УИХ-ын сонгуулийн арвангуравдугаар тойрог буюу Багануур, Багахангай дүүрэг хоёр мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ тойрогт 18 нам, хоёр эвсэл нийт 32 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.  Тойргийн сонголтыг ерөнхийд нь харвал улс төрийн намууд хуучин, танил хүмүүсээ энэ тойрогт илгээжээ. 

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан Багануур, Багахангай дүүрэгт дахин нэр дэвшжээ.  Тэрээр Хотын даргаар ажиллаж байгаад  2020 оны сонгуулиар тус тойрогт нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон.  Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Онцгой байдал эрхэлсэн Шадар сайдаар ажиллаж, Засгийн газрын улаан шугам дээр ажилласан гэхэд болно.

ХҮН намаас тус тойрогт Б.Мөнхдөл нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр зах зээл шинжээч мэргэжилтэй, Сингапурын үндэсний их сургуулийн харьяа Ли Куан Ие-ийн нэрэмжит Төрийн бодлогын сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.  Б.Мөнхдөл энэ удаагийн сонгуульд хууль биш сонгогдсон гишүүдийнхээ эрхшээлд орсон байдлыг халж хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, төрийн алба үйлчилгээний ажлаа хийдэг, бизнесийнхэн бизнесийн зарчмаар ажилладаг болох үзэл баримтлалыг дэвшүүлэн өрсөлдөж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 126 (7370)