Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэхүү түүхэн сонголтыг хийхэд хоёр хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж  байгаа билээ.

 

Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын сонгуулийн арванхоёрдугаар тойрог буюу Хан-Уул дүүрэг гурван мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ тойрогт 16 нам, хоёр эвсэл, нэг бие даагч гээд нийт 49 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.  Тойргийн сонголтыг ерөнхийд нь харвал улс төрийн намууд шинэ, залуу улстөрчдөө арванхоёрдугаарт тойрогт сойжээ.

МАН-аас Л.Нинжжамц Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр УИХ-д эмэгтэйчүүдийн дуу хоолой болж ажиллахаа мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд Л.Нинжжамц Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар ажиллаж байв. Ингэхдээ УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг  сурталчлан таниулах чиглэлд төр иргэний гүүр болсон юм. Мөн олон нийт түүнийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсныг нь мэднэ. Ингэхдээ олон нийтийн статустай, хараат бус үндэсний хэмжээний радио, телевизийн үйл ажиллагааг хөгжүүлж, төгөлдөржүүлэх чиглэлд идэвх санаачилгатай ажилласан гэдэг. Л.Нинжжамц “Даймонд пресс клуб”-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус клубээс  12 жилийн тэртээ “Төрд итгэл даах чанар хэрэгтэй байна” гэсэн үндсэн агуулгатай сэтгүүл гаргаж байжээ. Сэтгүүлдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 89 бүсгүйн хөргийг багтааж байсан бол өдгөө Л.Нинжжамц өөрөө төрд зүтгэхээр нэр дэвшээд байна.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Хан-Уулын тойрогт нэр дэвшжээ.  Хүний их эмч мэргэжилтэй тэрээр  гэмтлийн эмнэлэгт 10 гаруй жил ажиллахдаа Монгол Улсад хийгддэггүй байсан хэд хэдэн мэс заслыг нутагшуулсан гэдэг.  Тиймдээ ч эмч Т.Мөнхсайханы багт Төрийн соёрхол хүртээсэн билээ.   Тэрээр цар тахлын хүнд үед Эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаад хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдон ажилласан байдаг.

АН-аас Хан-уул дүүрэгт Э.Тамир нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр улс төрд шинэ хүн. Харин бизнесийн салбарт хэдийн танигдаж, “Лавай”-г үүсгэн байгуулж, амжилттай удирдаж яваа нэгэн юм.  Түүнчлэн дэлхийд алдартай Японы уул уурхайн тоног төхөөрөмжийг анх удаа Монголдоо импортолсон түүх түүний намтарт байна.  Барилга босгож, зам барьсан гээд жагсаавал түүнд хийсэн бүтээн байгуулалт олон ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 126 (7370)