Б.Гарьд

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонгуулиас татагдаж, нэр дэвшигчийн эрхээ хасуулахаар болчих шиг боллоо. "Галт тэрэг" хөдөлсөн байна. Учир нь тэрээр “…Зээл тэглэнэ” хэмээн зарлалаа. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн явдал болов.

Уг хуулийн “…Хууль бус сурталчилгааг хориглох” тухай 48 дугаар зүйлийн 48.1-д “…Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээгээд 48.1.4-т “…Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх”, 48.1.5-д “…Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах”, 48.1.8-д “…Тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах” гэж заасан байдаг. Эдгээр зөрчилд мөн л УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авах учиртай болно.

Энэ талаар уг хуулийн “…Нэр дэвшигчийг хасах” тухай 75 дугаар зүйлийн 75.1-д “…Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, 75.2-т “…Нэр дэвшигч энэ хуулийн 35.3, 38.2, 48.1, 48.5.1, 48.5.2, 56.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, 75.3-т “…Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол түүний нэрийг саналын хуудаст бичихгүй”, 75.4-т “…Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй” гэж заажээ.

Эх сурвалж: polit.mn