Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаад жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаас гавьяат тамирчин Л.Энхрийлэнг онцолж байна.
Дэлхийн хошой хүрэл медальтан
Монголын жүдогийн эмэгтэй шигшээ багийн энэ цаг үеийн шилдэг тамирчны нэг бол гавьяат тамирчин Л.Энхрийлэн юм. 17-хон насандаа их спортод хөл тавьсан тэрээр ДАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртэж, дэлхийн тамирчин гэдгээ баталсан билээ. Л.Энхрийлэн 2022 онд хүрэл медаль хүртэхдээ хэдийнэ дэлхийд танигдсан, өндөр ур чадвартай шилдэг тамирчдыг ялсан юм. Тодруулбал, ДАШТ-ий алт, хүрэл медальт Криста Дэгүчи, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Дариа Билодид, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Жессика Климкайт, Тбилисийн Их дуулгын аварга Хө ми ми нарыг ялж, дэлхийн медальтан болсон байдаг. Харин Өнгөрсөн онд Катарын нийслэл Доха хотноо ээлжит ДАШТ болсон. Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын жүдоч Хө Ми митэй барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялалт байгуулж байв. Ингэснээр манай тамирчин ДАШТ-ий хос хүрэл медальтан болсон түүхтэй. Үүнээс гадна 2024 оны ААШТ Хонгконгт болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээний 57 кг-ийн жинд Монголын шигшээ багийн тамирчин Л.Энхрийлэн тивийн аварга болсон юм. Тэрээр алтан медалийн төлөө мөн л Өмнөд Солонгосын жүдоч Хө ми митэй хүч үзэж, ялжээ. Л.Энхрийлэн 2019 онд бэртэж, мэс засал хийлгэж байв. Энэ хугацаанд өөртөө итгэх итгэл, зориг, зүрхээ хурцлах гэж багагүй хугацаанд өөртэйгөө тэмцсэн тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байна. Энэ бүхнийг даван туулсныхаа дараа харин ч бүр эрэмгий зоримог, дайчин барилддаг болсноор их спортдоо эргэн иржээ.
Эмээгийн охин
Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн 1998 онд төржээ. Тэрээр бага насаа эмээгийнхээ дэргэд өнгөрүүлсэн байна. Хүүхэд байхын л хөдөлгөөнтэй, бөхөд хорхойтой, жүдогоор барилдах сонирхолтой байсан ч эмээ нь анхандаа эрс дургүйцсэн гэдэг. Харин Л.Энхрийлэнгийн хувьд боломж л гарвал жүдогийн бэлтгэл рүү гүйнэ. Эмээ нь ч охиныхоо мөрөөдлийг ойлгож, 2011 онд Ц.Шийрэв багшид шавь оруулснаар түүний амжилтын замнал эхэлсэн байна. Л.Энхрийлэн 17 настай байхдаа “Чингис хаан” гранпри тэмцээнд түрүүлж байв. Энэхүү тэмцээнд тэрээр Азийн аварга, хашир туршлагатай Ишикаваг ялснаар бөх сонирхогчдын анхаарлын төвд орж эхэлсэн юм. Харин дараа жил нь буюу 2017 онд залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн түүний уран барилдаан тус тэмцээний шилдэг аравт шалгарсан удаатай. Л.Энхрийлэнгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн үйл явдал эмээгийнх нь 74 насны төрсөн өдөртэй давхацжээ. Тэрээр "Энэ медаль бол эмээдээ барьсан хамгийн том төрсөн өдрийн бэлэг гэж итгэж байна. Үүнээс том бэлэг байхгүй" хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Эмээ нь одоо бол ач охниныхоо үнэнч дэмжигч нь бөгөөд "Улаанбаатар Их дуулга" тэмцээнд түрүүлэхэд эмээ нь ордонд ирж, түүнийг дэмжиж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 117 (7361)