Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ажиллахаар СЕХ-нд бүртгүүлсэн байдаг.  Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. Гадаадын ажиглагч нар сонгуулийн үйл явцын дүгнэлтээс тоймлон хүргэж байна.

 

Элчин сайд Женнифер Браш: Эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн ч хангалтгүй

 

-УИХ-ын сонгуулийн зохион байгуулалт сайн байсан ч өрсөлдөөний талбар тэгш бус байсан өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Хууль эрх зүйн орчин нь ардчилсан сонгуулийг зохион байгуулахад хангалттай байсан ч цаашид хүний эрх, эрх чөлөөний талаар олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна. Сонгуулийн байгууллага олон нийтийн итгэлийг хүлээсэн. Мэргэжлийн түвшинд ажилласан. Богино хугацаанд үргэлжилсэн компанит ажил нь тогтсон намуудыг дэмжсэн байдлаар явлаа. Ажиглагчид 18 улсын ажиглагч мөн 151 богино хугацааны ажиглагчтай ажиллалаа. Сурталчилгааны санхүүжилт, хэвлэл мэдээллийн мониторинг хийлээ.  Парламентын эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж, 13-аас 25 болж нэмэгдлээ. Гэхдээ жендерийн тэгш байдлыг хангахад хангалтгүй байна. Намын хорооны дарга амиа алдсан нь цочирдом хэрэг байлаа. 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь шинээр байгуулсан намуудад нэр дэвших боломж олдсон. Гэхдээ ардчилсан институцын хувьд хангалтгүй байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахыг бүх тал баталгаатай гэж үзсэн ч зарим нэр дэвшигч санал өгөх эрхээ эдэлж чадсан эсэх нь эргэлзээ төрүүлсэн. Тухайлбал, уурхайн ажилчдын сонгох эрх зөрчилтэй байлаа гэв.

 

Эрх баригч нам давуу эрхтэй өрсөлдлөө

 

Нэр дэвшигчид ерөнхийдөө сонгуулийн сурталчилгаагаа чөлөөтэй явуулах боломжтой байсан ч шинэ жил эхлэхээс өмнөх цалингийн нэмэгдэл, нийгмийн тэтгэмжийн нэмэгдэл нь  өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлсэн нөхцөл байдал бий болгож, эрх баригч намд тэгш бус давуу байдал олгосон гэж олон улсын ажиглагчид дүгнэжээ.  УИХ-ын сонгууль ерөнхийдөө зохион байгуулалт сайтай байсан боловч тэнцвэртэй өрсөлдөөний талбар байхгүй, эрх баригч намд илт давуу байдал үүсгэж байсан” гэж Элчин сайд Женнифер Браш  мэдэгдсэн байна.

 

Сонгуулийн хууль...

 

Шинэ сонгуулийн хууль нь Их хурлын гишүүдийн тоог нэмж, улс төрийн олон ургалч үзэлтэй, олон эмэгтэйчүүдтэй болгосон тул цаашид парламентын шинэ бүрэлдэхүүн нь дордсон байсан үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах асуудлууд дээр анхаарч ажиллана гэж найдаж байна. Энэ удаагийн сонгуулиар улс төрийн намуудаас сонгох олон хувилбар байсан хэдий ч тогтсон намуудын хувьд богино хугацаанд улс орон даяар биечлэн сурталчилгаа явуулах бололцоо нь  давуу байлаа.  Үүний зэрэгцээ нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын бодлогын баримт бичигтэй уялдуулах шаардлага хуульд заасан нь үзэл бодлоо илэрхийлэх болон эрх чөлөөг хязгаарлаж байна. Мөн сонгуулийн компанит ажлын үеэр аймгийн намын дарга амь насаа алдсан хүчирхийллийн хэрэг гарсан энэ хэрэг дээр одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

 

Нэр дэвшигчийн эрхийг хязгаарласан заалтууд

 

