Б.Нямсүрэн
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан “Парис 2024” олимпод 10 жинд зодоглох эрхээ өвөртөлсөн. Жин тус бүрд зодоглох жүдочдын нэр тодорсон байна. Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөхөөр болжээ. Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүч үзнэ. Харин 66 кг-д холбооны удирдлагууд, шигшээ багийн дасгалжуулагч нар гавьяат тамирчин Ё.Басхүүг сонгожээ. 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр орлохоор боллоо. Монголын шигшээ багийн жүдочид 20 хоногийн турш Хөх хотод Олимпын бэлтгэлээ базааж байгаа. Үүний дараа “Баянгол Ресорт”-д сэргэлтийн бэлтгэлдээ гарах юм.
Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 25-нд буюу 13 хоногийн дараа Олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор зарлаж, Олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орныг танилцуулна.
Эх сурвалж: www.zms.mn