Рагчаагийн ОЮУН

 

“Кино ертөнц” булангийн зочноор Соёлын тэргүүний ажилтан, театр, телевизийн найруулагч, орчуулагч О.Найманжаргалыг урилаа. Тэрээр 33 жилийн 23-т нь театр, чуулгад, 10 жил МҮОНРТ-д найруулагчаар ажилласан байна. Мөн дэлгэц, тайзыг хослуулсан 300 гаруй бүтээл хийсэн аж. Монголд ирээд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн О.Соёлт нарын хадаг барьсан шавь болжээ.     

 

-Та гадаадад амьдарч байгаад Монголдоо иржээ. Ямар ажлаар ирэв?

-Би ОХУ-д амьдарч байгаа. Сая Тувагийн театрт ажиллаж байгаад ирлээ. Гэр бүлийн хүн маань хөгжмийн зохиолч, орос хүн бий. Францын зохиолч, найруулагч, зураач Жан Кохтогийн 135 жилийн ойд зориулж зохиолыг нь Монголын үзэгчиддээ хүргэхээр ирсэн. 1994 онд манай ангийн хүүхэд энэ жүжгийг тоглож байсан. Тэр үеэс ямар сайхан зохиол вэ, хүнд их хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүний ганцаардал ямар хэцүү байдаг, хүн аль нийгэмд хэрхэн амьдарч байгааг эмэгтэйчүүдэд зориулж бичсэн. Нэг хүний театр, нэг хүн жүжиг тоглоно гэдэг дээд зэргийн жүжигчний хийх ажил. Дэлхийн 120 гаруй оронд энэ жүжгийг янз бүрээр найруулсан байдаг. Харин Жан Кохто тухайн үед Эдит Пиаф, Шанель Коко, Анна Мэри гэсэн дэлхийн алдартай дуучин, жүжигчин, загвар өмсөгч эмэгтэй найзтай байсан ч тэдний амьдрал ороо бусгаа, нэг ч хүүхэд төрүүлээгүй. Тэрээр Францын алдартай дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч найзуудынхаа тухай өөрийнхөө уран бүтээлд тусгажээ. Үүнээсээ сэдэвлээд “Хүний дуу хоолой” зохиолоо бичсэн. Жан Кохто зохиолоо утас ашиглаж бичсэн байгаа юм. Хүн бүр утсаар ярьдаг. Утасны цаана дуугарч байгаа хүний дуу хоолой тухайн хүнийг илэрхийлж чаддаггүй.

Энэ жүжгийг Елена Якушкина гэж Оросын орчуулагч франц хэлнээс орчуулсныг би 1995 онд монгол хэлнээ орчуулсан. Тиймээс зохиолчийн санаа, найзын хүрээлэлд байсан урлагийн, загварын ертөнцийн эмэгтэйчүүдийн амьдралаар үүнийг хийчих юмсан гэж бодсон. Тэр үеэс дэлхийн алдартай эмэгтэйчүүдийн амьдралыг их судалсан. “Хүний дуу хоолой”-гоос сэдэвлээд зохиолоо нэмж бичсэн. Бичихдээ олон эмэгтэйн дуу хоолойг дэлхийн хүмүүст хүргэх юмсан. Гэхдээ өнөөдөр нийгэм нь ямар болчихоод байгаа билээ. Бид үсрэнгүй, соёлтой, хөгжингүй нийгэмд амьдарч байгаа ч хүн чанаргүй болжээ. Хүн чанар гэдэг зүйлийг дуугарах ёстой гэж бодож байна. Урлагийн бүтээлч хүмүүс уран бүтээлээсээ холдож чаддаггүй юм байна.

-Та юунд ингэтлээ их эмзэглэнэ вэ?

-Сүүлийн үед кино хийхдээ нийгмийн бусармаг, алж хядсан эсвэл бага насны хүүхдийг хүчирхийлсэн муухай ертөнцөөр аялуулдаг болжээ. Залуучууд нь 1950, 1960 оныхноо ад үзэж байна. Оюун санаа, ухамсар  байгаа тохиолдолд бид амьдрах ёстой. Хүмүүс утаснаас болох болохгүй мэдээллүүдийг авч байна. Бага насны хүүхдүүд утаснаас мэдээлэл аваад хүн биш болж байна. Тухайлбал, нэг гэр бүлийн таван хүн утас бариад өрөө өрөөндөө ороод хоолоо идэж байна. Энд гэр бүлийн дулаан уур амьсгал, амьд харилцаа байхгүй болсон. Тэгэхээр амьд хүний дуу хоолой ямар нандин байдгийг энэ жүжгээр гаргахыг зорьж бичсэн. Би 1995 оноос өнөөдрийг хүртэл судалгаа хийсэн. Энэ зохиолыг орчуулсныхаа дараа 10 жил зохиол дээрээ ажиллаж байна.

