Ц.БОЛОР

 

АН-ын даргын зөвлөх, Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганбаатартай ярилцав.

 

-Засгийн газар энэ жилийн төсөвт тусгаагүйг үл тоон таван их наяд төгрөгийн зээлийг малчдад тооцоо, судалгаагүй тарааж буй. Зээлийн зургаан нэгж хувийн хүүгээс давсан хүүгийн төлбөрийг Төвбанкны бодлоготой уялдуулан тооцож Засгийн газраас хариуцан төлнө гэсэн нь Монголбанкны тухай хуулийг зөрчсөн. Түүнчлэн татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байгаа зэрэг сөрөг нөлөөтэйг эдийн засагчид хэлж байна. Энэ талаар та юу гэх вэ?

-“Шинэ хоршоо хөдөлгөөн” бол шинэ зүйл биш. 2012 оны сонгуулийн өмнөхөн С.Батболдын Засгийн газар “Хөдөөг хоршоолох аян” гэж хийсэнтэй яг ижил зүйл.

Нэр нь солигдсон болохоос алдаагаа дахиад давтаж байна л даа. 2011-2012 онд дээрх аяныг өрнүүлж, хоршоодод үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ гэх сургалт, сурталчилгааны ажлыг аймаг, сум, багийн түвшинд зохион байгуулсан ч сонгуулийн дараа тэдгээр ажил нь огт биелээгүй.

“Шинэ хоршоо хөдөлгөөн” бол малчдын саналыг авах зорилготой улс төрийн PR. Нөгөө талдаа “Муу дээр нь муухай, муухай дээр нь улцан” гэгчээр зудад малаа алдаад ядарч яваа иргэдийг нэмээд өрөнд оруулчхаж байна. Найман хүн 200 сая төгрөгийн зээл авлаа гэхэд нэг хүнд 25 сая ногдоно. Өнөөдрийн зээл бол маргаашийн өр гэдгийг мартаж болохгүй. Аж ахуй, бизнесийн зарчимд суралцаагүй, ойлгоогүй, хэдэн малаараа ахуйн хэрэгцээгээ чадан ядан зохицуулж буй малчдын хувьд санхүүгийн эрсдэлд орох магадлал маш өндөр. Хамгийн гол нь хоршоо нь биеэ даасан байгууллага байх ёстой гэсэн зарчмыг алдагдуулж байгааг дурдах хэрэгтэй. Мөн хоршооны нэр хүндэд маш сөрөг нөлөөтэй. “Хөдөөг хоршоолох аян” өрнүүлэхээс өмнө улсын хэмжээнд 2700 хоршоо байсан бол шууд л 3500 болж нэмэгдсэн. Тухайн үеийн сонгуулийн дараа маш олон хоршоо идэвхгүй болж, татварын өрөнд ороод үлдсэн. Одоо энэ байдал давтагдана. “Нүүрсний” сонсгол гэдэг шиг “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий сонсгол болно гэдгийг баттай хэлье.

Зүв зүгээр явж байсан олон хүн хэрэгт татагдана. Эхлээд улс төр болон мэдээлэлд хамгийн ойр хэсэг нь хожно. Манай хоршоодод ийм хэмжээний мөнгө аваад, төсөл хэрэгжүүлэх боловсон хүчний нөөц байхгүй. Ямар ч бэлтгэлгүй байхад гэнэт хийсэн юм ямар ч үр дүнд хүрэхгүй. Одоогийн эрх баригч МАН-ыг дахин сонгох ганц шалтгаан нэрлэ гэвэл байхгүй шүү дээ.

