Б.ГАРЬД

 

Ер нь бол энэ удаагийн УИХ-ын сонгуулийн ард хэд хэдэн томоохон эрх ашгийн төлөөх тэмцэл явж байгаа юм. Дан ганц төрийн эрхийн төлөөх өрсөлдөөн биш, уул уурхайн том орд, улстөрчдийн амиа алдсан хэрэг гээд маш том эрх ашгуудыг жагсааж болохоор аж. Гэхдээ тэр “тэмцэл” нь олны нүднээс далд өрнөж байна. Улс төрийн хүрээнийхэн гадарлаад, олон нийт огт мэдэхгүй байгаа том эрх ашгийн нэг нь дээр хэлсэнчлэн улстөрчдийн амиа алдсан хэрэг юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд гэрт нь хөнөөсөн хэрэг гарсан. Мөн 2019 оны тавдугаар сарын 17-нд УИХ-ын гишүүн асан, сайд асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан. Одоог хүртэл “...Тэднийг хэн, яагаад, ямар шалтгаанаар хөнөөсөн бэ” гэдэг нь илрээгүй байгаа юм. Тэгвэл хууль хяналтынхан эдгээр хэргийн мөрөөр орчихсон юм байна. Уг хэргийг үйлдсэн буюу захиалсан, гүйцэтгэсэн этгээдүүд ч илрэхэд тун ойртжээ. Тухайлбал, сар гаруйн өмнө, 2024 оны тавдугаар сарын дундуур ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр мэдээлэл хийж "...Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ сарын эхээр хэргийн эд мөрийн баримтуудад биологийн ул мөр илрүүлэх, ДНХ мэдээллийг тогтоох, тодруулбал, хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх зэрэг дээрээс олдсон 5-6 ДНХ мэдээллийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний лабораторид шинжилжээ. Мөрдөгчид энэ дагуу тухайн үед “тусгай алба”-нд ажиллаж 3-4 этгээдийг саатуулсан байна. Тэднээс байцаалт аваад эхэлжээ. Эндээс, хэргийг хэний захиалгаар үйлдсэн нь ч тогтоогдож буй бололтой. Товчхондоо, С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөх ажиллагаа шувтрах тал руугаа орж байгаа юм байна.

Түүнчлэн дээрх хэргээс 21 жилийн дараа УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан хэрэгт ч тодорхой ахиц гараад эхэлжээ. Хэргийн газраас олдсон хэд хэдэн ДНХ-г Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний лабораторид шинжилж байна. Тэр дундаа, хэрэг явдал болох үед буюу 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд байж, талийгаачтай уулзсан, харилцсан 10 гаруй хүнийг мөрдөгч, прокурорын шийдвэрээр тус лабораторид дуудаж, шинжилгээ авч байгаа юм байна. Гэхдээ энэ шинжилгээний явц түр саатах байдалтай болжээ. Яасан гэхээр, энэ хүрээнд мөрдөгчид дээрх 10 гаруй хүний нэг болох Н.Номтойбаярыг ДНХ шинжилгээнд хамруулах, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар хэд хэдэн удаа дууджээ. Гэсэн ч очилгүй байсаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн байна. Энэ мэтчилэнгээр, УИХ-ын сонгуулийн ард лав улстөрч амиа алдсан хэргүүдтэй холбоотой ноцтой мэдээллүүд яригдаж байна. Эдгээрээс үүдээд эргэлзээ төрүүлсэн олон асуулт тавигдаж байна.

Эх сурвалж: zms.mn