээсээ буцаж ирлээ. Багийн тамирчин Сүхээ гадаадад яваад ирсэн жигтэйхэн амьтан, их гайхуулж байна. Тэгтэл тэмцээний 5000 метрт Цэндтэй Сүхээ таардаг юм. Сүхээ эхлээд ганц хоёр тойрог сүрхий гайхуулж явтал Цэнд “алсын тусгалтай үхэр буугаа” тавьж бүтэн, хагас тойргоор Сүхээг хожив. За ёстой үзүүлээд өглөө гээд бид бөөн хөөр болов.

-Та хэзээ нь улсын шигшээ багт орсон юм бэ?

-1961 онд Монголын бүх ард түмний анхдугаар спартакиад болж бүх аймгийг хамруулсан юм. Бүх тамирчин тэшүүрийн 5000 метрийн зайд гүйнэ. Би 43 дахь хос болж шөнийн 03:00 цагт уралдах ээлж таарч байв. Жалбаа, Цэнд хоёр яг нар шингэж байхад гараанд гарч, есөн минут 10 хэдэн секундээр гүйцгээн, тэр хоёрын амжилт бусдаас хол тасарч эхлэв. Би байрандаа очиж унтаж байгаад шөнийн 03:00 цагт ирж уралдав. Даржаа багш, хэдэн шүүгч байсан. Гэрэл гэгээ, зам засна энээ тэрээ гэсэн ойлголт байхгүй. Мөс бага тойрогтоо харанхуй, зам зөрлөг энэ тэр байх биш. Сүүлдээ би бага тойргоор 2-3 удаа дотуур тойргоор гүйж, арай хэтрүүлж байна уу гэж бас санаа зовоод барианд ортол есөн минут 30 секунд гарантай гүйж IV байрт орсон. Тийм хүнд үед бид спортын мастерын болзол биелүүлсэн.

Спартакиадаар ирсэн Зөвлөлтийн тэшүүрийн мэргэжилтэн Павлов, Намсрай багш нар хамтран улсын шигшээ багийг шинэ залуу тамирчдаар сэлбэж Цэнд, Дашням, бид хэдийг нэмж аваад найман хүнтэй ч бил үү, улсын шигшээ баг бүрэлдсэн. Тэр үед Спортын төв ордон байгуулагдсан. Улсын шигшээ багт авуут л Дашням бид хоёр ХААДС-аас, би бүр гуравдугаар курсээс гарсан.

-Тэгээд таныг хэдэн онд ЗХУ-д тэшүүрийн дасгалжуулагчийн мэргэжлээр сургахаар илгээсэн юм бэ?

-1964 онд хойшоо сургуульд тэшүүрийн дасгалжуулагчийн мэргэжлээр хүн сургах болж, гимнастикийн Норов багш Очирбатыг л явуул, сурах хүн байгаа юм, ХААДС-д суралцаж байсан, мэдлэг чадвартай гэж намайг дэмжээд явуулахаар болсон. Норов багш намайг их дэмжинэ. Москвад суралцах гэтэл тэшүүрийн хуваарь ирсэнгүй. Тэгээд чөлөөт бөхийн дасгалжуулагчаар суралцахаар явсан юм. Очтол Москвад өнөөх тэшүүрийн хуваарь байна. Сургуулийн Никифоров захиралтай уулзаж учраа хэлээд тэшүүрийн ангид шилжлээ. Бөхийн дасгалжуулагчаар суралцсан бол өдийд мандаж байхгүй юу. Ардын багш болсон байх ч юм бил үү, хэн мэдэх вэ.

1968 онд сургуулиа төгсөж ирээд, улсын шигшээ багийн дасгалжуулагч Намсрай багшийн дагалдангаар зургаан сар ажилласны дараа багш маань надад ажлаа өгсөн, тийм л ёстой юм чинь.

-Тэшүүрийн улсын шигшээ багийн дасгалжуулагч болоход таны үеийн тэшүүрчдээс хэн хэн үлдсэн байв. Тэдэнд заана гэдэг амаргүй биз дээ?

