Б.ГАРЬД
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод л “…Боомтын боомийг тайлж, эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй” гэж мэдэгдсэн. Тэрээр 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихдаа “…Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын дөрвөн боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Одоогийн байдлаар авто замаар долоо, төмөр замаар гурав, агаарын замаар нэг боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон боомтын боомийг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм. Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм. Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг автозамаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байгаа.
Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно. Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулна. Товчоор хэлэхэд, боомтын боомийг тайлах нь цар тахлын өнөөдрийн хүндрэл төдийгүй цаашдын хөгжлийн үндсэн суурь болно” гэж байв. Энэ агуулгаараа боомтын асуудал нь Засгийн газрын тулгуур зорилтын нэг болсон юм. Онцгой анхаарсан гэсэн үг.
Улмаар Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 22-ны 342 дугаар тогтоолоор Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүн, дүрмийг баталж, ажлын албыг байгуулсан. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд захирамж гаргаж, Б.Тулгыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар томилж байв. Тэр утгаараа тэрээр сүүлийн жилүүдэд төрийн албаны тэргүүн эгнээнд гарч ирсэн “наяад оныхон”-ы төлөөллүүдийн нэг болсон юм. Тэгээд ч Б.Тулгын тухайд төрд ч, улс төрд ч шинэ хүн биш. Тэрээр МУИС-ийг Хэрэглээний математикч мэргэжлээр, АНУ-ын Колумбын их сургуулийн Америк хэл, соёлын институт болон бизнесийн удирдлагаар төгсөж, Фордамын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны факультетэд магистр хамгаалсан. Ерөнхийлөгчийн Шадар туслах, УИХ-ын даргын Шадар туслах, Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Дэд сайд байсан. Боомтын сайдаар томилогдох үедээ МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг томилохдоо “…Б.Тулга сайд Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг автозамаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуун сухайт-Ганц мод, Ханги-Мандал, Шивээ хүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх, нүүрсний экспортыг 45-50 саяд хүргэх томоохон зорилтуудыг хэрэгжүүлж чадна. Эдийн засгийн гурван коридорын асуудал дээр амжилттай ажиллана гэсэн хүлээлттэй байна. Түүний Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын ажлын албанд ажиллаж байсан туршлага нь дөхөм болно гэж харсан” гэж байв. Б.Тулга ч “…Би өмнө нь төрийн ажил хийж байсан туршлагатай. Эдийн засгийн хүндрэлтэй үед боомтын асуудал нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болсон. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдаас өгсөн ажлыг хариуцлагатай хийнэ” гэсэн байдаг.
Мөн өнөөдөр Боомтын сайд Б.Тулга “…Боомт бол эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөнгөвчлөх хамгийн том үүрэгтэй институт. Тиймээс боомтыг цогцолборын хэмжээнд биш бүс нутаг буюу хотын хэмжээнд ойлгож, ярих хэрэгтэй. Боомтын цогцолбор, түүний дэргэд үйл ажиллагаа явуулдаг үндсэн функц буюу ачаа болон зорчигч тээврийн терминалаас өгсүүлээд том оврын ачааны талбай, зочид буудал, аялал, жуулчлалын төв болон чөлөөт бүсийг бий болгох, хөрөнгө оруулалт хийх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд нэгдсэн ойлголт, шийдэлд хүрсэн. Саяхан манай хорооноос Боомтын сэргэлтийн форумыг анх удаа зохион байгуулж, дараа дараагийн ажил, энэ салбарын хөгжлийн гарц шийдлээ тодорхойлсон. Боомтын сэргэлтийн бодлогыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, 2022-2024 онд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, боомтын менежментийг сайжруулах "5Э" стратегийг 2025-2028 онд хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, 2029 оноос хойш Боомтыг хөгжүүлэхдээ олон улсын худалдааны бодлогыг бүсийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интеграцтай уялдуулан төлөвлөх нь чухал юм. Бид 2022-2024 онд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт тавин ажилласан. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 23 боомтоос зургаан боомт дээр Боомтын цогцолборын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Үүнээс Замын-Үүд, Боршоо, Сүхбаатар боомтын бүтээн байгуулалт бүрэн дууссан. Алтанбулаг, Гашуунсухайт, Бичигт боомтын цогцолцорын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтод төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авто зам, төмөр зам, олон төрөлт тээврийн терминал, ухаалагт тавцант тээвэр буюу AGV зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж байна. Ер нь боомтын сэргэлтийн хүрээнд Улсын төсөв болон олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжид нийт 715.3 тэрбум төгрөг, хөгжлийн таван тойрог авто замын төслүүдэд 5.4 их наяд төгрөг, агаарын тээврийн хөрөнгө оруулалтад 27.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж төслүүдээ эхнээсээ амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлснээр, экспорт хоёр дахин нэмэгдсэн байна. Нүүрсний экспорт 2019 онд 36.7 сая тонн байсан бол 2023 онд 69.6 сая тоннд хүрсэн байна. Боомтын сэргэлтийн бодлогын эхний үе шатанд буюу 2024 он гэхэд гадаад экспортыг 14 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2024 он гэхэд боомтоор дамжин хийсэн экспортын хэмжээ 15.2 тэрбум ам.долларт хүрсэн” гэж яриад сууж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч саяхан болсон “Боомтын сэргэлт” үндэсний форумд оролцож үг хэлэхдээ “…Шинэ сэргэлтийн бодлогоос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд төгрөг болон тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5,678 ам.долларт хүрсэн. Мөн төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.доллараар ашигтай гарч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.2 их наяд төгрөгөөр даван биелсэн төдийгүй гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэнд боомтын сэргэлт чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж, өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо” гэсэн юм.
Эндээс, энэ томилгоо эндүүрэл болоогүй гэдгийг харж болно. Эдийн засгийн олон “тоо” үүнийг нотолж байгаа юм. Хэрэв энэ эрчээрээ явбал “...Боомтын хүчин чадлын гурав дахин нэмэгдэж, экспорт 2025-2028 онд 14 тэрбум ам.доллар, 2029 оноос 20 тэрбум ам.доллар хүрч, тээвэр логистикийн гацаа арилна” гэсэн зорилтод хүрэх ойрхон л байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 110 (7354)