Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа МУИС-ийн номын сангийн захирал, Номын сан судлалын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга, доктор, дэд профессор Г.Цэрэнг урьж, Монголын номын сангийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын тухай ярилцлаа.

 

Цаасан болон цахим номын санг хамтад нь хөгжүүлэх нь зөв

Блиц 


БОЛОВСРОЛ: 

1984-1994 онд  Улаанбаатар хот ,10 жилийн I дунд сургууль 

1995-1997 онд МУИС-ийн  Эдийн Засгийн сургууль 

1997-2002 онд ОХУ-ын Ростовын Их Сургуульд /Бакалавр, Магистр/ 

2002-2005 онд ОХУ-ын  Ростовын Их Сургуульд Эдийн засгийн ухааны доктор /PhD/ 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
 
2005-2009 онд  СЭЗИС- ийн Ахлах багш, 

2009.09-2010.06: Финлянд улсын Аалто Их Сургууль, Докторын дараах судалгаа

2010-2014 онд МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн дэд профессор

2015-2016 онд Португалийн Минхогийн Их Сургууль, Докторын дараах судалгаа 

2014 оноос одоог хүртэл МУИС-ийн Номын сангийн захирлаар ажиллаж байна. 

-Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжөөд 100 гаруй жил болж байна. 2001 онд Үндэсний номын сан маань 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Харин манай МУИС-ийн номын сангийн хувьд 80 гаруй жилийн түүхтэй золгож байна.

Ийнхүү Монгол Улсад хамгийн удаан оршин тогтнож буй манай хоёр номын сангаас улбаалсан олон номын сан үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сан дотроо нийтийн, их дээд сургуулийн, эрдэм шинжилгээний, хүүхдийн зэрэг олон төрөлтэй. Үүнээс хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь нийтийн номын сан. Үүнд Үндэсний номын сангаас эхлээд хүүхдийн болоод аймаг, сум төв газруудад байгаа номын сангууд багтдаг. Харин их, дээд сургуулийн номын сангуудыг эрдэм шинжилгээний номын санд хамруулах нь бий. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд номын сангаар өөрсдийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсад 1921 онд ардын хувьсгал ялснаар эрх чөлөөтэй тусгаар тогтносон улсаа байгуулж, дөрвөн сарын дараа үндэсний соёлоо хөгжүүлэхээр анхны номын сангийн үндэс, суурийг тавьсан гэдэг. Тус номын сан нь Судар бичгийн хүрээлэн нэртэй  /одоогийн Шинжлэх ухааны Академи/ тухайн үеийн эрдмийн хүмүүсийг нийлүүлсэн, 2000 гаруй номтойгоор анх үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Ингээд 1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг “Улс нийтийн номын сан” гэж нэрлэсэн бөгөөд 1951 онд гурван давхар барилга ашиглалтад орж, номын сангийн үйлчилгээний хүрээ өргөжих, орчин үеийн болох эхлэл нь тавигдсан гэж үздэг. Тухайн үед зөвхөн цаасан номоор л үйлчилгээ үзүүлдэг, цаасан каталог хэрэглэдэг байлаа. Харин одоо манай номын сангууд олон улсын жишигт нийцэн, техник технологи, байшин барилгын хувьд хөгжиж байна. Үүний тод жишээ нь саяхан нээлтээ хийсэн Үндэсний номын сан. Харин манай МУИС-ийн номын сан 2017 онд шинэ байрандаа орсон. 2023 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн номын санг Монголдоо анхдагч 100 хувь цахимжсан номын сан болгож байлаа. Одоогоор МУИС-ийн номын сан нь номын санд шаардагдах бүхий л орчин үеийн үйлчилгээг нэвтрүүлсэн жишиг байгууллага болж өргөжсөн. Мэдээж бид XXI зууны уншигчидтай ажиллаж байна. Тиймээс орчин цагийн залууст зориулсан цахим буюу дижитал номын сан зайлшгүй байх ёстой. Монгол Улсад анх дижитал номын сангийн суурь 2010 оноос тавигдаж байлаа. Гэвч тухайн үед техник технологийн хөгжлөөс гадна уншигчдад цахимаар ном унших хандлага төлөвшөөгүй байсан үе. Харин цар тахлын үед хүмүүсийн ном унших байдал их  өөрчлөгдсөн санагддаг. Бүхий л байгууллага хаалгаа барьчихсан, соёл урлагийн ямар ч арга хэмжээ байхгүй үед манай номын сан ажиллаж байсан.