Санхүүгийн болон эрх зүйн нөхцөл гэх мэт нэр дэвших эрхийг ихээхэн хязгаарласан хэд хэдэн хязгаарлалт хуульд тусгажээ. Улс төрийн нам, эвслүүд сонгуульд оролцох сонирхлоо сонгуулийн өдрөөс 60-аас доошгүй өдрийн өмнө СЕХ-нд мэдэгдэх ёстой төдийгүй, Үндэсний Аудитын газраас мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын хөтөлбөр, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж буй талаар баталгаа авах ёстой. Зургаадугаар сарын 10-ны өдөр СЕХ энэ сонгуулийн аль аль өрсөлдөөнд 19 нам, хоёр эвсэл 42 бие даагчид нийт 1336 нэр дэвшигчийг бүртгэсэн талаар мэдээлсэн. СЕХ нэр дэвшигчдийн бүртгэлийг журмын дагуу явуулж, ирүүлсэн материалыг засаж, залруулах боломжоор хангасан хэдий ч нэр дэвшихийг хязгаарласан хэд хэдэн шаардлага болон сонгогдох эрхэд хамаарах хэт өндөр шаардлага нь саналын хуудасны тэгш хамруулсан байдалд эргэлзээ төрүүлэв.  Ерөнхийдөө өрсөлдөгчид чөлөөтэй, хөндлөнгийн оролцоогүйгээр кампанит ажлаа явуулсан хэдий ч, кампанит ажил тоглох тэгш бололцоогоор дутагдаж байв.  Сонгуулийн кампанит ажлын 17 хоногийн богинохон хугацаанд хэт томсгосон тойрогт сонгогчдод хүрсэн сурталчилгаа хийхэд хэдийнээ бэхэжсэн улс төрийн намууд илэрхий давуу талтай байсан бол жижиг улс төрийн намууд сурталчилгаандаа сайн дурын ажилчид, нийгмийн сүлжээг голдуу ашиглалаа.

 

СЕХ мэргэжлийн, ил тод ажилласан

 

Сонгуульд 2.2 сая иргэн оролцохоор бүртгүүлжээ. Сонгуулийн Ерөнхий  Хороо мэргэжлийн өндөр түвшинд ил тод ажиллаж, сонгуульд оролцогч талуудын итгэлийг хүлээн сонгуулийн өмнө сонгогчдод зориулсан мэдээлэл сурталчилгааг цогцоор нь явуулсан. Сонгуулийн өдөр орон даяар тайван байлаа. Сонгуулийн ажиглагчдын хувьд санал хураах үйл явцыг даган ажиглаж, эерэг дүгнэлт хийсэн боловч сонгуулийн хэсгийн хороодын зохион байгуулалт , хүн амын хэт ачааллаас шалтгаалсан нь санал хураах үйл явцад сөргөөр нөлөөлж зарим тохиолдолд санал хураалтын нууцлалыг  алдагдуулсан байна.

 

Залуучуудын оролцоо сул байлаа

 

Европын холбооны төлөөлөгчдийн тэргүүн Томаш Здеховски “Сонгуулийн өдөр нь тайван, баяр ёслолын байдалтай өнгөрсөн ба бидний ажиглалт хийсэн санал хураах байрны хэсгийн хороодын гишүүдийн ажил хэрэгч байдал, мэргэжлийн ур чадвар биднийг гайхшируулсан ба тэдгээр гишүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүд ажиллаж байсан юм. Мөн өндөр настай сонгогчид санал өгөх үүргээ илүүтэй биелүүлж харин залуучуудын хувьд энэ тал дээр сул байгааг тэмдэглэв. Энэ улсын ирээдүй тэдний гарт байгаа бөгөөд эдгээр хүмүүст улс төрийн хүрээнийхэн хүрч ажиллах шаардлагатай байгааг харуулж байна. Ерөнхийдөө Монгол Улсын сонгуульд ашигласан технологийн дэвшлүүд санал хураалтын үйл явцыг ил тод, үр дүнтэй явуулахад хувь нэмэр оруулж байна гэлээ.  Мөн Монгол Улс хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон талт мэдээллээр хангагдаж сонгуулийн тухай мэдээлэл өргөн хүрээтэй байсан ч гүн гүнзгий мэдээ сурвалжилга, аналитик мэдээлэл дутмаг байгаагаас сонгогчдын сонголт хийх чадвар суларсан.

