Т.САЙХАН

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр /06.12/ хуралдаж "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх асуудлыг хэлэлцжээ. Анх Сонгуулийн ерөнхий хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч О.Батхүү энэ шийдвэр илт хууль зөрчсөн гэж үзэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх нэхэмжлэлийг нь хэлэлцээд Сонгуулийн ерөнхий хорооны нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус гэж үзсэн юм. Улмаар Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг шүүхээс Сонгуулийн ерөнхий хороонд даалгасан. Сонгуулийн ерөнхий хороо шүүхийн шийдвэрийг биелүүлж Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэжээ.

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр нь эвслийнхээ жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn