Хөлбөмбөг бол дэлхийн номер нэг спорт. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрд энэ спортоор хичээллэж, дэлхийд алдартай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг мянга мянган хүүхэд, залуус бий. Харин тэдний хүсэл мөрөөдлийн гүүр нь “Barca” академи юм. Тус академийн дасгалжуулагч нар монгол хүүхдүүдтэй ажиллаж байна.
Дэлхийн 30 гаруй улсад төвтэй, ирээдүйн тамирчдыг бэлтгэдэг “Barca”
Хөвгүүд бүхэн багадаа ширэн бөмбөг өшиглөж, Роналдо, Месси шиг дэлхийд алдартай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөггүй гэж үү. Тэгвэл ийм хүслээр жигүүрлэсэн бяцхан багачууд “Дэрэн” клубийн хөлбөмбөгийн талбайд байна. Дасгалжуулагчийнхаа шүглийн дуунаар тэртээд харагдах хаалга руу бөмбөг оруулахаар тэмүүлэх нь хөөрхөн. Өмнөө зогссон тоглогчийг хуурч, хаалганы баруун буланд чигтэй өшиглөсөн бөмбөг яг байгаа оноход “Гооооооооол” хэмээн орилолдох өсвөр насны хөвгүүд. Тэднийг харан өөрөө бөмбөг оруулсан мэт баярлаж, хүүхдүүдтэй гараа цохилцон хөөрөх “Barca” академийн көүч Roger Serra Ortonobas. Тэрээр тус академийн хамгийн туршлагатай багш нарын нэг бөгөөд дэлхийн олон оронд очиж, ирээдүйн хөлбөмбөгчдийг бэлтгэжээ. Үүнээс онцолбол Хятад, Япон, Исланд зэрэг багийн көүчээр ажиллаж байсан байна. Харин энэ удаад ийнхүү монгол хүүхдүүдтэй ажиллаж байгаа нь гайхалтай. Көүчийн хувьд талбайд гарсан хүүхдүүдийг хурцалж “Гүйгээрэй, гүйгээрэй. Та нар мундаг байна хэмээн” урам өгөх ажээ. Энэ үеэрээ Монгол Улсад ирсэндээ сэтгэл хангалуун буйгаа ч илэрхийлж, монгол хүүхдүүдийг авьяастай, зүтгэлтэй юм гэж урамшуулж байсан юм. Энэ бол өчигдрийн “Дэрэн” клубийн бэлтгэлийн талбайн дүр зураг. Дэлхийн 30 гаруй улсад төвтэй, ирээдүйн тамирчдыг бэлтгэдэг “Barca” академийн багш, дасгалжуулагч нар Монголд анх удаа ирж, зуны сургалт хийж байна. Тэднийг Монголын өсвөрийн хөлбөмбөгчдийг бэлтгэдэг “Дэрэн” клуб эх орондоо урьжээ. Энэ удаагийн сургалтад “Дэрэн” клубийн хүүхдүүдээс гадна орон нутгаас ч хөлбөмбөгт сонирхолтой хүүхдүүд хамрагдаж байгаа юм. Тэд “Barca”-ийн багш нараасаа заавар, зөвлөгөө авч, зөвхөн багийн тоглолт бус хувь тоглогчийн чадвараа хэрхэн сайжруулах тухай хичээлийг авч байв.
“Barca”-ийн үнэт зүйл нь хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл
Зуны сургалтыг нээж Испанийн өргөмжлөлт консул Victor Albiol Pamies хэлсэн үгэндээ “Энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Монголын “Дэрэн” клуб хоёр жилийн хугацаанд уйгагүй хөөцөлдсөний эцэст дэлхийн алдартай академийн багш нарыг эх орондоо авчирч чадлаа. Та бүхэнд баяр хүргэе. “Barca” академийн сургалтын гол арга барил, систем нь хүүхдүүдийг багаас нь бэлдэж, мэргэжлийн тамирчин болгох. Энэхүү зорилгынх нь бодит биелэл нь алдарт хөлбөмбөгчин Месси юм. Тэгэхээр магадгүй дараагийн Месси Монголд бэлтгэгдэж байж магад. Монголын нэг хүү түүн шиг дэлхийн тамирчин болохыг үгүйсгэхгүй” гэсэн юм. Тус академи нь хөлбөмбөгөөр дамжуулан хүмүүсийг сургах, хүүхдүүдийг тамирчин болон бие хүн болгон төлөвшүүлэх зорилготой, цогц сургалтыг санал болгодог ажээ. Хамгийн чухал нь “Barca” арга зүйд суурилсан “FC Barcelona”-ийн албан ёсны академи гэдгээрээ чанар болоод нэр хүнд нь яригддаг ажээ. Тиймээс ч хүссэн бүхэнд нь хүрч ажилладаггүй тус академийн багш нар Монголд ирнэ гэдэг өөрөө Монголын хөлбөмбөгийн хөгжил болоод, “Дэрэн” клубийн цар хүрээг харуулж буй том үйл явдал юм.
