Б.АЛТАНГЭРЭЛ
“Төрд хүргэх малчдын дуу хоолой” сэдвээр говийн бүсийн малчид мэдээлэл хийлээ. Уул уурхайн компаниудын үйл ажиллагааны улмаас бэлчээр, нутаг сүйдэж малчдын амьдралд хүнд тусаж байгааг хэллээ. Говийн малчид газар нутгаа булаалгасан хуулиудыг буцаан татуулах шаардлага Ерөнхийлөгчид хүргүүллээ.
Дундговь аймгийн Баянжаргал сумын малчин “Манай сум говийн нэг жижиг сум, ашиглалт хайгуулын 49 лицензтэй. Ус байхгүй, хөрс, газар, байгалийн, хүний эрхийг төрөл бүрээр зөрчиж байна. Манай суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 20 уурхай үйл ажиллагаа явуулж байна. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ. Үнсэн дээгүүр том оврын автомашин давхина, бэлчиж байгаа хонины дундуур гараад явчихдаг. Усны асуудал үнэхээр хэцүү байна. Уурхайн дэргэд байгаа бидний эрх ашиг маш их зөрчигдөж байгаа. Улсын бодлого, Ашигт малтмалын хууль малчны эрхийг хурцаар зөрчиж байна” гэв.
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын малчин н.Гэрэлт-Од “Хаа байсан Өмнөговиос малаа орхиод ирсэн шалтгаан бол нутаг, орныхоо төлөө. Бид дээрээ төр засаг, хуультай улсад амьдарч байгаа гэхэд хэдэн малчдаа байгаль дэлхийтэй нь мөнгөний төлөө хаячихсан. Ер нь монголын ард түмэн говь гэдэг нутгаар яагаад аялаад үзчихэж болдоггүй юм. Хөвсгөл, Байгаль далай явна гээд автомашины очер нь замбараагүй. Гэтэл яагаад говь явъя, аялаад үзчихье гэж болдоггүй юм бэ. Говьд очиж бид ямар уудам, ямар сайхан нутагт амьдарч байна вэ гэдгийг үзмээр байна. Үнэхээр давтагдашгүй тансаг байгаль говьд байдаг юм. Гэтэл уул уурхайн компаниуд үйл ажиллагаа, хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр энэ сайхан байгаль дууслаа. Хур бороо ч орохгүй байна. Байгаль цаг ууртай холбоотой байж болно. Бороо оруулна гээд үүлийг маш ихээр буудаж байна. Би газар дээр нь амьдарч байгаа хүн, үүл буудсаны дараа шивэрдэг ч, 1-2 секунд болоод л шороо болж хувирдаг. Хангайд тэр хур болж буудаг байж болох юм. Говьд үүл бууддаг ажлыг зогсоомоор байна” гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn