Б.АЛТАНГЭРЭЛ

 

Ястан бүрийн хайрлан хамгаалах ёстой үнэт өв яах аргагүй ёс заншил, аман аялга, ахуй байдал, урлаг соёл билээ. Ялангуяа үндэсний цөөнх гэгддэг цаатан, казах, буриад түмний төрөлх хэл аялга жилээс жилд мартагдаж, үүнийг тээгч азай буурлууд ч өдөр хоногоор цөөрсөөр байна. Энэ удаа төрөлх хэл, аялгаар ялгаварлан гадуурхах, дооглодог хандлагыг “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булангаар хүргэж байна. 

“Нарыч” гэхэд юу гэнэ ээ гээд ойлгохгүй, шоолох. Чи Увсынх юм уу? Увсаараа яриач гэж төрөлх аялгаар нь олон нийтийн дунд тохуурхах, сошиал орчинд маазрах хандлага олон. Хошин шогийнхон олон ястан амьдардаг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн хүмүүсийн үг яриаг элэглэсэн, доромжилсон агуулгатай контент түгээж байгаа нь сэтгэл эмзэглэх асуудал юм. Энэ бол соёлын үнэт биет бус өвийг шахан гаргах, ичмээр зүйл гэж олон нийтэд ойлгуулахад маш том үүрэг гүйцэтгэж байгааг хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид ярих болсон.

 

Язгуурын монгол хэл бичгээ өвлөн үлдсэн гэдгээрээ бахархдаг

 

Түүх соёл, хэл бичиг судлалын "Тод Номын Гэрэл Төв" ТББ  удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат-Амгалан “1990 онд оюутан болоход л "дөрвөд хэлээрээ" нэг хэлээч гээд ангийнхан найзархан "шалж эхэлсэн" дээ. Тэгэхэд "би, бид хэн юм бэ?" бидний хэл аялга яагаад "хазгай" монгол хэлэнд тооцогдов, биднийг яагаад "бага ястан" гэдэг юм бол хэмээн, гайхширч, сонирхсоноор түүх соёл, хэл бичиг судлалыг шамдан судлах болсон. Хожим нь, дэлхийд цацсан шагай мэт тархан суурьшсан ахан дүүстэйгээ уулзаж, ярилцаж үзээд, далай их монгол хэлний баялаг санг мэдэрч, таньж, бишрээд “Бид бага ястан биш, хазгай хэлтэй” биш. Харин язгуурын монгол хэл бичгээ өвлөн үлдсэн гэдгээрээ бахархан, "хазгай биш" зөв монгол хэлээрээ бахархалтайяа ярьдаг болсон. Аялга бол яс, цусанд нь байдаг үндэсний өв соёл юм.

XIII зууны монголчууд одоогийн Ойрад аялгаар ярьдаг байсан гэдэг. Одоо л эртний язгуурын монгол хэл халх аялгад шахагдаад байгаа юм. Хэрэв дөрвөн сая өмнөд Монгол, Буриад, Тува, Халимаг ороод ирвэл халх аялга жоохон болно. Өмнөд Монгол баруун талын Тод Монгол бичигтэй дөрвөн ойрадын Баяннуур аймгаас зүүн талын Барга Монгол хүртлээ түмэн янзын солонгорсон гоё хэлээр ярьдаг. Ойлгохгүй үед тэднийг холбодог гол зүйл нь Монгол бичиг байсан. Монгол бичиг Ц, Ч болон Ж, З-г нэг янзаар бичиж эрх чөлөөнд нь тааруулж унших эрх олгосон байдаг ухаалаг бичиг. Хэл аялгаараа талцах асуудал огт байх ёсгүй. Бүгд нэг монголчууд юм. Угсаатан хэлээ хадгалахгүй байна гэдэг нь Монгол үндэстний дархлаа алдагдаж байна гэсэн үг. Тиймээс Монгол үндэстнүүд өөрийнхөө эх хэлийг хамгаалж, аль болох олон хүн хэлээ эзэмших ёстой” гэв.

 

Хэл соёл бол дэлхийд бидний ондоошлыг харуулах хамгийн үнэтэй өв

 

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын тайгад 100 гаруй хүн л духа аялгаар ярьдаг аж. Хөвчийн тайгад төрж, өссөн О.Номин үндэсний духа хэлээ ээж, ааваараа заалгаснаас гадна, эх хэлнийхээ дархлаанд үргэлж санаа зовниж, духа хэлээ түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа  хэрсүү охин.

Тэрээр "Духа хэлээ хайрлан хамгаалах нь цаатан залуус бидний үүрэг гэж бодож байна. Бидний эх хэл бүү устаж, үгүй болоосой. Хэл соёл бол дэлхийд бидний ондоошлыг харуулах хамгийн үнэтэй өв юм. Өдгөө тайгадаа амьдарч буй цаатангууд бүгд ойролцоох сумандаа дунд боловсрол эзэмшдэг учир монгол хэлээр хоорондоо чөлөөтэй ярьж, залуус нь духа хэлээ ховор ашиглаж байна. Духа хэлийг харж байхад казах хэлтэй төстэй санагддаг. Тоо нь адилхан хэллэгтэй байдаг юм. Манай буурлууд хоорондоо ихэвчлэн духа хэлээрээ хуучны дурсамж, залуу насныхаа тухай ярьж байгаа нь надад сайхан санагддаг. Манай цаатан залуус ч ялгаагүй духа хэлээрээ ярих чин хүсэлтэй байдаг. Тиймээс ахмадуудынхаа энэ хэлээрээ ярьж байгааг хараад бахархах сэтгэл төрдөг. Тиймээс настайчуудаасаа залуус бидний дэргэд үргэлж духа хэлээрээ ярьж байгаасай гэж хүсдэг” тухай өмнө нь манай сонинд нийтлэгдэж байсан билээ.

Хэл шинжлэлийн доктор Б.Цэрэндулам “Монголын буриадуудын хэл халх аялгуундаа ууссан нь элбэг. Нийслэл хот руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаа нь буриад аялгууд мартагдаж, уусах нөхцөл болж байна. Цаашлаад буриад хэл аялгуу нь өөрийн өвөрмөц байдлаа алдаж, нутаг нутгийн аялгатай нийлж байгаа нь үгийн сан, хэл зүйн түвшинд өөрчлөлт орох аюулд аваачихыг үгүйсгэхгүй. Бид чинь  хорчин, үзэмчин, цахар, халх, дөрвөд, торгууд гээд олон аялгатай, хэлний баялаг түүхтэй ард түмэн. Эдгээрийг төрийн бодлогоор хамгаалж, авч үлдэх нь чухал” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 120 (7364)