-Тэшүүрийн улсын шигшээ баг 1959 онд байгуулагдсан. Эхний шигшээ багт Намсрай багш, Даржаа, Дашдаваа, Гүржав гээд урдаа барьдаг хэдэн тэшүүрчин байсан. 1960-аад он хүртэл эмэгтэйгээс Эрдэнэ-Өлзийн ээж Наранцэцэг, Сонинбаяр, Лхамжав нар анхны үе нь. Энэ үеийн халааг 1961 онд болсон Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад шалгарсан Цэнд, Дашням, бид залгаж улсын шигшээ багийг бүрдүүлсэн. Тэшүүрчин ид хавтай байх, эрч чадлаа хадгалах оргил үе 10 жилээс хэтэрдэггүй. Харин манай тэшүүрийн спортын гурван гавьяат Цэнд, Дашням, Лхамжав нар бараг 20-оод жил улсын шигшээ багт байсан. Тэшүүрийн улсын шигшээ багийн хоёр халааг гүйцэд өнгөрөөсөн нь энэ гурав л байдаг юм. Тэд цагийг эзэлсэн их тэшүүрчид, Монголын тэшүүрийн ертөнцийг ноёрхож байлаа. Бусад хамгийн сайн гэсэн тэшүүрчин 10 жил орчим шигшээд байгаад л дараагийн үе гарч ирнэ. Миний авсан Намжилдорж, Мандах нар дөрөв болон тав дахь халаа гэж үздэг.

Ингэж улсын шигшээ багийн хоёрдугаар үе эхэлсэн. 1963 оноос дараагийн халаа Шаравсэнгээ, Цогзолмаагийн үе. Нөгөө гурван гавьяат улсын шигшээ багт “хадаатай” хэвээр байсан. Дөрөв болон тав дахь үеийнхэн гарч ирж, намайг улсын шигшээ багийг хүлээж авахад Дашням, Цэнд, Лхамжав гурав ч уралдаж байсан. Бид хэд хамт гулгасан тамирчид, бас дээр нь 10 гаруй жил нэг барилаар явчихсан энэ гуравтаа заана гэдэг нэг бодлын хэцүү ч юм шиг, мэдэмхийрээд байгаа ч юм шиг. Нэгэнт тогтож хэвшсэн бэлтгэлийн арга барил дээр нь хэлж заах юм ч бага. Харин тэдэнд бэлтгэл сургуулилтад нь тусалж дэмждэг, тэшүүр, мөс, талбай гээд материаллаг баазыг нь сайн анхаардаг байсан.

Вандандорж, Ганбат, Намжилдорж, Цэнддоо нарын үе эхлэхэд тэдэнд би гулгалтынхаа техникийг заана, сургана, бэлтгэл сургуулилтад оруулна. Монголын тэшүүрийн шигшээ баг ингэж л  үе дамжин өсөж өндийж ирсэн. Би материаллаг бааз мөс, талбай, тэгээд л тэшүүр солих, хадах, дан ганц Оросын тэшүүр л байсан. Гагнаас бүгдийг салгаж, ирийг сольдог, засдаг. Мөсний ажиллагаанд тоног төхөөрөмж тал дээр их анхаарсан. Тэгээд л зам талбай байгуулах, хэмжих гэх мэт.

-Тэр үед тэшүүр, бусад хэрэгслийн хөгжил тун дорой байж дээ?

-ЗХУ ч тэшүүр муутай, одоотой харьцуулахад дэлхий нийтэд ч тэшүүр барагтай байсан үе. Манай шилдэг тэшүүрчид Зөвлөлтийн “Особый заказ”, “Мастерская” тэшүүрээр л гулгана. Өөр өөдтэй юмгүйгээс хойш олдсон нь дээд гэж бодно. Бүр хожмоо Японы Саппорогийн 1972 оны олимпод манай багийг очиж уралдахад голландчууд бидний тэшүүрийг үзчихээд голох, шоолох зэрэгцэн олимпод уралдсан тэшүүрээ Цэнд, Дашням нарт дурсган өгч манай тэшүүрийн хувьсгал эхэлж байсан юм. Одоо бодоход, манайхан гудиггүйн дээр эр зориг, монгол тамирчны авхаалж самбаа, бие бялдрын их эрчим чадлаараа л бэлтгэл хийж гулгаж байснаас бус тэшүүр, хувцас хунар гэх юмаар их дорой байж дээ.

-Өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдсөн байлгүй дээ?