 

Улс төрийн намын тухай хуульд зөрчилтэй заалт олон байна

 

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгохоор заасан зэрэг хэд хэдэн өөрчлөлтүүдийг тусгасан байна. Хуулиар намын удирдах байгууллагууд, бодлого, үйл ажиллагаандаа хүйсийн болон нийгмийн олон бүлгийн төлөөллийг оролцуулах шаардлага тавьж байна. Мөн Сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй нэр дэвшигчдийн тоонд санхүүгийн урамшуулал олгохоор хуульчилсан нь сайшаалтай боловч улс төрийн намын бүтэц, дотоод зохион байгуулалтыг хэтэрхий нарийн зохицуулсан, мөн намын гишүүнчлэлд хязгаарлалт тавьсан байгаа нь олон улсын стандартад төдийлөн нийцэхгүй, эвлэлдэн нэгдэх боломжийг хязгаарлаж байна.  Түүнчлэн уг хуульд Улсын Дээд Шүүхээс улс төрийн намыг бүртгэхээс татгалзсан тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх журмыг тусгаагүй байна.

 

Сонгуулийн сурталчилгааны зардал

 

Сонгуулийн сурталчилгааг иргэн, хуулийн этгээдээс авсан хандив болон нам, нэр дэвшигчийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой. ҮАГ-т бүртгэлтэй банкны дансаар бүх гүйлгээг хийх ёстой.  Иргэнээс өгөх хандивын хэмжээ арван сая төгрөгөөр хуулийн этгээдийн хувьд гучин сая төгрөгөөр хязгаарлагдана. Нэг сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэний нэр, хоёр сая төгрөгөөс дээш хандив өгсөн хуулийн этгээдийн нэрийг ҮАГ нийтлэх үүрэгтэй. Мөнгөн бус хандивын үнэлгээг зах зээлийн дундаж ханшийг үндэслэн тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна. Хуулиар хандив өгөхийг хориглосон этгээдийг жагсаасан. Хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив авсан тохиолдолд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болно. Гэхдээ энэ арга хэмжээг зөвхөн санал авах өдрөөс өмнө авах боломжтой ба зөрчил үүссэн даруйд илрүүлээгүй бол үр нөлөө нь буурдаг. ҮАГ нь сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг хянадаг ба сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг СЕХ-ны баталсан аргачлалаар сонгуулийн тойргийн хэмжээ, байршил, түүнчлэн өрх болон сонгогчдын тоог харгалзан тогтоодог. Энэ удаагийн сонгуулиар нам болон эвсэл нь 6.4 тэрбум төгрөг зарцуулах боломжтой байна. Сонгуулийн тойргоос хамаарч нэр дэвшигчид 0.9-1.5 тэрбум төгрөг зарцуулах боломжтой байна. Олон улсын Сонгууль ажиглах хороо Зардлын дээд хэмжээ өндөр байгаа нь хангалттай эх үүсвэртэй, байгуулагдаад удсан намуудад давуу байдал бий болгож байна гэж үзсэн. Хэдий Сонгууль ажиглах хороо ҮАГ-т сонгуулийн сурталчилгааны санхүүжилт болон зарцуулалтад бие даан болон бусад байгууллагуудтай хамтран хяналт тавих эрхийг олгосон боловч Үндэсний аудитын газар  нь баримт мэдээлэл хайх, хяналт тавих ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй байна. Үр дүнтэй хяналтын механизм байхгүй байгаа нь хуулийн зохицуулалтын үр нөлөө болон намуудын хариуцлагатай байдлыг бууруулсан байна гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 130 (7374)