Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтад оролцлоо. Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтаар БНХАУ, ОХУ, БНЭУ, Иран, Казахстан, Пакистан, Тажикстан, Узбекстан, Киргизстан зэрэг гишүүн орнууд улс төр, эдийн засаг, худалдаа, соёл болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.   Монгол Улсын хувьд 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай элсэж, өдгөө 20 жил энэхүү байр сууриа хадгалж ирсэн.  2023, 2024 онд ажиглагчийн статустай байсан Иран, Беларусь улс ШХАБ-д гишүүнээр элсэж, одоогоор Монгол, Афганистан гэсэн хоёр улс ажиглагчийн статусаа хэвээр хадгалж буй билээ. Төрийн тэргүүний ШХАБ дахь уулзалтуудаас онцлон хүргэж байна.

 

Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлнэ

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа. Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж байгааг Ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ. Уулзалтаар мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар  ярилцжээ.

 

Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулж байна

 

Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзжээ.  Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг онцоллоо. Цаашид уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн бататгах хүрээнд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг салбарт идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын “Ногоон өв” санаачилгатай уялдуулан Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулах, Эрдэнэт хотноо “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил идэвхтэй өрнөж буйг талууд сайшаажээ.

 

Антонио Гутерреш: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Монгол Улсын хувь нэмэр өндөр байна

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.  Тэрээр НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцлон тэмдэглэлээ.Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааг дэмжих, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас танилцуулсан байна.   Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт механизмд дэмжлэг үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өргөн хүрээнд ажиллаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш тэмдэглэлээ.

 

Турк: 55 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, өндөр түвшний айлчлал хийнэ

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай уулзаж, хоёр талын болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улс “гуравдагч хөрш”, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгмийн бүх салбарт гүнзгийрүүлэх, харилцааны түншлэлээ ахиулахыг эрмэлзэж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа онцоллоо.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, энэ хүрээнд өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд гурав дахин өссөн бөгөөд шууд нислэг тогтмолжиж, нислэгийн тоо ч нэмэгдсэн нь иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд чухал түлхэц болж байна гэдгийг талууд онцоллоо.

 

Эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнө

 

Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар  уулзалт хийв. Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотолж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 132 (7376)