Р.ОЮУН

“Үндэсний жигүүр” хөдөлгөөнөөс Л.Гантөмөр АН-ыг эрх баригчдад худалдаж байгааг эсэргүүцэж байгаа талаараа “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэд “2024 оны ээлжит УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад хэдхэн хоног үлдлээ. Энэ өдрүүдэд бидэнд хүнд гарз тохиосон ч бид шударга ёс, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглалыг шаардан тэмцэлдсээр байна. Харин АН-ын удирдлага эрх баригч намтай энэ бүхний нуун дарагдуулж хувийн эрх ашигтаа ашиглаж, хамтран ажиллахаар хуйвалдсанд их харамсаж байна. АН-ын “Үндэсний жигүүр” хөдөлгөөн удаа дараа намын дарга Л.Гантөмөрийн улс төрийн болчимгүй үйлдлүүдийг анхааруулсаар ирсэн. Л.Гантөмөр улс төрийн тэмцлийн эрх зориггүй, Боловсролын зээлийн сангийн хэрэгт холбогдож, эрх баригч намын эрх ашигт удаа дараа үйлчилсээр ирсэн нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Мөн 2024 оны зургадугаар сарын 16-ны өдөр эрх баригч намын даргатай ямар нэгэн тэмдэглэл, протоколгүй хаалттай уулзаж хамтарсан засгийн газар байгуулахаар тохиролцсон гэх мэдээлэл байна. АН бол зоригтнуудын нам, зориггүй Л.Гантөмөр нэрээ жагсаалтаас татах ёстой. Улс төрийн энэ тэмцэлд гишүүд та бүхний нэгдэж, АН-аа сэргээж, сонгогч иргэдийнхээ талд хатуу бат зогсохыг уриалж байна” гэлээ.

Эх сурвалж www.polit.mn