Т.БАТСАЙХАН
Манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар өчигдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Айлчлалын үеэр байгуулсан“Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, найрсаг харилцааг хөгжүүлэх суурь баримт бичиг мөн болохыг тэмдэглэв. Хэлэлцээний үеэр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан зорилтууд болон "Тэрбум мод", "Эрүүл монгол хүн", "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав. Худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.Талууд төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.
Айлчлалын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт А.Г.Лукашенко танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол, Беларусь улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон ч манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний нөхөрлөл нь түүнээс илүү баялаг түүхтэй юм. Беларусь мэргэжилтнүүд манай улсын 20 дугаар зууны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцон үйлдвэр завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд барьж, Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот суурин газрыг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг энэхүү айлчлалын үеэр онцлон тэмдэглэхэд таатай байна” гэлээ.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко “Энэхүү айлчлалыг ямар нэг ашиг хонжоо хайлгүйгээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор ирсэн гэдгээ мэдэгдсэн. Мөн олон улсын харилцааны нөхцөл байдлын талаар байр сууриа тодорхой илэрхийлэв. Тэрээр "Мөнх хөх тэнгэрийн орны ард иргэдийн зочломтгой зан заншил, байгалийн үзэсгэлэн гоо нь надад гүн сэтгэгдэл төрүүлж байна. Сайн хүн хур хороо авчирдаг гэж хэлдэг шиг бид нар ч мөн хур бороо авчирч, албан ёсны харилцааг амжилттай зохион байгууллаа. Танай сайхан оронд хийж байгаа энэхүү төрийн дээд айлчлал нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хэрэгжиж байгаа анхны айлчлал билээ. Монгол, Беларусь нь томоохон орнуудтай хөрш бөгөөд дэлхий дахинд ойр дотно олон анд нөхөдтэй. Тиймээс Монгол Улсын гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг. Бид ч бас хоёр талаасаа улс орнуудад хавчигдсан, далайд гарцгүй. Иймээс та бүхний авч явж байгаа бодлого нь ойр санагддаг. Манай хоёр улс орны хооронд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүй гэдгийг би бат итгэлтэй хэлэхийг хүсэж байна. Монгол Улстай өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх бидний чин сэтгэл, эрмэлзлийг энд хүрэлцэн ирсэн Беларусийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн илтгэн харуулна. Танай улс сайн сайхнаар хөгжин дэвшиж, орчин үеийн өнгө төрхтэй хөгжиж байгааг харахад таатай байна.
Бид албан ёсны яриа хэлэлцээрийн үеэр ойрын хугацаанд хоёр талын хамтарсан 3-4 төслийг хэрэгжүүлэхээр тодорхойлох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Эдгээр хамтарсан төсөл нь Монгол Улсын хэрэгжүүлж буй "Алсын хараа 2050", Хүнсний хувьсгал, Тэрбум мод зэрэг үндэсний хөтөлбөрийн зорилго зорилттой нь бүрэн нийцэх юм. Уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарт Беларусын машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцлоо. Мөн эдгээр техник төхөөрөмж дээр ажиллах Монголын боловсон хүчнийг Беларусьт бэлтгэх боломжтой. Манай улсад үйлдвэрлэдэг уул уурхайн болон газар тариалангийн тоног төхөөрөмж, лифт, бусад төрлийн тоног төхөөрөмж дээр ажиллах монгол залуусыг бэлтгэхэд бид бүхэн бэлэн байна. Беларусь улс нь урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаа бөгөөд тэдгээр төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн хөнгөлөлттэй арга хэлбэрийг ашиглахад бэлэн байгаа” гэлээ.
Яриа хэлэлцээний үр дүнд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ"-нд төрийн тэргүүн нар гарын үсэг зурлаа. Мөн Монгол, Беларусын хоорондын хамтын ажиллагааны 2024-2026 оны замын зураглал,
-Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах замын зураглал,
-Боловсролын баримт бичиг, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,
-Жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх, солилцох тухай баримт бичигт болон хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
Үүний зэрэгцээ Беларусийн эрдэмтдийг манай улсад археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцуулахаар болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 110 (7354)