Энэ тухай тус клубийн ерөнхийлөгч Г.Мөнхчулуун “Дэлхийн хүүхэд бүхний мөрөөдөл болсон “Barca” академийн багш нарыг эх орондоо авчирсандаа баяртай байна. Энэхүү академийг сонгосон учир нь академийн философи нь дэлхийн хөлбөмбөгийн хөгжил, чиг хандлага яг ямар байх ёстойг тодорхой заадаг. Манай хүүхдүүдийн хувьд сургалтад хамрагдсанаар энэхүү спортын үнэ цэнийг ойлгох, хувийн тоглолт болоод багаар ажиллах арга барилыг түлхүү эзэмшинэ гэж харж байна” гэсэн юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс дэлхийн шилдэг академийг эх орондоо авчирснаар монгол хүүхдүүдийн ур чадвар нэмэгдэж, дэлхийн түвшний тоглогч болох эхлэл, суурь тавигдана гэж онцолж байсан юм. Barca Academy”-ийн салбар бүр нь өөрийн өвөрмөц загвартай арга зүйд тулгуурладаг бөгөөд идэвхтэй, хамтын, бүтээлч тоглолтын хэв маягтай, хүндэтгэл, даруу байдал, хичээл зүтгэл, багийн ажиллагаа, хүсэл тэмүүлэл зэрэг үнэт зүйлст тулгуурлан ажилладаг ажээ.
Мессиг бэлтгэсэн академи
Сургалт таван өдөр болох бөгөөд өдөрт найман цаг цаг үргэлжлэх ажээ. “Barca” академиар бэлтгэгдэж, дэлхийн хэмжээний тамирчин болсон хүн бол дэлхийн алдарт хөлбөмбөгчин Месси юм. “Алтан бөмбөг-ийн эзэн тэрээр эх орондоо дэлхийн аваргын алтан медалийг авчирсан билээ. Тэрээр өдгөө дэлхийн хамгийн өндөр зэрэглэлээр цалинжихаас гадна “Barca”-ийн үнэт зүйлүүдийг дэлхийд таниулж, төрөлх академиа сурталчилж явна. Тиймээс монгол хүүхдүүд энэхүү сургалтыг авснаар дэлхийн өнцөг булан бүрд “Barca Academy”-ийн кемпэд суралцаж буй 40.000 гаруй хүүхэд шиг хүсэл мөрөөдлийнхөө төлөөх хамгийн анхны алхамаа хийх юм. Тус академийн сургалт зөвхөн тамирчин гэхээс илүү хувь хүний чадварт голлодог онцлогтой аж. Академийн гол зорилго нь тоглогчдоо спортын болон хувийн хүрээнд сургах явдал. Тиймээс спортоор дамжуулан эв нэгдэл, багаар ажиллах, эрх тэгш байдал зэрэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхийн зэрэгцээ тэдний нийгэмшил, харилцааны ур чадварыг дээшлүүлэхийг зорьдог юм байна. “Barca” академийн уриа нь “Тоглож байгаад хөгжье”. Тиймээс энэ удаагийн сургалт онолын хичээлээс илүү практик дээр тулгуурлаж байгаа юм байна. Хүүхдүүд ч сургалтын үед ядарсан шинжгүй харин ч эрч хүчээр сэлбэгдэж, эдгээр өдрүүдийг хөгжилдөнгөө сурах зарчмаар тун ч зугаатай өнгөрүүлэх гэнэ. “Barca” академийн көүч Roger Serra Ortonobas “Би анх удаа Монголд ирж байна. Танай орон үнэхээр гайхамшигтай, бас сонирхолтой юм. Хүүхдүүд болон багш нар нь тун идэвхтэй, хичээл зүтгэлтэй байгаа нь биднийг илүү сайн ажиллахаас өөр сонголтгүй болгож байна. Монгол хүүхдүүд “Barca”-ийн арга барил, үнэт зүйлийг их амархан ойлгож, эерэгээр хүлээж авч байгаа нь намайг гайхшруулсан. Би анх Барселона клубт дасгалжуулагч хийж байгаад академи руу шилжсэн. Хүүхдүүдтэй ажиллах нь надад илүү сонирхолтой байдаг. Миний хувьд АНУ, Япон, Хятадын хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлагатай. Хөлбөмбөг сурах чин хүсэлтэй хүүхдүүдэд зааж, сургахдаа үргэлж баяртай байх болно” гэв. Barca Academy”-ийн кемпүүд нь долоо хоногийн турш тамирчдын чадварыг сайжруулахад чиглэгддэг ажээ. Мөн ур чадварын түвшнээс үл хамааран бүх оролцогчдод техникийн, тактикийн болон бие бялдрын бүрэн боломжоо нээхэд нь туслахыг эрхэмлэдэг гэнэ. Академийн зүгээс хүүхдүүдийг өөрсдийн давуу талаа сайжруулахын төлөө ажиллаж, сул талаа олж илрүүлэх, арилгахад урамшуулан дэмждэг юм байна. Ийнхүү хөлбөмбөгийн дэлхийн шилдэг академи болох “Barca” тав хоногийн турш монгол хүүхдүүдтэй ажилласнаар буцах юм. Энэхүү сургалтын үр өгөөжөөр дараагийн Месси Монголоос “төрөх” ч юм бил үү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 115 (7359)