Т.ӨЭЛҮН
УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшигч Жанын Ганбаатар өнөөдөр /06.24/ “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Түүнийг СЕХ хамгийн эхэнд буюу 2024.06.21- ний 08.04 минутад нэр дэвшигчээр бүртгэн баталгаажуулж, 01 тоот үнэмлэх олгожээ. Бие даан нэр дэвшигчид СЕХ-д холбогдох бичиг баримт бүрдүүлсэн дарааллаараа нэр дэвшигчийн үнэмлэх гардан авч, саналын хуудсанд жагсаагддаг. Гэтэл 2024.06.21-ний 14.00 цагт бүртгүүлсэн нэр дэвшигчийг нэгдүгээрт жагсааж, нэр дэвшигч Ж.Ганбаатарыг 2024.06.24-ний 10.35 цагт бүртгүүлсэн гэж 12 дугаарт жагсаажээ. Үүнийг тэрээр СЕХ хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа юм байна. Тэрээр “Бүртгүүлсэн дарааллаар хуулийн дагуу нэр дэвшигчийг жагсаах ёстой. Энэхүү алдаанаас болж МҮОНРТ-ийн 2024.06.25-ний мэтгэлцээн болон 2024.06.26-ний нэвтрүүлгийн цаг маргаантай байдалд хүрсэн. Иймд миний бие Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn