С.УЯНГА

 

Завхан аймгийн Нөмрөг сумын сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна. Нөмрөг сумын сургуулийн ахмад багш Г.Чулуунбаттай ярилцлаа.

 

-Таны сурч, багшилж байсан сургууль түүхт ойгоо угтаж байна. Сургууль, хамт олныхоо талаар дурсамжаасаа хуваалцахгүй юу?

- Юуны өмнө түүхт 100 жилийн ойгоо угтаж байгаа сургуулийн хамт олон багш, ажилчид, үе үеийн төгсөгчиддөө баярын мэнд хүргэе. Сургуулийнхаа түүхт 100 жилийн ойг тэмдэглэх гээд сум орон нутгаараа эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна. Би ч бас сэтгэл тогтохгүй сургуулиасаа уяатай л явна.

Би 1960 онд Нөмрөгийн 10 жилийн дунд сургуульд нэгдүгээр ангид орж байлаа. Тэр үед дүрэмт хувцас гэж байсангүй. Охид нь ногоон дээлтэй. Хөвгүүд нь хөх дээл, даавуун цүнхтэй. Найруулдаг бэхэнд үзэг дүрээд хичээлээ бичдэг байлаа. Манай анги даасан багш Дэмчиг гэж нэг их тайван, гоё бичдэг. Дөрөвдүгээр ангиас Балжинням багш дааж авч долоодугаар анги төгсгөж байлаа.

Нэгээс гуравдугаар ангидаа нэг багшаар заалгаж байгаад дунд ангид олон багш хичээл ороод эхэлсэн нь тухайн үед бидэнд бас нэг томоохон өөрчлөлт болсон санагддаг. Ер нь манай Нөмрөгийн 10 жилийн сургуульд хамаг л сайн, сайхан, эрдэм номтой, мэдлэг боловсролтой хүмүүс хичээл зааж ирсэн.

Би 1967 онд долоодугаар анги төгссөн жилээ хотын багшийн сургуульд хуваарилагдаж очоод гурван жил сурсан. Одоо бодоход аравдугаар анги төгссөн хүүхдүүд ирж байна гэсэн үг. Төгсөж ирээд сургуульдаа нэгдүгээр анги дааж авсан л даа. Тухайн үед манай сургууль хамгийн олон сурагч, 70 гаруй багш, ажилчинтай байлаа. Нэг анги 30 гаруй сурагчтай. Заримдаа гурван бүлгээр хичээллэнэ. Дунд ангидаа арын сумын хүүхдүүд манайх руу ирж сурдаг тийм л өнөр олуулаа байлаа.

Би 1970 онд бага ангийн багш мэргэжил эзэмшин, сургуулиа төгсөөд төрөлх сургуульдаа ирж ажил амьдралын гараагаа эхэлсэн. Эрдэм ном заалгаж байсан багш нартайгаа мөр зэрэгцээд ажиллахаар зарим үед айна, мэдэхгүй зүйлээ асууна. Шинээр төгсөж ирсэн багшийг ахмад багшид хуваарилж өгөөд дагалдуулж сургадаг. Би ч Даваасамбуу багш дээр хуваарилагдаж их ч зүйл сурч мэдсэн дээ. Ингэж л жилээс жилд туршлагажиж, багшилж ирсэн. Багш бол энэ хорвоогийн хамгийн сайхан мэргэжил. Бидний үеийн багш нар нэгнээсээ суралцдаг, хамтдаа хөгждөг, хоорондоо эв найрамдалтай гэж жигтэйхэн. Тийм л нандин, сайхан дурсамж сэтгэлд тод бууж байна.

-Тухайн үед багш нарыг сургаж хөгжүүлэх, мэргэшилж дээшлүүлэхэд хэр анхаардаг байсан бэ?

- Биднийг таван жил болоод өөр газар руу явуулж нэг сар хичээл заалгана. Туршлага судалж, мэргэжил дээшлүүлж буй хэлбэр юм уу даа. Өөр аймаг суманд 30 хоног ажиллаж амьдарч хичээлээ заачихаад шалгалтаа өгөөд эргээд сургуульдаа ирнэ. Би Говь-Алтай, Улаанбаатар, Архангайн багшийн сургуульд очиж багшилж байсан. Тал талаас цугларсан багш нар өөр хоорондоо туршлага судалж танилцана. Очсон газраасаа шинэлэг зүйлс сурч ирж анги танхим, сургууль дээрээ хэрэгжүүлнэ.

Г.Чулуунбат багш 1981 онд гуравдугаар анги төгсөж буй шавь нартайгаа.

-Та ямар арга барилаар ангиа удирддаг байв. Олон ч анги төгсгөсөн байх. Ангийнхантайгаа холбоотой ямар дурсамж тод санагдаж байна вэ?

- Би 1-3 дугаар ангийг зургаан удаа төгсгөсөн. Тухайн үед ясли, цэцэрлэг байгаагүй учраас шууд эцэг, эхийнхээ гар дээр хүмүүжсэн хүүхдүүд сургуульд орж ирнэ. Ёстой л үзэг дэвтэр барихаас эхлээд хичээл номтой нөхөрлөх ямар ч зүг чиггүй хүүхдүүд хүлээж авна. Үсэг таниулж, тоо бодуулахаас эхлээд амар байгаагүй л дээ. Нэгдүгээр ангийнхныг нэг эгнээнд жагсааж байгаад дөрөв тоолуулаад л дөрвөн багшид хуваарилаад өгчихнө. Түүнээс одоогийнх шиг хэн нь хэн багшийн ангид орох вэ гэдэг яриа хөөрөө гарахгүй. Нүдэн дээр нь дөрвөн тийш нь хуваарилчихдаг байсан нь илүү амар юм шиг санагддаг.

Нэгдүгээр ангийн багшийн үүрэг бол хүүхдэд үсэг нүдлүүлэх, уншуулж, бичүүлж бодуулж сургахаас гадна зөв, тохитой томоотой суулгаж сургах нь хамгийн чухал. Мөн анхнаас нь гэрийн даалгавар хийлгээд хэвшүүлчих юм бол энэ дадал хэвшил хүүхдийн сурлага хүмүүжилд маш үр дүнтэй. Хүүхэд нэг л үсэг нүдлэхгүй хоцрох юм бол сурлага муудна. Тиймээс хүүхэд бүртэй тулж ажиллахаас аргагүй. Сургууль олон хүүхэдтэй, ээлжээр ордог. Анги танхим хүрэлцээ тааруу байсан учраас гэртээ авчирч байгаад хичээл давтуулдаг байлаа. Өглөөнөөс орой болтол хичээлээ заачихаад тараад 2-3 хүүхэд дагуулаад харина даа. Хэд хэдээр нь ээлжилж аваачаад үсгийг нь нүдлүүлэх гэж байгаа ухаантай.

Манай ангид даалгавар хийхгүй ирдэг сурагч байгаагүй. Даалгавраа хийхгүй ирвэл хоёр удаа хичээлийн дараа суулгаад л сурчихна. Багшилж байхдаа баримталдаг миний арга барил бол хүүхдийг хичээлээс нь хоцрогдуулахгүй байх юм сан л гэж боддог байлаа. Гэхдээ үргэлж хичээлээр шахаад байхгүй. Сурагчдын дунд уралдаан тэмцээн, сурлага хүмүүжлийн ажлыг тогтмол явуулна.

Бага ангийн багш хүүхдэд суурь хүмүүжлийг нь олгож өгдөг маш чухал үүрэгтэй хүмүүс. Зөвхөн багшлах биш бусадтай эвтэй байх, хичээл номондоо эхнээс нь нягт нямбай хандах, сууж сурах гээд олон талын л хүмүүжил төлөвшлийг олгоно.

-Таны шавь нар чихнээс хэр их хонх уядаг байв. Дүрсгүй хүүхдүүд байв уу?

- Манай ангийнхан сахилга бат, сурлага маш сайн. Ер нь тэр үеийн хүүхдүүд сургууль дээр хичээлээс өөр зүйл хийхгүй. Хичээл дээр босож явж үймүүлэхгүй, яг л хичээлдээ анхаардаг. Дэвтэр номоо бүрэн авчирч бүрэн хэмжээнд хичээлдээ сууж ойлгодог. Одоогийнх шиг гар утас янз бүрийн сатаарах зүйл байсан биш. Мөн хичээл тасална гэдэг ойлголт бараг байгаагүй.Гэрийн даалгаврыг ягштал хийнэ. Тийм учраас сурлага сайтай байгаа хэрэг. Ер нь сурлага, хүмүүжил хоёр нягт холбоотой. Сургуулиас ангиудыг хооронд нь оноогоор уралдуулж дүгнэнэ.

Өнөөдөр нэг хүүхэд монгол хэлний хичээл тасаллаа гэхэд ангийнх нь онооноос хасагдана. Даалгавар хийгээгүй бол бас оноог нь хасна. Хүүхдүүд ангийнхаа онооноос хасуулахгүйн тулд даалгавараа сайн хийнэ, хичээл таслахгүй. Тохитой томоотой сууж хичээлдээ анхаардаг болохоор бүгд нэгэн жигд сурлага сайтай. Нөмрөг сумын сургууль сурлагаараа аймаг төдийгүй улсад тэргүүлж ирсэн. Их ч сайхан эрдэм мэдлэгтэй багш нар хичээл зааж тэр хэрээр манай сургуулиас салбар салбарын алдартай хүмүүс их төрөн гарсан. Манай шавь нар бүгд л эх орныхоо өнцөг булан бүрд амжилттай сайхан ажиллаж, салбар салбартаа тэргүүлж байгааг харах бахархалтай байдаг.

Харин нэг зүйл санаанд орж байгаа нь нэгдүгээр ангийнхан ихэнхдээ сургуулийн байранд амьдарна. Жаахан хүүхдүүд гэрээ санаад заримдаа хөдөө явчихна. Тэгэхээр сургуулиас “Хүүхдээ олж ир” гээд багшаас нь нэхнэ. Манай ангийн сурагч хөдөө гэр лүүгээ явчихаад араас нь очиж авчрах гээд трактороор явж байлаа. Одоогийнхтой адилхан холбоо барих утас байсан биш. Унаа тэрэг ч ховор. Сургуулиас хүүхдээ олж ир гээд нэхээд байдаг. Тэгээд өвлийн хүйтэнд тракторын толгой гуйж аваад гэрээс нь очиж авчирч байсан хөгтэй дурсамж бий.

-Одоо цаг үе өөрчлөгдөх хэрээр хүүхдүүдийн харилцаа, хандлага ч их өөр болж байна. Зарим үед шүүмжилмээр зүйл ажиглагддаг уу?

-Сурагчид багш нараасаа эмээдэг. Эцэг эхчүүд нь багш нарыг их хүндэлдэг тийм л сайхан үе байсан. Гэтэл одоо багшийг үл тоодог, эцэг эхчүүд хүүхдээ өмөөрөх хандлага хааяа ажиглагдах юм. Багш ороод ирчихсэн байхад гар утсаа үзээд сууж байна шүү дээ. Оногдсон цаг үед хичээлдээ сайн анхаараад авчих юм бол хүүхдийн хичээл сурлага хоцрогдохгүй. Энэ мэтээр бага, багаар шүүмжилмээр илүү үглэмээр зүйл байх л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)