-Одоо дэлхий дээр тэшүүр үлэмж сайжирч дэвшил гарснаар тэшүүрчид өмнөх амжилтаа хоромхон зуурт эвдэх боллоо. Хавхлагтай буюу манайхан салдаг тэшүүр гэж буруу томьёолдог тэшүүр бий болсноор нэг жийлт нь 20-30 см-ээр ахиж байна. Ингэснээр спортын амжилт үлэмж урагшиллаа. 500 метрт 33-34 секунд гүйж байна. 500 метрийн гарааны эхний 100 метрт л алдаж есөн секунд байгаагаас бус, тэшүүрчин 100 метрт зургаан секунд гүйж байна. Гүйлтийн тэшүүрт эрэгтэй нь 33-34 секунд, эмэгтэй нь 36 секунд гүйж байж олимп, дэлхийн аварга болно, хурд ингэж ахисан байна.

-Монгол Улс хэдэн онд Дэлхийн тэшүүрийн холбоонд элссэн юм бол?

-Манайх өвлийн олимпод дандаа цагаан хуудсаар орж байсан. Монгол Улс Дэлхийн тэшүүрийн холбоонд элссэн он хугацаагаар эртнийхэд ордог. 1959 онд Монголын тэшүүрийн холбоо байгуулагдаж,1960 онд Дэлхийн тэшүүрийн холбоонд элссэн. Энэ холбоонд 72-73 орон байдаг. Тэднээс 30-аад улс нь яг гүйлтийн тэшүүрээр орж байгаа юм.  Монголыг дүгнэхэд Дэлхийн тэшүүрийн холбооны гишүүн эхний 30 орны тоонд багтдаг. Үүнээс 10 гаруй улс нь олимп, дэлхийн аваргад медалийн төлөө уралдах түвшинд тэшүүр хөгжсөн. Азиас Хятад, Япон, Солонгос тэргүүлж байна. Казахстан их ширүүн үзэлцэж байгаа.  Тэгээд Голланд, Швед, Скандинавын орнууд, Канад улс жинхэнэ гүйлтийн тэшүүрээр өрсөлддөг.

Монгол Улсыг тэшүүрийн маш эрчимтэй тэмцэгч орон гэж Дэлхийн тэшүүрийн холбоо үздэг байх гэж би боддог юм. Ер нь олимпод оролцчих юмсан, ДАШТ оролцчих юмсан гэдэг манай эрмэлзлийг Дэлхийн тэшүүрийн холбоо их үнэлдэг. Даанч бид чадал дорой, хоцрогдсон улс юм. Бээжингийн олимпод оролцох гээд Долгорсүрэн ач охинтойгоо, Бат-Оргил шорт трекээр гадаадад энд тэнд явж бэлтгэл хийгээд л байсан. Тэд хоцрогдсон Монголынхоо нэрийг өөд татаж л байдаг.

-Тэшүүрчид маань бэлтгэлээ хийх талбай хэр байдаг юм бол?

-Монгол Улс одоо өөртөө битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбайтай болохгүйгээр дэлхийн тэшүүрийн ертөнцөд үзэлцэх бололцоо нэгэнт хаагдсан. Тэшүүрийн спорт зааланд ороод удлаа. Салхи, мөс, цас аль аль нь тэшүүрийн уралдаанд эсэргүүцэл үзүүлж нөлөөлөхөө больсон. Тэшүүрчид одоо зөвхөн дотоож, гадуур нь хальс өмсөөд л гараанд гарч байна. Оймс ч өмсөхгүй. Гүйлтэд саад болох бүхнийг гээж, бараг л эхээс төрснөөрөө гарч байна. Монгол Улс дэлхийн хамгийн хүйтэн орны тоонд ордог. Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн  нийслэл. Харин дэлхийн мастеруудын ахмадын олимп задгай талбайд болдог нь манайханд таатай бололтой. Энэ олимпод манай Жалбаа, Алтанцэцэг, Эрдэнэтуяа нар ааглаж, Батбаяр, Сансарбилиг, Сарантуяа нар тэр газрын хүйтнийг ер ажрахгүй, тоохгүй оролцож, монголчууд өлчрөөрөө гайхуулж байна. Тэр олимпийн медалийг манай ахмад мастерууд түүчихэж байна.

Нэгдүгээрт, монгол хүний хүйтнийг даах тэсвэр тэвчээр онцгой. Хоёрдугаарт, монгол хүн хаана ч очсон цаг уурт нь дасан зохицох чадвар сайн. Гуравдугаарт, Солонгост болдог 100 км-ийн гүйлтэд монгол хүн түрүүлж байна. Эхний 75 км-т солонгос хүн тасраад явчихдаг, монголчууд барааг нь алдчихгүй л дагана. Монгол шиг хоцрогдсон материаллаг баазтай орон дэлхийд байхгүй. Улс ч тэшүүрчдийг дэмжихгүй байна. Бөхчүүдтэй зэрэгцүүлбэл тэшүүрчдийн хангамж ичмээр доогуур.

-Анх ямар хувцас өмсөж гулгаж байсан бэ?

-Анх гадуур хувцастайгаа, шарваар өмдтэй, монгол дээлтэйгээ гулгаж байсан, спорт хувцас гэж байсангүй. Монголд анхны хөгжсөн спортын төрөлд тэшүүр ордог. 1926-1928 оны үеэс хөгжиж эхэлсэн. Ю.Цэдэнбал дарга дэмжээд, тэшүүр их огцом дээшээ гарч ирсэн. Шаахайтай тэшүүр гэж байхгүй, эсгий гутал дээр тэшүүрээ нааж хөлдөөгөөд оосрыг нь модоор эрчлээд бэхэлчихдэг. 1958 онд анх шаахайтай тэшүүр гарсан. Нэг лам тэшүүрийг хаддаг, шрупний үзүүрийг цааш нь нуга цохьдог. Тэрнээс хойхно нөгөө шарваар арай нарийн хөвөнтэй өмдөөр солигдсон. Сүүлдээ 75-ын ноосон цамцны захыг эргүүлээд, дотуураа янз бүрийн л юм өмсдөг байв. Их хүйтэнд өмднийхөө дотор гуяа хөлдөөхөөс хамгаалж сонины цаас хийчихээд гүйдэг байлаа. Хацар, хуруу хөлдөх бол ердийн асуудал. Нэг маань бөлдгөө хөлдөөчихөөд ирж байсан. Хүрзээр цас авчираад овоолчих гэж цаашлуулж тоглоод л.

Сүүлдээ балетын хувцас арай гэж олоод нөгөөх нь гуянд багтдаггүй, тэшүүрчдийн гуяны булчин их хөгжсөн байдаг. Тэгээд сүүл рүүгээ Оросын сүлжмэл комбинзон ганц нэг үзэгдэх болсон. Дараа нь Японы хар ретуз орж ирсэн дээ. Тэгээд орчин үеийн үргэлж, битүү углаатай комбинзонтой болцгоосон.

-Монголын тэшүүрчид одоо эх орондоо бэлтгэл хийгээд олимпод оролцох бололцоо байна уу?

-Манайд тэшүүр нь байна. Хувцас комбинзон олоод авчихаж байна. Ганцхан гулгах хүн нь, материаллаг бааз нь алга. Хувцас хэрэгслийг улс авчихаж байна. Гагцхүү эх орондоо бэлтгэл хийх бааз суурь алга. Ганц нэг сайн тамирчнаа бааз суурь, сайхан нөхцөлтэй улс оронд хэдэн жил “цөлж”, нэг олимпийн цикл дуустал бэлтгэл хийлгэж Олимпод уралдуулж болох юм. Эх орондоо бэлтгэнэ гэвэл нөхцөл байхгүй. Би ийм л хариулт өгнө дөө.

-Та гарын ур дүйтэй хүн. Завод буюу үйлдвэрийн тэшүүрийг задалж, засаж эргүүлж яг байснаар нь угсарч чаддаг таны тэр авьяас одоо ч тэр хэвээр. Тэшүүр ирлэх багаж хэрэгсэл бараг зохиосон, шинэ шинэ зүйл сэдэж санаад, тэр бүхэн чинь тэшүүрчдэд ач тусаа өгсөөр байна. Мөсөн гулгуурын талбайн зургийг Та маш зөв, шугам зургийн мэргэжлийн үндэслэлтэй зурдаг. Таниас өөр хүн гэж дуулддаггүй?

-1968 онд төгсөж ирээд л зурж эхэлсэн. Өмнө нь биднийг гулгаж байхад Намсрай багш л зурдаг байсан. Тэгэхдээ тойрог, центр-төвийг нь олохгүй таамгаар л зурдаг байж, бид ч тэрийг нь мэдэхгүй. Хойно сургуульд сурч байхад багш эрдэмтэд нарийн ухааныг нь зааж дадлага хийлгээд л, өөрийн мөсөн гулгуурын талбайн шугам зураг зуруулдаг байсан. Би угаасаа шугам зурагт их дуртай хүн тул ихэд сонирхон сурч авсан юм. Тэгээд зурах аргыг заалгаж мэдэж аваад, сургуулиа төгсөж ирээд, талбай дээр тэр аргыг нь хэрэглээд л, талбайгаа зөв олж байгуулна. Бүхэл бүтэн стадион дотор шугам зураг зурж байгаа хэрэг шүү дээ.

