Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонголоо.  Сонгуулийн дүнд, 13 тойргийн 78 мандатаас  МАН 50, АН 26, ХҮН нам хоёр мандат авч чадав. Жагсаалтаас МАН 18, АН 16, ХҮН нам зургаа, "Үндэсний Эвсэл", ИЗНН тус бүр дөрвөн суудалтай болов.  Ийнхүү ес дэх удаагийн парламентын гишүүд өчигдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гарган авлаа.  Харин өнөөдөр анхдугаар чуулганаа хийж тангаргаа өргөнө.  Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  нээж үг хэлэх бол парламентад сонгогдсон хамгийн ахмад гишүүн болох Д.Рэгдэл удирдан явуулна. Ирэх дөрвөн жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх 126 гишүүнтэй парламентын онцлогоос хүргэж байна.

 

32 эмэгтэй гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ

76 гишүүнтэй өмнөх парламент 13 эмэгтэй гишүүнтэй байсан 126 гишүүнтэй энэ удаагийн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдлоо.  Энэ удаагийн сонгуулиар тойргоос найм, жагсаалтаар 24 эмэгтэй УИХ-ын гишүүний болзол хангаад байна.

 

Тав дахь удаагаа сонгогдсон гурван гишүүн байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн нар тав дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдлоо. Сайд С.Бямбацогт  энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 79829 санал авсан нь бусад тойрогт нэр дэвшигчдээс хамгийн их санал авсан нэр дэвшигч боллоо. Харин сайд Ц.Даваасүрэнгийн хувьд тав дахь удаагаа УИХ-д сонгогдсон ч найман мандаттай тойргийн хамгийн сүүлд жагссан юм. Б.Чойжилсүрэн УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт өрсөлдөж, сонгогчдоос 73280 хүний санал авч, ялалт байгуулжээ.

 

Парламентад сонгогдсон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр, Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх З.Мэндсайхан нар сонгуульд өрсөлдөж гишүүн болов. С.Лүндэг, Т.Мөнхсайхан, Ж.Энхбаяр, З.Мэндсайхан нар тойрогт нэр дэвшсэн бол Ч.Лодойравсал, Д.Бум-Очир нар намын жагсаалтаар нэр дэвшсэн юм.

 

Казах үндэстний эмэгтэй төлөөлөл орж ирэв

Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцохдоо үндэстний цөөнхийн төлөөллийг заавал оруулах бодлого баримталсаар ирсэн. Энэхүү зарчмаараа УИХ-ын энэ удаагийн сонгуульд үндэстний цөөнх казах түмний төлөөллийг тодорхой хэмжээнд нэр дэвшүүлсэн. Тэднээс таван хүн УИХ-д сонгогдлоо.  Мөн эмэгтэй төлөөлөл орж ирснээрээ онцлог байв.  Х.Жангабыл, Т.Аубакир, Б.Бейсен  нар нь УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баян-Өлгий аймгаасаа сонгогдсон бол С.Зулпхар МАН-ын жагсаалтын 17, С.Замира нь ИЗНН-ын жагсаалтын дөрвөөр УИХ-д анх удаагаа сонгогдов.

 

Таван аймгийн Засаг дарга сонгогдлоо

Энэ удаагийн парламентад есөн  Засаг дарга буюу таван аймаг, дөрвөн дүүргийн Засаг дарга сонгогдлоо.  Мөн тэд бүгдээрээ УИХ-д анх удаа сонгогдож байгаагаараа онцлог байв.  Тухайлбал,  Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадарсүрэн, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат,  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар сонгогдож УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болж байна.

 

Тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл

Тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл хоёр иргэн сонгогдсон нь Ардчилсан Үндсэн хуульт парламентын түүхэнд анх удаа гэж хэлж болохуйц үйл явдал юм.  Түүний нэг нь МАН-аас жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэн нэр дэвшсэн О.Саранчулуун . Тэрээр "Бүх нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэл, амьдралын чанарыг нь дээшлүүлнэ" уриатай Achilles International Mongolia төрийн бус байгууллагын тэргүүн. Тус байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан марафон зохион байгуулах, гаднын улс орнуудын ижил төрлийн арга хэмжээнд оролцох тамирчдаа дэмжих зэрэг арга хэмжээ явуулдаг байна.   АН-аас жагсаалтын долоодугаарт бичигдэн нэр дэвшсэн Ж.Баясгалан мөн гишүүн боллоо.  2020 онд АН-аас нэр дэвшиж байсан тэрээр энэ удаад жагсаалтаас УИХ-д орж ирлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 129 (7373)