Бид хүнийг хөгшин гэж адлах биш. Тэднээс өнгөрсөн нийгмийн сайн сайхныг олж авах ёстой. Миний хэлээд байгаа хүн чанар өнөөдөр яагаад байхгүй болов. Яагаад гэвэл бид “би” гэдэг ертөнц рүү орчихоод байна. Би биш бид байх ёстой. Бүх хүн “би”-г тоглодог болсон байна. “Би” гэдэг зүйл хүнийг ганцаардмал, хувиа бодсон, амьд дуу хоолой байхгүй, бүх юм үхмэл болжээ. Тэгэхээр бид үе үеэрээ, ахмадууд нь хүүхдүүдээ хүмүүжүүлэх хэрэгтэй. Бид хувиа бодсон нийгэмд амьдарч байна. Гоё байшин олон байгаа ч хүн нь оюун ухаан, ухамсаргүй, хүн хүнээ хайрлах нинжин сэтгэлгүй, хүнээ хүндлэх сэтгэлгүй болжээ. Нэгнийгээ хайрлаж, хүндлэхгүй болохоор сошиалаар дуртай муухай үгээ шидэлцэж байна. Бид нээлттэй нийгэмд амьдарч байгаа юм шиг хэрнээ нээлтгүй нийгэмд амьдарч байгааг анзаарсан. 

-“Хүний дуу хоолой” жүжгээр юуг илэрхийлэхийг хүссэн юм бол?

-Бид техникжсэн эрин үед ирээд байна. Зохиолчийн хэлж байгаа үгийг өнөөдрийн залуу үзэгчдэд яаж хүргэх вэ. Үгийн үнэ цэнийг яаж ойлгуулах вэ гэдэг юм хэрэгтэй байна. Үгийн үнэ цэнийг хүргэхгүйгээр дураараа зохиолчдын үг хэллэгийг өөрчлөх биш. Залуучууд сайхан зүйл хийгээд зоригтой гарч ирж байна. Өнөөдөр Б.Мөнхдорж, Б.Баатар найруулагч, радиогийн найруулагч С.Бүргэд, Б.Лхагвасүрэнгийн сайхан хэллэг ямар их үгүйлэгдэж байна вэ. Монгол Улс Монголоороо л байх ёстой. Бид гаднаас сайн юмыг нь оруулж ирээд Монголоо хөгжүүлэх нь бидний үүрэг гэж боддог. Гэтэл гаднаас орж ирж байгаа буруу юмыг хэтэрхий шүүрч аваад ядуу тархийг улам ядуу болгоод байна. Монгол архины ядууралд бүрэн автсан байна. Ном уншиж байгаа хүүхэд харагдахгүй байна. Их, дээд сургуулийн багш нар нь мэдлэг, боловсролгүй байж хүүхдүүдэд хичээл заах уу. Өнөөдөр мөнгөний үнэ цэн биш. Бидний хамгийн үнэтэй зүйл чинь амьдрал. Энэ үнэ цэнийг юугаар олж авах вэ гэхээр хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Жүжигтээ тоглуулах жүжигчдээ сонгосон байх?

-Найман жилийн өмнө жүжигчнээ сонгосон. Энэ хүнээ найман жил хүлээж байна. Тухайн үед СССР гэж байхад Киевт театр, урлагийн сургуулийг төгссөн жүжигчин байгаа. Монголд ирээд нэг ч найруулагчийн жүжигт тоглоогүй, Г.Нямгаваа найруулагчийн 2-3 жүжигт туслах дүрд тоглохыг нь харсан. Тэгэхэд би оюутан байсан учраас “Ямар аятайхан жүжигчин бэ” гэж харж байлаа. Намайг сургуулиа төгсөөд ирэхэд энэ жүжигчин маань сураггүй болсон чинь гадаадад 20 гаруй жил амьдарч байгаад ирсэн. 2016 онд олж аваад энэ жил шаргуу ажиллаж байна. Одоогоор жүжигчнээ нууцалмаар байна. Ямар ч гэсэн галт тэрэг хөдөлсөн. Жан Кохтогийн 135 жилийн ой долоодугаар сарын 5-нд болно. Энэ жүжгээ гадаадын болон өөрийнх нь оронд очиж тоглох бодолтой байгаа.

-Та бас “Бүтэн сартай шөнө” богино хэмжээний киноны зохиолыг нь бичиж найруулсан. Киноныхоо талаар танилцуулахгүй юу?

-МҮОНР-ийн “Урлаг, соёлын редакци”-ийн сурвалжлагч, редактор, зохиолч, сэтгүүлч МЗЭ-ийн болон Г. Сэр-Одын нэрэмжит шагналт, Чадраабалын Лодойдамбын нэрэмжит шагналт, Соёлын тэргүүний ажилтан, МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналт, хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Г.Болормаагийн “Бор ногтрууны нутаг тарлан цастай” өгүүллэгээс сэдэвлэсэн. Миний амьдарч байгаа өнөө үед дутагдаж байгаа зүйл бол хүн чанар, амьдралдаа итгэх итгэл, нөхөрлөл, нэг нь нөгөөгөө хайрлах нинжин сэтгэл үгүй болсон юм болов уу. Уулзсан хүмүүсийн нүдний гал нь буурсан, өөртөө итгэлгүй байгааг хараад сэтгэл өвдөх боллоо.