-Таван их наяд төгрөг манай нийт төсвийн мөнгөний хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

-Таван их наяд гэдэг бол Монгол Улсын энэ оны батлагдсан төсөв болох 27 их наядын тавны нэгтэй тэнцүү шахуу мөнгө. Энэ нь төсвийн мөнгийг янз бүрийн аян, хөтөлбөр нэрээр луйвардаад сурчихсаныг баталж байна. Цар тахлын үеэр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гэж хэрэгжүүлээд “Ингэж болдог юм байна” гээд 10 их наядыг туучихсан. Яг үнэндээ хэрэгтэй эздэдээ очсон нь дуслын төдий. 12-хон жилийн өмнө “Хөдөөг хоршоолох аян”-ыг зарлах үед манай улсын төсөв таван их наяд төгрөг байсан. Үүнтэй ижил дүнтэй мөнгийг “Шинэ хоршоо хөдөлгөөн” нэрээр үрж байна.

Улстөрчдийн малчдад зээл олгож буй энэ “хайр” бол хайр биш шүү. Харин ч зовлон дээр нь зоолж байгаа хэрэг. Өнгөрсөн өвөл нийт мал сүргийн 10.1 хувь хорогдсоныг энэ удаа ашиглаж байна. Эдийн засгаа “алсан” ийм хөтөлбөр эрх баригч намаас л гарна. Ардчилсан нам хэзээ ч ийм юм хийдэггүй. Хадгаламж, зээлийн хоршоодын хэрэг 2001, 2002 онд гарсан. Мэдээлэлд ойр, түрүүлж мөнгөө оруулсан нь хожсон бол маш олон хүн хохирсон. Яг л “Бэлтэсмөрөн”-гийн хэргийн понзи схем шиг. “Шинэ хоршоо хөдөлгөөн” яг энэ алдааг давтана. Мэдээлэлд хамгийн ойр, МАН сонгуульд ялбал зээлээ эргэн төлөхгүй хүмүүс эхлээд авч байгаа. Жирийн малчид хамрагдахад зээл нь жинхэнэ дарамт болно. “Адуу дагаж илжиг пижигнэнэ” гэж үг бий. Үүн шиг л зүйл болно гэдгийг мэдээд зарим хэрсүү малчин болгоомжилж буйгаа хэлж байна лээ. Гэхдээ улс даяар бэлэн мөнгөний хомсдолд орсноос шалтгаалж цөөнгүй малчин эл зээлийг олдсон дээр нь авчихъя гэж хандаж байна. Зээлтэй малчид ахиад нэмж зээл аваад, зээлийг зээлээр дарна гэдэг нь архи уучхаад шартаад, архиар дарахтай яг адилхан. Гэтэл энэ бол өр. Дээгүүр мөнгө завшсан хулгайч нар идээд өнгөрдөг бол малчид энэ зээлийг авснаар тэр айлын амьдрал тэр чигээрээ хэцүүднэ.

Стратегийн, хүнсний аюулгүй байдалтай холбоотой газар тариалан, хөдөө аж ахуйн салбарыг эрх баригчид албаар хорлож байна. Өнгөрсөн оны байдлаар манайд 5100 орчим хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн статистик бий. Нэг сумд дунджаар 10-15 хоршоо бүртгэлтэй гэсэн үг. Энэ нь цөөн хүн амтай манай улсын хувьд багагүй тоо юм. Төрийн зүгээс хоршоодын чанарт анхаарах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болохоос цөөн гишүүнтэй, чадамжгүй олон хоршоотой болгох ёсгүй.

-“Шинэ хоршоо хөдөлгөөн”-д ийм их хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагагүй гэж зарим эдийн засагчид хэлж байна?

-Монгол Улсад 298 мянга орчим малчин бий. Тэд нийт 1.4 их наяд төгрөгийн зээлтэй. Дунджаар нэг малчин өрх 10 сая төгрөгийн зээлтэй байна. Гэтэл “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр дамжуулан олгох зээлийн дүн дээрхээс бараг дөрөв дахин их байгаа биз. Өнгөрсөн зуднаар 4816 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан бол 509 өрх огт малгүй болсон. Уг нь зөвхөн энэ зорилтот бүлэгт анхаарахад л хангалттай байв. Байгаа олж “буудъя” гэсэн бол тэдний асуудлыг шийдэхэд 53 тэрбум төгрөг хангалттай. Гэвч бүхэл бүтэн таван их наяд төгрөг тарааж байгаа нь төсөвт маш том дарамт болно. Нэг далим олж аваад л мөнгө завшдаг, ямар увайгүй гэдгээ дахиад л харууллаа, эх баригч нам.

-Нөөцийн махыг хатуу барьсан үнээр зарж байна. Үнийг хатуу барих нь сөрөг олон зүйлийг дагуулж байх шиг?

-Өнөөдрийн байдлаар нөөцийн, хонины мах кг нь 8900, ямааных 6900 төгрөгийн үнэтэй байна. Махны үнийг ингэж хатуу барих нь мал аж ахуйн салбараа боож унагааж, дампууруулж байгаа явдал. Бэлчээрийн талхлалтыг ч нэмэгдүүлж байна. Үүнээс гадна байгаль цаг уур, ган, зудын давтамжаас халширсан малчид төв рүү нүүж, одоо хөдөөд мал маллах хүнгүй болж байна. Нэг кг махны ханшийг 8900 төгрөгт барьж, бусад түүхий эд нь үнэгүйдээд байгаа үед уламжлалт мал аж ахуй дампуурах нь тодорхой. Ер нь нөөцийн мах гэж байх ёсгүй. Энэ бол бас л улс төрчдийн мөнгө цохидог арга. Чөлөөт зах зээлийг коммунист аргаар удирдах ёсгүй.

-Малчдыг залхуу байна, өвс тэжээлээ хангалттай бэлтгэдэггүй гэхчлэн шүүмжлэх нь бий. Хүний хөдөлмөрөөс илүүтэй уур амьсгалын өөрчлөлт мал аж ахуйд нөлөөлж буй өнөө үед энэ салбараа хөгжүүлэх ямар гарц гаргалгаа байна вэ?

-Саяхан Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдтэй уулзах үеэр тэнд дөрвөн жил бороо ороогүйг хэлсэн. Сумын төвийн иргэд нь аймгийн төв болон зэргэлдээх сумдаа очиж мах худалдаж авдаг, малчидгүй болчихсон гэнэ лээ. 2017 онд Германы хөгжлийн агентлагийн хийсэн судалгаанд Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн гэж дурдсан. Ер нь манай улс цаашид 70 сая малын тэжээл бэлтгэх үү, гурван сая хүний хүнс бэлтгэх үү гэдэг сонголттой тулгарна. Тэгэхээр таван их наядыг тооцоо, судалгаагүй үрэн таран хийх бус, тохиромжтой бүсүүдэд малын тэжээл тариалах хоршоодыг л дэмжихэд анхаарах шаардлагатай юм. Энэ салбарт маш их хүн хүч, хөрөнгө шаарддаг учраас тэр. Ийм тэжээлийг өвөлжилт хүндэрсэн газарт хүргэх тээврийн зардал өндөр байдаг. Байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалж өвлийн улиралд хүссэн, хүсээгүй малаа тэжээх шаардлага гарах учраас үүнийг тарих, тээвэр ложистикийн асуудлыг нь шийдэхэд хөнгөлөлт үзүүлэх гэхчлэн нэн шаардлагатай ажилд хөрөнгө зарцуулах ёстой байлаа, уг нь.

-Ер нь малчид яаж амьдрах ёстой юм бэ. Өвөр Монгол, Төвөд шиг малаа хашаалах ёстой юм уу. Тэнд бэлчээрийн газаргүй болсон гашуун сургамж бий гэдэг?

-“Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөс малаа хашаалах тухай санаа цухалзаад байгаа. Үүний хүрээнд хоршоо бүрд таван га газар үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн байна лээ. 5000 гаруй хоршоонд үнэгүй олгох таван га газрыг авах сонирхол өндөр байгаа. Аймаг, сум бүрийн эдэлбэр газрын хэмжээ орчин нөхцөл харилцан адилгүй. Хоршоодод ногдох газрын хэмжээг тооцвол 25 000 га буюу 250 000 000 ам метр талбайг тэд эзэмшихээр байна. Энэ нь байгаль экологи, бэлчээр ашиглалтад хэрхэн нөлөөлөх талаарх үндэслэл, судалгаа огт хийгдээгүй. Хоршоодын тоо нэмэгдэхийн хэрээр эзэмших газрынх нь хамрах хүрээ ихэснэ, үүнийг дагаад маш олон сөрөг нөлөө гарах нь ойлгомжтой.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН ялж, олонх болох нь иргэд төдийгүй Монгол Улсад зайлшгүй хэрэгтэйг онцолж байна?