Бид өнгөрсөн жилээс МУИС санаачлан E-san болон M-Plus байгууллагуудтай хамтран математик, байгалийн шинжлэх ухааны чиглэлийн ховор 50 гаран бүтээлийг оюуны өмчийн эрхийг нээлттэй лицензээр цахимжуулан,  зөвхөн МУИС-ийн уншигчдадаа  хүн бүхэн хаанаас ч татаад унших боломжийг бүрдүүлэн онлайн номын сандаа байрлуулсан. Ном цахимжуулахад гардаг нэг анхаарах ёстой зүйл нь зохиогчийн оюуны өмчийн асуудал. Зохиолчдын дунд цахим гэхээр миний бүтээлийг үнэгүйдүүлэх нь гэсэн ойлголт их байдаг байсан бол цар тахлаас хойш энэ ойлголт өөрчлөгдөн цахимаар номоо байрлуулах хүсэлтэй зохиогчид их ханддаг болсон. Номын сангийн сүүлийн үеийн хөгжлийн хандлагаар цаасан болон цахим номыг хамтад нь хөгжүүлэх нь хамгийн зөв менежмент.  Монголын номын сангуудын хувьд цаасан хэвлэлийг янз бүрийн тоо хэмжээтэй худалдан авдаг. Жишээлбэл, манай номын сангийн хувьд шинээр гарсан, эрдэмтдийн санал болгосон, МУИС-ийн хөтөлбөрийн дагуу номоос дээд тал нь 10 ширхэгийг байнга авдаг. Дэлхийн номын сангуудын чиг хандлагыг харахад  хэдийгээр цаасан номыг хорьдоггүй ч, шинээр хэвлэгдсэн номоос ганцхан ширхэгийг л авдаг. Энэ нь тэнд номын сангийн зээлдүүлэх, хоорондоо ном солилцох систем нь дэд бүтцийн хөгжлөө дагаад сайн хөгжсөн байдагтай холбоотой. Цахимаар уншина гэдэг заавал орон зай хамаарахгүй учир таны цагийг хэмнэх давуу талтай. Тэгэхээр цаасан болон цахим номын санг хамтад нь хөгжүүлэх нь хамгийн зөв систем болоод байна.

 

Манай номын сан олон улстай харьцуулахад технологийн хувьд дутахгүй

-Дэлхийд номын сангийн талаарх онцлогийг нь харуулсан их олон төрлийн жагсаалт бий. Жишээлбэл, хамгийн олон номтой, хамгийн хуучин барилгатай, хамгийн их уншигчтай, барилга нь хамгийн үзэсгэлэнтэй гэдэг ч юм уу. Түүнээс энэ номын сан хамгийн сайн стандарттай гэж ялгах нь ховор. МУИС-ийн номын сан соёлын салбар дотроо анхны ISO9001 стандартыг хэрэгжүүлсэн. Тиймээс улс, орнуудын номын сангийн хөгжил харилцан адилгүй байна. Би хэдхэн долоо хоногийн өмнө АНУ-ын Конгрессийн болоод бусад их дээд сургуулийнх нь номын сантай танилцаад ирлээ. Конгрессийн номын сан бол дэлхийд алдартай шүү дээ. Тиймээс манай номын сангуудад байхгүй, их л мундаг гэсэн төсөөлөлтэй очсон. Хэдийгээр олон улсын номын санчид ажилладаг, каталогжуулалт нь арай өөр түвшинд  байснаас  биш техник технологи, үйлчилгээний хувьд харьцуулахад манай номын сан дутахгүй юм байна гэсэн бодол төрсөн. Мөн тус номын санд монгол номын санч Б.Саруул-Эрдэнийнхээ ажиллаж байгааг хараад баярлах, энэ мэргэжлээр бахархах мэдрэмж төрсөн. Үүнээс гадна баруун Вашингтоны номын санд очиход манайд байхгүй монгол материал их байсан. Энэ мэт монгол судлал хөгжсөн газрууд багагүй байдаг юм билээ. Харин манайд хамгийн их эргэлттэй номыг ав, уншлагад ховор гардаг номыг бараг хадгалах шаардлага байна уу гэсэн хандлага байдаг. Гэтэл номын сангийн хөгжил сайтай оронд маш ховор уншлагад гардаг номыг ч тордоод хадгалдаг.  Мөн цөөн тоогоор худалдаж аваад л байдаг. Номын сангийн чиглэлээр гадаадад ажилладаг номын санчидтай таарах их сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Баруун Вашингтоны Их Сургуулийн номын санд н.Мөнхчимэг гээд монгол номын санч ажилладаг болсон. Мөн Канадын номын санд ч монгол хүн ажиллаж байгаа гэж дуулсан. Энэ мэт манай салбарын мундгууд гаднын оронд ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж, туршлага хуримтлуулж байгаа нь олзуурхууштай. Монголын номын сангуудын хөгжлийн өмнө тулгараад байгаа нэг тулгамдсан асуудал нь нэгдсэн каталог байхгүй. Жишээлбэл, бид нэгдсэн каталогтой бол түүнээсээ хараад манайд байхгүй ном ШУТИС-ийн номын санд нэг, МУБИС-д хоёр ширхэг байна гэдэг ч юм уу. Уншигчдад өөрийн номын санд байхгүй номыг бусад сургуулийн номын сангаас санал болгох боломж бүрдэнэ. Гаднын орнуудад энэ аргыг л хэрэглэж байна. Бүр уншигчийн хүссэн ном өөрийнх нь хотод бус өөр хотын номын санд байгаа тохиолдолд хоёр өдрийн дотор авчрах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Гэтэл манай номын сангууд хэдхэн алхмын наана, цаана л байгаа шүү дээ.  Хэрэв энэ шийдлийг хийчихвэл эдийн засгийн хувьд ч асар их хэмнэлт авчирна. Сургууль хооронд ном солилцоход ч асуудал үүсэхгүй. Зарим нийтийн номын сан их цөөхөн уншигчтай болчихсон харагддаг. Гэтэл их, дээд сургуулийн номын санд суудал олддоггүй байх жишээтэй. Тэгэхээр манай салбарт  хаана төвлөрөл  илүү байна, түүн рүү чиглэсэн улсын бодлого дутмаг байгаа нь ажиглагддаг.  Манай номын сангийн хувьд Монголын анхны 24 цагийн хуваарьтай. Нэг заалаа шөнийн номын сан болгосон. Энэ нь бас хоёр талтай. Нэг талаас нь харахад хүүхдийг заавал шөнө, оройн цагаар ном уншуулж, хичээл хийлгэх шаардлага байна уу. Эрүүл мэндийн хувьд тусгүй гэх нь бий. Нөгөө талаас олуулаа амьдардаг, хичээл хийх тухтай газар байхгүй, оюутны байранд амьдардаг, жижигхэн өрөөг олуулаа түрээсэлдэг ч юм уу төрөл бүрийн шалтгаантай хүүхдүүд бий. Тэдэнд тухтай хичээлээ хийгээд, нойр нь хүрэх, ядрах тохиолдолд амрах газартай номын сан байна гэдэг хамгийн том давуу тал болдог.

