Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор хүний их эмч, иогийн багш Э.Өлзийжаргалыг урилаа.
-Иог нь амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргаа тайлдаг онцлогтой. Иогийн спортыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Иог нь МЭӨ 5000 жилийн өмнө Энэтхэг улсад үүссэн. Анх хаад ноёд нь иогоор хичээллэдэг байсан гэдэг. Хөгжлийнхөө явцад хатад, бүсгүйчүүд хичээллэх болсон. Иог үүссэн цагаас мөрдөгдөж ирсэн судрууд байдаг. Үүнд иог нь өөрөөрөө дамжуулж өөрийгөө таньж мэдэх аялал гэж тодорхойлсон нь бий. Мөн бие, сэтгэл, ухамсар гурвын нэгдэл гэж үздэг. Тиймээс бие, сэтгэл, ухамсрыг өв тэгш хөгжүүлдэг онцлогтой. Миний хувьд иогийг хөдөлгөөнөөр дамжуулдаг бясалгал гэж үздэг. Хүн дасгалдаа төвлөрч, мэдэрч хийвэл илүү үр дүнтэй. Мөн бие сэтгэлтэйгээ уялдуулж дасгалаа гүйцэтгэх нь чухал.
-Бага насны хүүхдүүд иогоор хичээллэх болжээ. Хүүхдийн биеийн хөгжилд ямар нөлөөтэй вэ?
-Бага наснаасаа иогоор хичээллэх нь олон давуу талтай. Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлнэ. Хүүхэд хоёр наснаасаа эхэлж иогоор хичээллэх боломжтой. Мөн 2-4, 5-7, 8-10, 10-13 насныхан ангилагдаад нэг анги болж хичээллэнэ. Иог нь хүүхдийн биеийн хөгжилд онцгой ач холбогдолтой. Цөм булчингуудыг хөгжүүлдэг. Дасгалууд нь биеийн булчинг жигд болгоно. Зарим хүүхдийн хувьд буруу сууснаас нуруунд өөрчлөлт орсон байдаг. Хөлөө ачиж сууснаас үүдэж биеийн хөгжилд сөрөг үр дагавар гарна. Үүнийг дасгал хөдөлгөөнөөр засах боломжтой. Биеийн жингээ тэнцвэртэй байлгахгүйгээр нэг хөл дээрээ ачаалал өгч зогсох нь булчинг хоёр өөр болгодог. Үүнийг иогоор засах боломжтой. Мөн хоёр талын булчин хөгжинө, биеийн мэдрэх байдал сайжрахаар гэмтэж бэртэхгүй байх нөхцөл бүрддэг гэж ойлгож болно.
-Хүүхдийн нас, биеийн онцлогоос хамаараад дасгал хийх хугацаа харилцан адилгүй байдаг уу?
-Ер дасгалыг 30 минутаас нэг цагийн хугацаатай хийнэ. Бага насныхан анхаарал төвлөрөх чадвар султай, сониуч зантай. 10-аас дээш насныханд 45 минут дасгал орно. Үүнээс дээш насанд нэг цаг байна. Багаасаа иогоор хичээллэх нь амьдралын эерэг дадал болж үлддэг. Мэдээж иогийн сургалт давтамжтай явдаг. Долоо хоногт гурван удаа хичээллэх ч юм уу. Давтамжтай зүйл дадал болж тогтоно. Гурван сар иогоор хичээллэхэд дадал болно. өөрөөр хэлбэл биеийн эд эрхтэн иогийн дасгалыг өгүүлдэг гэсэн үг.
-Багаасаа иогоор хичээллэсэн хүүхэд сэтгэл зүй, оюуны өндөр чадамжтай болох боломжтой юу?
-Оюун ухаан хөгжиж аливааг тогтоох, сэтгэн бодох чадвар сайтай болно. Мөн төсөөлөн бодох чадвар нэмэгддэг гэж үзэх нь бий. Сууж сурах чадварт сургахаас гадна анхаарал төвлөрлийг сайжруулахад тустай. Дархлааны системийг хөгжүүлнэ, бие тайвширч нойр сайтай болно. Тоочоод байвал иогийн тус дуусахгүй их. Нийгмээс хамаараад стресс, түгшүүр томчуудын дунд гэлтгүй хүүхдүүдэд зонхилж байгаа. Үүнийг иог анагаана, өөдрөг үзэлтэй болж байгаа нь ажиглагддаг. Хүүхэд харилцааны ур чадварыг эзэмшихдээ хүний үгийг хүлээцтэй сонсож, талархаж сурна. Тухайлбал, манай сургалтын хүүхдүүд дасгалаа хийгээд дууссаныхаа дараа байгаль дэлхий, ээж аавдаа талархах үг, үйлдэл хийх жишээтэй.
-Иогийн сургалтаар ямар дадал суулгаж, ямар өөрчлөлт өгдөг бол?
-Миний хувьд хүний их эмч мэргэжилтэй учраас хамгийн эхний өдрийн иогийн сургалтаар хүний биеийн анатоми, физиологийг таниулахад чиглэдэг. Харин иогийн талаасаа зөв амьсгалах, суух, алхахад чиглэж сургалтаа орно. Иогоор хичээллэж байгаа цагаа үнэ цэнтэй өнгөрүүлэх нь чухал. Дасгал хийх тэр хугацаандаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Бусад үед ажил, гэртээ байхдаа нуруугаа бөхийлгөхгүй зөв суух, зөв алхах, цүнхээ үүрэхдээ хоёр үүргэвчийг нь мөрөндөө үүрэх гээд олон зүйлийг захиж зөвлөдөг. Иогоор хичээллэхээс бусад үедээ дээрх зүйлүүдийг анхаараад явбал биед өөрчлөлт гарна. Иог бусад спортын төрөлтэй харьцуулахад амьсгалтайгаа уялдуулж дасгалуудаа гүйцэтгэдэг онцлогтой.
-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ ямар зорилготой иогоор хичээллүүлэхээр ирдэг вэ?
-Эцэг эх бүр өөр зорилготой ирдэг. Шилжилтийн насны хүүхдүүдийг ууртай, бухимдалтай болсон гэж иогт явуулдаг. Мөн хүүхдийнхээ амьдралын дадалд нь анхаарч, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхээр ирж байна. Нэгдүгээр ангийн сурагчдыг гэхэд төвлөрүүлж сургах, биеийн хөгжилд нь анхаарч иогт явуулдаг. Нуруу нь өвдөж байгаа хүүхэд хүртэл зорьж ирнэ. Сүүлийн үед хүүхдүүд дэлгэцээс хэт хамааралтай болсон. Үүнийг нь засахын тулд хүүхдээ иогт явуулдаг ээж аавууд ч байна.
-Хүүхдийн нуруу, хүзүү өвдөөд иогоор хичээллээ гэхэд хэдий хугацааны дараа бүрэн эдгэрэх боломжтой вэ?
-Ер нь зовуурь нь багасаад ирдэг. Нурууны хазайлт мурийлттай болсон тохиолдолд дасгалаар зөв байрлалд нь оруулдаг. Хамгийн гол хүүхдийн буруу хэвшлийг засдаг. Хүүхэд хичээлээ хийхдээ нэг тал руугаа хазайж суудаг бол тэдгээр нь засарна. Насанд хүрсэн хүнээс илүү хүүхдийн бие хурдан засардаг. Хүүхдүүд иогийн сургалтад их дуртай ирдэг дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 121 (7365)