УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд суух гурван гишүүний томилгоог хэлэлцэн, дэмжлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг цэцийн гишүүнээс томилуулах санал хүргүүлсэн. Харин УИХ-аас Ц.Цолмонг цэцийн гишүүнд санал болгоод байв. Мөн чуулганаар О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилуулах тухай Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцэн дэмжлээ. Томилгооны сонсголын чуулганаас тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Үндсэн хуулийн цэцийн тухай болон цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн төслүүд УИХ‑ын хэлэлцүүлгийн шатанд байгаа. Энэ дотор тодорхой нэг заалт буюу иргэний үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх нь зөв, буруу тухай маргаан яригдаж байна. Тэгвэл иргэний үндсэн эрхийн маргааныг ҮХЦ хэлэлцэх нь зөв үү гэдгийг гурван нэр дэвшигчээс асууя.
Нэр дэвшигч Р.Батрагчаа:
-Иргэний үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх нь зөв гэж үздэг. Гэхдээ одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулийн төсөлд учир дутагдалтай заалт бий.Цэц шүүхийн шийдвэрийг хянахгүй. Харин шүүхийн хэрэглэсэн тэр хууль нь Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянадаг зарчмаар явах нь зөв юм.
Нэр дэвшигч Ц.Цолмон:
-Иргэний үндсэн эрх зөрчигдсөн эсэх маргааныг цэц хянах нь чухал. Ямар маргааныг яаж шийдэх вэ гэдэг дээр УИХ анхаарч, чамбай шийдэх хэрэгтэй болов уу. Ер нь гаднын улсын жишгээс харахад үндсэн хуулийн маргаан шийддэг байгууллагынх нь үндсэн хийдэг ажил нь иргэний үндсэн эрх зөрчигдсөн эсэх маргааныг шийдвэрлэдэг юм билээ.
Нэр дэвшигч Б.Болдбаатар:
-Иргэний үндсэн эрхийг зөрчсөн эсэхийг цэц авч хэлэлцдэг асуудал нь одоо яригдаж байгаа зүйл биш л дээ. Иргэний үндсэн эрхийг хангах чиглэлээр хэлэлцүүлэг, эрдэмтдийн бүтээл гарч байсан.Энэ хүрээнд УИХ-д өргөн барьсан хуульд энэ асуудлыг тусгасан юм билээ. Хуульч хүний хувиар хэлэхэд энэ бол зөв. Гэхдээ одоо өргөн баригдсан хоёр төслийн хүрээнд харахад энэ маргааныг Үндсэн хуулийн цэц одоо шийдвэрлэж байгаа дөрвөн төрлийн маргаанаас гадна тав дахь маргаан болгон Үндсэн хуульд оруулах замаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зүйтэй болов уу гэж харж байна гэлээ.
Үргэлжлүүлэн О.Машбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцүүлэв.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
- “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжавыг барьж хорьсон гэдэг мэдээлэл явж байна. Би бол Эдийн засаг хөгжлийн сайд. Эдийн засагт хувийн хэвшлийнхний оруулдаг хувь нэмэр их. Хувийн хэвшлийнхэн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг үзвэл Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулж, баривчилсан гэж. Хөгжлийн банкны хэргийг шалгаад, шүүх хурал нь болоод, сонсгол болоод бүх юм дуусан гэж бодсон. Яагаад ийм зүйл хийв гэдэг дээр олон нийт эргэлзэж байна. Элдэв бусаар гүтгэх, хий хоосон зүйлд холбогдуулж, нэр төрийг нь гутаах ажлыг идэвхтэй хийхийн хажуугаар бизнесийнхнийг тэр тусмаа УИХ-ын гишүүн байсан хүнийг сонгуулийн өмнө хорьж байгаад гайхаж байна. Ийм нөхцөл байдалд прокурор хүний хувьд ямар байр суурь барих нь зөв бэ гэдгийг тодруулмаар байна.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар:
-Энэ асуудал бол хууль хүчний байгууллагын ажил учраас бид тодорхой зүйл хэлэх боломжгүй. Аливаа хуулийн байгууллага хууль дээдэлж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хууль хүчний байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн болон бусад нөлөөлөл оролцох ёсгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Прокурорын зөвшөөрөлтэй баривчилсан уу, зөвшөөрөлгүй баривчилсан уу гэж асуусан?
Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч О.Машбат:
-Хэвлэлээр мэдээллийг харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд тухайн хэргийг мөрдөж байгаа мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор хяналт тавьж, хариуцаж ажилладаг. Миний хувьд энэ талаар тодорхой мэдээлэл алга.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-Прокурорын байгууллага хэргийг хянан шалгаж, явуулж байгаа. Хүний эрхийг дээдэлж, ажиллах ёстой. Тухайлсан хэрэг дээр байр суурь хэлэхгүй, хүний эрхийг дээдлэх тал дээр барьж хорих үйл ажиллагаа явж байгаа бол хатуу үндэслэлтэй алхам хийж байх ёстой шүү гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 108 (7352)