 

Номын санчийн чадвар бол зөв төлөвшил, хандлага

 

-Манай салбарт тулгараад байгаа дараагийн гол асуудал нь хүний нөөц. СУИС-д номын санч гэсэн анги байгаа ч сүүлийн хэдэн жил бакалаврын хөтөлбөр нь ч элсэгчгүй болчихсон. Түүнээс гадна яг мэргэжлийн багш бараг байхгүй.  Гэтэл яамнаас нь бидэнд заавал мэргэжлийн номын санч ажиллуулах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Үүнийг дагаад чанарын асуудал яригдана. Гэтэл Орос, Англи, Австрали зэрэг орны номын сангийн салбарыг харахад номын санч хамгийн эрэлтэй, хариуцлагатай мэргэжил гэж үнэлэгддэг. Харин манайд соёлын ажилтны цалин тун бага. Зарим хүн номын санч гэхээр зүгээр л ном уншаад, хүний номыг авч өгөөд сууж байдаг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл номын санчийн ажил их нарийн, хүнд шүү дээ. Номоо каталогжуулахаас эхлээд ачаалал ихтэй. Тиймээс энэ мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулж, ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхийн тулд бас л яам, сургууль, номын сангуудын хоорондох хамтын ажиллагаа, уялдаа холбоо хэрэгтэй байна. Магадгүй СУИС-аас “2+2” гэдэг ч юм уу, төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл элсэгч нь нэмэгдэх ч юм бил үү. Мөн зөвхөн номын санч бус нийгмийн ажилтан, архивын ангийг хамт болгочихвол төгссөн хүүхэд нь хүсвэл номын санч, үгүй бол нийгмийн ажилтнаа хийгээд, хөрвөх чадвартай ажиллаж болно.

Миний хувьд өөрөө хөөцөлдөж байж ажлын байрны тодорхойлолтоо өөрчлүүлсэн. Төгсөгч байхгүй сургуулиас бид ямар ч мэргэжлийн номын санч хүлээгээд ирэхгүй. Тиймээс жишээ нь МУИС төгссөн хүүхдээ өөрсдөө сургаад авсан нь бидэнд илүү амар байна. Номын санч хүний хамгийн том чадвар бол түүний зөв төлөвшил, хандлага байдаг. Учир нь МУИС гэхэд дандаа л эрдэмтэн, мэргэдийн өргөө шүү дээ. Тэгэхээр тухайн номын санч дандаа оюуны өндөр мэдлэгтэй хүмүүстэй харилцана. Мөн хүүхдүүд үйлчлүүлнэ. Тэд чинь тухайн унших номынхоо тухай номын санчаасаа асууна. Тиймээс бид номын санчдаа өөрийнхөө хариуцаж байгаа хэсгийн номуудыг бүгдийг нь уншдаггүй юмаа гэхэд ядаж агуулгыг нь мэддэг байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Харин нэг олзуурхууштай нь манай МУИС архивын ангитай болж байгаа. Мөн номын сангийн чиглэлийн хоёр хичээл орохоор төлөвлөж байна. Үүнийг би манай салбарын ахиц гэж харж байгаа. Үүнээс гадна яамны зүгээс зөвхөн бидэнд мэргэжлийн хүн ажиллуул гэж шаардлага тавихын оронд СУИС-д байгаа номын санчийн ангийг бодлогоор дэмжээд өгвөл энэ салбарын хүний нөөц тасрахад хүрэхгүй. Манай номын сангийн хувьд  номын сан арвижуулах тал дээр анхаарал хандуулдаг, МУИС энэ тал дээр бодлогоор сайн дэмждэг.  Одоогоор манай номын санд 16 төрлийн гадаадын онлайн сан байна. 

 

Яамны зүгээс номын сангуудын чанарын судалгаа, тооцооллыг гаргах ёстой

 

-Уг нь их, дээд сургуулийн номын сангууд Соёлын яаманд харъяалагдах ёстой.  Гэтэл БШУЯ, Соёлын яам хоёрын голд хаягдаад байх шиг ажиглагддаг. Манай Соёлын яамнаас хэрэгжүүлж буй ажил, төслүүд нь зөвхөн нийтийн номын  сан руу л чиглэдэг. Мөн яамны зүгээс аль номын санд уншигч их байна, техник технологийн хувьд юу хэрэгтэй байна, аль нь алинаасаа туршлага судалбал үр дүнд хүрэхээр байна гэсэн судалгаа, тооцооллыг гаргах ёстой. Бид салбар яамны ямар ч дэмжлэггүйгээр өөрсдийн хүчээр хөгжлийн төлөө урагшилж байна. Гэхдээ энэ байдлыг өөрчилж, хамтдаа урагшлах, нийтээрээ хөгжих бодлого явуулах цаг ирсэн гэж боддог. Номын сангууд нэгдсэн нэг каталогтой болоод, онлайнаар холбочихвол бидэнд төдийгүй уншигчдад ч хэрэгтэй. Учир нь манай номын сангаас жилд ганцхан удаа уншилтад гардаг ном орон нутгийн нэг их дээд сургуулийн оюутанд чухал хэрэгтэй байж болно шүү дээ. Тэгвэл тухайн оюутан нэгдсэн каталогоос хараад миний унших ном тэр сургуулийн номын санд байгаа юм байна гээд захиалга өгч болно. Түүнийг нь бид шуурхай шуудангаар явуулдаг ч юм уу. Тухайн шуудан нь эргээд өнөөх номыг нь найдвартайгаар манай номын санд авчирч өгдөг системд шилжмээр байна. Энэ мэтээр бид цахим номын сангаа ч зөв ашиглах шаардлага үүсээд байна. Хэдийгээр бид өөрсдийн номын сандаа шинэ, шинэ ажлуудыг санаачлаад хийж байгаа ч, үүнийг өөр сургуулийн номын сан бас хийж байгаа ч юм бил үү бид мэдэхгүй. Жишээлбэл, зохиогчийн эрхийн судалгаа гэдэг их ярвигтай асуудал. Мөн зохиогч нь зөвшөөрсөн тухайн номыг скайнердаж, цахим болгоход багагүй хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Тиймээс сургуулиудын номын сан нэгдсэн нэг системд орчихвол нэг зохиолчийн номыг заавал хоёулаа зэрэг цахимжуулж, цаг хугацаа алдаж, эдийн засгийн хувьд хүндрэлд орохгүйгээр хоорондоо зөвшилцөөд номоо дундаа ашиглах боломжтой. Мөн бид олон улсын шилдэг сангуудыг өндөр үнээр худалдаж авдаг. Гэтэл түүнийг зарим үед хэдхэн хүнд л уншуулаад өнгөрөх нь бий. Уг нь нэгдсэн зөв бодлоготой байсан бол бид үүнийг зөвхөн МУИС биш бусад сургуультай дундаа авчихвал ганцхан манай сургуулийн бус бүх их, дээд сургуулийн оюутнууд зэрэг уншаад мэдлэгээ нэмэх боломж бүрдэнэ.

Үүнээс гадна МУИС-ийн хувьд олон улсын хуулбарлалт шалгах системийг өөрсдөө хөгжүүлээд ашиглаад явж байна. Энэ нь жишээлбэл, манайд магистр хамгаалах гэж байгаа хүн диплом бичихдээ хэн нэгний өмнө бичиж байсан бичвэрийг хуулбарласан байна уу гэдгийг шалгадаг программ. Гэтэл энэ нь зөвхөн МУИС-ийн номын санд байгаа магистрын ажлууд дээр л шалгана. Хэрэв тухайн хүүхэд ШУТИС-ийн магистрын дипломын ажлыг хуулаад биччихсэн тохиолдолд мэдэхгүй гэсэн үг. Тиймээс энэ системийг ч ялгаагүй бодлогоор дэмжээд, бүх их дээд сургуулийг хамруулаад дундаа нэг хуулбарлалт шалгадаг программтай болчихвол, дээд сургуулийн Монголын ирээдүйн хүний нөөц бэлтгэх үйлсэд тун хэрэгтэй шинэчлэл болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 109 (7353)