Бидний тус дэм хэн нэгэнд минь үгүйлэгдэж байгааг цаг ямагт мэдрэхэд зүрх сэтгэл эзгүйрэх учиргүй. Хойч ирээдүй хүүхдүүдийн минь нялх багын амьдрал бүрэн дүүрэн аз жаргалтай, аав ээжтэйгээ элэг бүтэн өсөж, нийгмийн алдаанаас үл хамааран сэтгэлийн дүүрэн жаргал эдэлж амьдраасай гэж бодож явдаг миний бодлын нэгээхэн хэсэг бодролыг зохиолч Г.Болормаа тааж мэдсэн гэлтэй “Бор ногтрууны нутаг тарлан цастай” өгүүллэгээ бичсэн нь сэтгэлийг минь хөндөж баярлуулсан. 2015 оны өвөл манай телевизээс /МҮОНТ/ таван минутны шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлаж түүнд оролцох завшаан тохиосон.

-Мэдээж киногоо бичихдээ зохиолчоос нь зөвшөөрөл авсан байх?

-Г.Болормаа зохиолчтой уулзаж түний бичсэн өгүүллэгээс санаа авч кино хийх тухайгаа хэлэхэд “Хэрэв та болно гэж бодож байгаа бол би татгалзахгүй зөвшөөрч байна” гэснээр кино хийх эрхээ авсан. Би өөртөө болон дотор хүндээ байнга “Хэн нэгэн хүний итгэлийг бүү хөсөрдүүл. Тэр хүний сүүлийн итгэл ч байж болно” гэдэг хэдхэн үгээ бүтээлээрээ хүргэх болсондоо бөөн баяр болсон. Ингээд кинонд ажиллах уран бүтээлчидтэйгээ биечлэн уулзаж зураглаач Б.Чинбат, дууны найруулагч Л.Долгорсүрэн, зураач Д.Чулуунбаатар, нүүр хувиргагч Ж.Болормаа, туслах О.Бямбасүрэн, гэрэлтүүлэгч Ө.Бат-Эрдэнэ жолооч Ч.Гансэлэм нартай зургандаа гарсан. 

Гол дүр Дагданд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ж.Даваасамбуу, Гэрэлд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Сарантуяа, өвгөнд гавьяат жүжигчин Д.Гүрсэд, эмгэнд гавьяат жүжигчин А.Цэвэгмид, жолоочид Л. Ванганы нэрэмжит Завхан аймгийн ХДТ-ын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Сандуйжав, хүүд Э.Азбаяр нар амжилттай тоглосон.

-Киноны үйл явдлаас цухас дурдвал?

-Кино эхлэхэд Дагдан эхнэрээ бурхны оронд очсноос хойш бэтгэрч, жаахан хүүгээ өсгөх гэж өвлийн өдөр, шөнийн нугачаанд туйлдана. Залуу эрийн эв дүйгүй асаргаанд хүү нь дасаж өгөхгүй заримдаа шөнийн турш уйлдаг байв. Гэтэл саахалт айлын сайхан сэтгэлтэй эмгэн өвгөн хоёр Дагдангийн гэрт ирж чадан ядан туслана. Хүү уйлсаар. Хүүг эмчид үзүүлэхээр өвгөн зам дээр гарч машин зогсооно. Дөнгөж төрсөн Гэрэл хүүгээ алдчихаад сэтгэлийн зовлонд автаж төв газар бараадахаар хот руу явж байтал өвгөн гар өргөснөөр айлд орж, уйлж байгаа хүүд хөхөө өгч хөхүүлснээр эхийнхээ хөхийг санасан бяцхан үр тайвширч ундаг. Хүүгээ алдсан Гэрэл тэр айлд үлдсэнээр тэдний амьдрал орвонгоороо эргэж хүүгийн амьдрал бүтэн болж бүтэн сартай шөнө тайван үргэлжилдэг.

Хөгжмийн зохиолч С.Мөнхзаяа энэ киноны драмыг өөрийн уянгат хөгжмөөр төгс төгөлдөр тодруулж чадсан. Бид уран бүтээл хийхэд хамгийн хэцүү нь мөнгө санхүүгийн асуудал байдаг. Харин бидний бүтээлд 100 хувийн хөрөнгө оруулалтыг “Алтан жолоо” группын захирал В.Энхбаатар, Ч.Гүнсэн, “Монте гео” компанийн захирал О.Дорж, Б. Дэлгэрцэцэг нар гар сунган кино бүтэх асуудлыг маань шийдэж өгсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 112 (7356)