УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жаргалант суманд ажиллан, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийг танилцууллаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдсан парламент эрх зүй, авлига, эдийн засгийн гэх мэт 10 шинэчлэлт, 100 өөрчлөлтийг хийсэн. Тухайлбал, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, түүний дагуу энэ удаагийн сонгууль бүсчилсэн хөгжлийн хүрээнд 126 гишүүнийг анх удаа сонгох гэж байна. Мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталснаар УИХ-аас олон удаагийн нээлттэй сонсголуудыг зохион байгуулж иргэдийн мэдэх эрхийг хангаж байгааг уулзалтын үеэр сум, орон нутгийн иргэд сайшаан хэлж байгаа юм. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын иргэд байгалийн баялагтаа эзэн нь байх боломж бүрдэн, 16 ордоос хувь хишиг хүртэх боломж бүрдсэн билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр “Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг бие биеэсээ 200 км-ийн зайд оршдог ч энэ гурван аймаг нь "Тэгш хэмт Алтан гурвалжин"-г бүтээж байгаа. Алтан нутгаа ухаж биш, ажил хөдөлмөрөөр ирээдүйгээ тэтгэж, ногоон байгаль, цагаан алтаараа, эрдэм мэдлэг, авьяас оюунаараа хангайн бүсийн гурван аймаг хөгжин цэцэглэх сайхан ирээдүй бий. Үүний төлөө төрийн бодлого, түмний зүтгэлийг нэгтгэж, түүчээлэн манлайлна” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 118 (7362)