Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүн өчигдөр тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. 

Тангараг өргөхийн өмнө СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран шинэ парламент дахь гишүүдийн мэргэжлийг танилцуулсан.

УИХ-д инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогджээ. 

 

У.Хүрэлсүх: Өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч энэ танхимд суух учиргүй шүү

Анхдугаар хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдэд хандаж үг хэллээ.  Тэрээр "Энэ зуун бол монголчууд бидний хувьд ардчилсан төр улсаа улам хөгжүүлж, их бүтээн байгуулалт, эдийн засгийн аюулгүй байдлаа ханган бэхжүүлэх учиртай.  Улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн үндэс болсон байгаль орчин, үндэсний үйлдвэрлэл, стратегийн ордуудад онцгой анхаарч, хүнс, эрчим хүч, нефть шатахуунаар дотоодын хэрэгцээг хангах, аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  Ялангуяа хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийн цогцолборуудыг ашиглалтад оруулах, дэд бүтэц төмөр зам, транзит тээвэр, хил боомтоо хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын томоохон төслийг шуурхайлан ажиллах хэрэгтэй.  Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг шинэ УИХ, Засгийн газар бодит ажил хэрэг болгох шаардлагатай. Төрийн тэргүүн ард түмний нэрийн өмнөөс та бүхний үйл ажиллагаанд хяналт тавьж, шахаж шаардаж, бодит үр дүн нэхэж ажиллах болно гэдгээ сануулан хэлмээр байна.  Нийгэмд шударга ёсыг тогтоох нь УИХ, Засгийн газрын үндсэн чиглэл, ард иргэдийн итгэл найдвар, та бүхний хүлээх үүрэг даалгавар байх учиртай. Төрд зүтгэж буй хэн боловч төгс мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой. Ард түмний төлөөлөл болсон та бүхэн ёс зүйн дээд манлайллыг ямагт үзүүлж байх ёстой. Ард иргэдийнхээ халуун итгэл, хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдсон та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал иргэдээс уучлалт гуйж нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстой. Төрийн сүлд, ард түмэнд өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү. Иймд энэ удаагийн УИХ ёс зүй сахилга хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс ангид байж сонгогч олныхоо итгэл найдварыг дааж нэр төртэй ажиллахыг Төрийн тэргүүн онцгойлон сануулж байна.  Хууль хяналтын байгууллагын удирдлага ч гэсэн хуульд захирагдан бурууд нүд хурц байж, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмтэй нэгэнд ял завшиж болохгүй гэдгийг дахин анхааруулж хэлье.  Сонгуулийн үе шиг намчирхан талцаж, хий хоосон улс төржихгүйгээр эвийг эрхэмлэн, зөвийг дэмжин эвлэн нийлж, эх орон ард түмнийхээ төлөө итгэл дааж, сэтгэл гаргаж, хичээн зүтгэвэл зохилтой. Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой. Аюулгүй байдал, гадаад харилцааг улс төржүүлж болохгүй. Улсын аюулгүй байдал, гадаад бодлого гэж байхаас УИХ-ын гишүүний бие даасан байдал гэж огт байхгүй гэдгийг сайн бодож байх хэрэгтэй” гэлээ.

 

Анхны хуралдааныг Д.Рэгдэл удирдав

Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын даргыг томилох хүртэл хамгийн өндөр настай нь УИХ-ын чуулганыг удирддаг. Энэ удаагийн шинээр бүрэлдсэн 126 гишүүний хамгийн өндөр настай нь МАН-аас жагсаалтаар сонгогдсон Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Рэгдэл юм.  Дүгэрийн Рэгдэл нь 1951 онд төрсөн. Тэрээр 73 настай, парламентын хамгийн ахмад юм.  Тэрээр хуулийн дагуу  анхдугаар хуралдааныг удирдан явууллаа.  Анхдугаар хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар МАН-ын удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг УИХ-аар даргад нэр дэвшүүлснийг танилцуулав.  Санал хураалт явуулахад Х.Баттулга,  Н.Алтанхуяг, Б.Жаргалан нарыг таван гишүүн татгалзаж,  гишүүдийн олонх дэмжлээ.  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шинээр томилогдсон УИХ-ын даргад хандаж үг хэлэв. Тэрээр “УИХ-ын дарга хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орж гадуур эрх мэдэл эдэлдгийг зогсоох ёстой.  Хоёрдугаарт, тусгай хяналтын дэд хороотой холбоотой чиг үүргийг сайжруулахгүй бол Монгол Улсын иргэн рүү халдаж байгаа тагнуул, цагдаа зэрэг олон байгууллагын үйл ажиллагаа гадаад байгууллагын үйл ажиллагаа шиг өрнөдөг болсон байна. Гуравдугаарт, парламентын засаглал бүхий улс оронд ямар ч парламент нь гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож нэг байшинд байдаггүй. Тэгэхээр төрийн ордноос Засгийн газраа гаргана гэдэгт итгэж байна. Дөрөвдүгээрт, эвслийн бус Засгийн газар байгуулах албан бус яриа гарсан. Ийм тохиолдолд парламент суларна. Тавдугаарт, авлигатай тэмцэх үйл явцыг парламент тэргүүлэх шаардлагатай” гэлээ.