Сантиметрийн зөрөөгүй л гаргах хэрэгтэй. Талбай байгуулах, зурах бүх нарийн аргыг цөмийг нь Арьяагийн Болдод зааж өгдөг, өнөөх маань мэднэ, мэднэ л гэдэг. Жинхэнэ талбай дээр очихоор алдаад байдаг юм.  Өнгөрсөн жил Эрдэнэт хотод болсон Монголын бүх ард түмний спартакиадын мөсөн гулгуурын талбай байгуулах зургийг гаргаж өгсөн. Ер нь Эрдэнэтэд хоёр удаа хийж өгсөн. Намайг магтаад л байдаг, намайг ингэж хөөргөхийн оронд өөрсдөө хийж сурвал дээрсэн дээ. Хандгайтад асфальт тавиад, дээр нь тосон будгаар тэмдэг гаргасан, одоо будаг нь арилаад бүдгэрсэн байна билээ.

-Мөсөн гулгуурын талбайн зураг гэдэг дан ганц шугам зургийн мэдлэг ордог ч ажил биш. Геометрийн мэдлэг ч хэрэгтэй, та тун чадмаг зурдаг. Монголын тэшүүрийн холбооноос зориуд сургалт маягаар мэргэжлийн хүмүүст мөсөн гулгуурын талбайн зураг үйлддэг Таны эрдмийг яриулж, зурж сургаж өвлүүлэх нь зөв байх. Хот, хөдөө хаана ч тэшүүрийн том тэмцээн хийх тоолонд таныг урихад хүрдэг юм билээ. Үүнээс гадна тэшүүр, хөнгөн атлетик, дугуйн уралдаан тэмцээнд У.Очирбат дасгалжуулагчийн “цагийн точность”-ийг шүтдэг. Өөрөөр хэлбэл, таны шударга чанарыг үнэлдэг юм байна лээ?

-Бага залуугаасаа бугуйн цаг их зассан. Хожим сургууль төгсөж ирээд спортын цаг засдаг байлаа. Нэгбүрчлэн задалж угсраад, цагийн механизмын учир начрыг олдог. 1968 онд сургууль төгсөөд ирэхэд минь л хөнгөн атлетикийнхан намайг тэмцээн уралдааны цаг барих нэн хариуцлагатай ажилд татан оролцуулсан юм. Дугуйн уралдаан ч бас ялгаагүй. Тэшүүр дээр тренер хийнэ, график энээ тэрээг гаргана. Монголын хөнгөн атлетикийн нэгдүгээр цагчин нь Батцэнгэл гэж хүн бий. Тэр мундаг л даа, хоёр дахь цагчин нь би. Батцэнгэл, бид хоёр байсан цагт ажил найдвартай эхэлнэ. Би хөнгөн атлетикийн тэмцээнд 50 жил цаг барьжээ. Насны эрхээр нүдний хараа ч муудаж, хоёр жилийн өмнөөс л цаг барихаа болилоо. 

Тэр үеийн лабораторийн цаг одоо хоцрогдсон. Надад аль аль нь бий. Японы сейко цаг. 2000 онд Азийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнийг Хандгайтад хийхэд Эрдэнэ-Өлзийгийн үед, цахилгаан цаг, гар цаг ашигласан. Манай холбоо гар цагийг нь аваад үлдчихсэн юм. Одоо надад байгаа. Тэгээд Японы цахилгаан Сейко цагтай болсон, хамгийн сайн цаг. Тэшүүр дээр ахлах цагчин олон жил хийсэн. Хөнгөн атлетикт хамгийн хэцүү нь 100 метрийн гүйлтийн цаг барих явдал. Батцэнгэл бид хоёрт бараг хамгийн амархан нь. Харин тренерүүд дарж чаддаггүй. Найман хүн 100 метрийн гүйлтэд зэрэг л пар гээд ороод ирнэ. Батцэнгэл бид хоёр л бүгдийнх нь цагийг бариад нажигнатал дарна. Хурууны реакцаар дардаг. Тренерүүд бол эхний хүнийг нэг дарвал дарсан болоод хойдох хүмүүсийг алддаг. Бичлэгтэй байдаг болохоор тренер ер маргаж чадахгүй. Ингээд цаг барих ажиллагаанд би нэлээд сайнд тооцогддог.

Ярилцсан Бямбажавын ӨВГӨНХҮҮ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 134 (7378)