С.УЯНГА

 

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш тойргийнхоо 30 гаруй хорооны иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Тэрээр өчигдөр эхний уулзалтаа Монгол Улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж буй үндэсний брэнд болох Ханбогд кашимер компанитай танилцснаар эхлүүлэв. Тус компани туршлагатай мэргэжилтэн, чадварлаг инженерүүдийн хөдөлмөр зүтгэлээр дэлхийд танигдсан шилдэг байгууллага болж өсөн дэвшжээ.

Үргэлжлүүлэн Гүнжийн нүдэн нуурын эрэг дээр СХД-ийн VIII хорооныхонтой уулзлаа. Энэ үеэр иргэд 20 минутын хот эрх зүйн цогц реформыг дэмжиж буйгаа илэрхийлж нэр дэвшигчдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Э.Батшугар “Нийслэл Улаанбаатарыг 14 хотод хуваан бие даан хөгжүүлэхээр болсны нэг нь Сонгинохайрхан, Толгойт, Баянхошуу хот юм. Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтооно. Хотын иргэд оршин суугаа газраасаа 20 минутад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээвэр зэрэг төрийн үйлчилгээг авах боломж бүрдэнэ” гэдгийг онцолсон юм. Мөн тэрээр “Иргэд, сонгогчдын уулзалтад залуучуудын идэвх өндөр байна. Тэд санал бодлоо нээлттэй, идэвхтэй илэрхийлж байна. Ардчилсан чөлөөт нийгэмд өсөн торниж буй шинэ үеийнхний идэвх оролцоо үнэ цэнтэй бөгөөд тэдгээрийн саналыг сонсож хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Миний бие Социал демократ Монголын Залуучуудын холбоо /SDY/-ны Дэд ерөнхийлөгч, залуу хүний хувиар шинэ үеийнхний дуу хоолой байх болно” гэлээ.

Э.Батшугарын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдаас бүрдсэн “Оюунлаг ирээдүй” нэгдэл  байгуулагдаж, нэгдсэн чуулганаа хийжээ. Тус клуб  сургууль бүрд байгуулагдаж, сурагчдад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг бөгөөд  Үндсэн зорилтуудаа тодорхойлохын тулд сурагчид багт хуваагдан олон санал санаачилга гаргаж хэлэлцүүлжээ. Тухайлбал, сургуулийн эргэн тойрны аюулгүй байдал, ногоон байгууламжийг сайжруулах, эх дэлхийдээ ээлтэй иргэн болох, үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох. Мөн цахим эриний чадварлаг иргэнийг бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дүүрэг болох зэрэг олон чухал саналыг сурагчид гаргаж, үр дүнд хүрэх бодит аян, ажлуудыг өрнүүлж байгааг  “Оюунлаг ирээдүй” клубын сурагчид хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 121 (7365)