-Одоогийн эрх баригч МАН-ыг дахин сонгох ганц шалтгааныг та надад хэлээч. Байхгүй шүү дээ. Тэдний балгаар жишээ нь, 30 гаруй настай сонгогчийн хувьд амьдралынх нь гуравны нэг нь ямар ч утгагүй өнгөрсөн гэсэн үг. Одоо ер нь гэрэлтэй, гялтайх юм юу байна вэ? МАН чөлөөт эдийн засгийг төвлөрсөн тогтолцоот эдийн засаг шиг удирдаж буй нь машинаар бол ухрах араанд нь хийчхээд, гацаагаад байгаагаас ялгаа алга. Үнэ чөлөөтэй байх ёстой. Одоо манайд мал аж ахуй, эрчим хүч гэхчлэн, ер нь улаан гэрэл асаагүй салбар байна уу? Угтаа бодлого зөв байсан бол худалдан авах чадвартай иргэдийг бий болгоход анхаарах ёстой байсан. МАН бүх салбарыг хүчээр барьсаар байгаад унагааж дууслаа.

Ер нь хяналтгүй Засгийн газар гэдэг чинь хаалгаа хааж байгаад л дээрэм хийчихдэг юм байна. УИХ гэдэг байгууллага бодлогоор хангах, удирдан чиглүүлэх үүрэгтэй биз дээ. Гэтэл эсрэгээрээ улсын их хулгайчид гэгдэж байна. Би бүр гайхаад байдаг юм. Яаж удирдахаараа өөрсдийнх нь хэлснээр ийм улны түвшинд иргэдээ амьдруулаад байдаг юм, бүү мэд.

Өнөөдөр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх боломж улам бүр хомс болчихлоо. Тэгж санагдахгүй байна уу? Нэг намын дарангуйлал хэрээс хэтэрч, ардчилал, хүний эрх, бизнес эрхлэх орон зай, эрх чөлөө улам бүр хумигдаж байгааг зайлшгүй өөрчлөх шаардлагатай.

-Дэлхийн банкнаас хамгийн сүүлд танилцуулсан судалгаанд 2022 оны байдлаар манай улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарсныг дурдсан. Мөн ядуурлын шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь нь нэмж ядууралд өртөхөд ойрхон байгааг сануулсан?

-Ядуурал бараг 50 хувьд хүрчихсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг айлд ажил явдал болоход тэднийд өдөрт гурван удаа орж ирж хоол идэх хүн байна шүү дээ. Хөдөөд иргэдийн бодит амьдрал ийм л өрөвдөлтэй байна. Иргэдийн амьдрал маш хүнд байгааг юухнаас ч харж болно.

-Таныг “Өндөр Ганбаа” гэдэг юм билээ. Та ХБНГУ-д суралцсан байх аа?

-Би намхан биш байгаа биз дээ (Инээв). Би Засгийн газрын тэтгэлгээр Хамбург хотод бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Олон улсын төсөл, хөтөлбөр, байгууллагад ажиллаж байсан хүний хувьд өнөөдөр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа явуулахад улам бүр хүнд болж байгаад харамсдаг. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмждэг, хүний эрх, шударга ёсыг дээдэлдэг, хуулийн засаглалтай, цомхон чадварлаг төртэй улс орныг ирээдүй хойчдоо хүлээлгэн өгөх, “нэг л биш болсон” нийгмээ өөрчлөхийн төлөө зүтгэж л явна. Энэ удаагийн сонгуульд МАН мөнгөндөө найдаж байгаа бол АН иргэддээ найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)