 

Шинэ спикер хэрхэн ажиллах бодлогоо танилцуулав

 

Ийнхүү 126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулганы хуралдааны анхны санал УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгов. Шинэхэн сонгогдсон УИХ-ын дарга тамгаа гардаж авсныхаа дараа УИХ-ын гишүүдэд хандаж үг хэллээ.   Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан. Иймд улс төрийн намууд Улсын Их Хуралд суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал салбаруудад цогц реформ, шинэчлэл хийх хариуцлагатай үүрэг та бидэнд ногдож байна. Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана.  Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана. Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно. Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт Та бидний өмнө тавигдаж байна. Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна” гэлээ.

 

АН-ын бүлгийг О.Цогтгэрэл дахин ахална

Энэ удаагийн парламентад АН 42 суудалтай болж, бүлэг байгуулах боломжтой болсон. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, О.Цогтгэрэл нарын нэр яригдаж байсан бөгөөд О.Цогтгэрэлийг томилохоор тохирчээ. Түүний хувьд өмнөх парламентад бүлгийн даргаар ажилласан билээ. Харин эрх баригч МАН-ын бүлгийн дарга хараахан тодроогүй байна.  Энэ тухай  О.Цогтгэрэл тайлбар өгсөн юм.   Мөн тэрээр “Манай намд МАН-аас Хамтарсан Засгийн газарт ажиллах санал ирээгүй. Бид шийдвэр гаргаагүй тул АН хамтарсан Засгийн газарт ажиллана гэдэг ташаа мэдээлэл. Хэрэв санал тавьбал намын эрх бүхий байгууллага хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ асуудалд хувь хүний үзэл бодол хамааралгүй. Олонхийн гаргасан шийдвэрийг дагана. Хувь хүнийхээ хувьд намайг "Засгийн газарт орж ажилла" гэвэл би ажиллахгүй" гэлээ.

Дугаар шилжих мөчид УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар улираан сонгов. Бүлгийн даргад Д.Ганбат, Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын нэрсийг оруулсан. Улмаар Д.Ганбат, Х.Баттулга нар нэрээ татаж, О.Цогтгэрэл Н.Алтанхуяг нар дээр санал хураахад, бүлгийн гишүүдийн олонх нь О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар сонгохыг дэмжсэн юм.

 

Н.Номтойбаяр: МАН дангаараа засгаа байгуулах ёстой

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн.  Тэрээр Тэрээр "Ард иргэд сонголтоо МАН-д өгсөн. МАН дангаараа засгаа байгуулах ёстой гэж үзэж байна. Бидэнд ямар нэгэн хамтрах урилга ирээгүй. Дөрвөн жилийн хугацаа байна, харна. Ямар ч нөхцөлд Үндэсний эвсэл хуулийн зөрчил, элдэв хулгайтай хатуу тэмцэх болно.  Иргэд, сонгогчид Үндэсний эвслийг УИХ-д байх ёстой улс төрийн хүчин гэж үзсэн. Би МАН-аас гурвантаа хөөгдсөн хүн. Дахин тийшээ зүглээд байх сэтгэл алга. Миний өнгөрсөн 12 жилийн улс төр ямар нэгэн байдлаар хувийн эрх ашиг хөөцөлдөж яваагүй гэдгийг нотолдог. Ашиг сонирхлын зөрчил үүсэх санал хураалтад би оролцдоггүй.  Ерөнхийлөгч намын дарга нартай уулзахдаа дотоодод улстөржилтөөс үүсээд буй асуудалд цэг тавихыг хүссэн. Мөн гадаад бодлогыг илэрхийлэгч Ерөнхийлөгч хүний хувьд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Өнгөрсөн улс төрийн он жилүүдэд У.Хүрэлсүх ерөнхийлөгчтэй зарчмын зөрүүтэй байр суурь, үл ойлголцлууд маш их болж байсан” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 130 (7374)