Базарбямбын НЯМСҮРЭН

 

 “Хиймэл оюун ухаан цаашид хаа хүрч зогсохыг хэн ч таашгүй, хүн төрөлхтөн сэтгэхүйн танин мэдэхүйн эрин үе рүүгээ орчихсон” хэмээн доктор профессор, ахмад дипломатч Даваадаш гуай ярьж байна. Тэрээр 80 насны босгон дээрээ 253 жилийн өмнөх Кантын онолыг эх хэл рүүгээ буулгаж хэвлүүлсэн бөгөөд түүний номын хэлэлцүүлэг МУИС-ийн нийгмийн шинжлэх ухааны тэнхимүүдийн оюутан суралцагчид энэхүү хэлэлцүүлэгт оролцож эрдэмтэн багш нараас номын дуу сонслоо. Агуу И.Кантыг орчуулсан минь хойч үеийн залуусын оюун санааны гарын авлага болоосой гэж хүссэнийх юм шүү” хэмээн захих Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор ахмад дипломатч Ч.Даваадаштай ярилцлаа.

 

-Юуны өмнө И.Кантыг орчуулах болсон тухайгаа бидэнд сонирхуулахгүй юу?

-Миний 80 насан дээрээ өлгийдөж авсан Кантын 57 насандаа бүтээсэн “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” гэж хүн төрөлхтний танин мэдэхүйд эргэлт гаргасан энэ бүтээлийн талаар хэлэлцүүллээ.

Миний хувьд их том учир холбогдолтой ярилцлага боллоо. МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим оюутан, суралцагчдадаа аль болох оюунлаг яриа, хэлэлцүүлэг олон зохиох болсны нэг нь гэж ойлгож хүлээж авсан. Би 253 жилийн дараа Кантын энэ агуу бүтээлийг орос, англи хэлнээс орчууллаа. Ялангуяа өнөөдөр хүн төрөлхтний оюун сэтгэхүй цэцэглэн хөгжиж, хиймэл оюун ухаан төрөлжиж байгаа энэ үед И.Кант, Ф.Гегелийн сэтгэхүй танин мэдэхүйн суурь онолын ач холбогдол үнэ цэн цоо шинээр тавигдаж байгааг харах таатай байна. Энэ цаг үед сэтгэхүйн оргил болсон зохиолыг орчуулаад монгол түмэнд хүргэж байгаа минь Монголын ард түмний ирээдүйд, тэр дундаа оюунлаг залуус хойч үеийнхний хэтийн төлөв нээгдэж байгаагийнх гэж ойлгож байна. Үүндээ ч би их урамшиж байгаа.

Өвгөн болсон би өнөөдөр хойч үедээ л юм үлдээхийг бодож байгаа болохоос өөрт хүртээх зүйл гэж байхгүй. Тэгэхээр энэ сайхан хүн төрөлхтний танин мэдэхүйн онол арга зүйг боловсруулсан, ертөнцийн арга зүйг бий болгосон энэ агуу сэтгэгчийн бүтээлийг олонд хүргэхийн төлөө энэ номыг орчуулсан. Тиймээс аль болох олон хүнд хүргэж, уншсан судалсан оюунлаг хүмүүсийн мөнхийн бүтээл бүтээхэд нь тус болоосой гэж хүсч байна.

-Та яриандаа “253 жилийн өмнөх энэ бүтээлийн үнэ цэн одоо ч хуучраагүйгээр барахгүй одоо үед шинээр утга агуулга нь гарч ирлээ” гэж хэлж байсан. Энэ талаар жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Өнөө үе бол их өөрчлөгдсөн. Одоо мэдэж танин мэдэхүй биш, сэтгэж танин мэдэхүй гэдэг асуудал нэгдүгээр зэрэгт гараад ирлээ. Тэгвэл сэтгэж танин мэдэхүй ийм чухал болсон цагт Монголын залуусын сэтгэж танин мэдэх оюун ухааны оньсыг тайлж, түлхүүрдэж оргилуулах нь хамгийн чухал асуудал болчихоод байна. Хүн төрөхлтөн Кант, Гегелээр амьсгалах болж байна. Ер нь аливаа зүйлийн эрин үе ирдэг байхгүй юу. Үүнээс өмнө Кант, Гегелийг нэгдүгээр зэрэгт тавьдаггүй, харьцангуй бага байсан. Одоо бол дэлхийн оюунлаг хэсэг Кант, Гегелээр амьсгалж байна.

-Үүний гол шалтгаан нь юу бол?

-Хүн төрөлхтний оюун сэтгэхүй цэцэглэн хөгжиж хиймэл оюун ухаан гэдэг агуу зүйл бий болж, бүх л салбарт төрөлжиж эхэллээ. Дайн байлдааны зэвсгээс эхлээд энх цагийн үйл ажиллагаа, эмнэлэг эрүүл мэнд гээд бүх амьдралын орчинд нэвтэрчихлээ. Энэ нь цаашаа улам гүнзгийрээд агуу их болоход нөгөө сэтгэхүй гэдэг зүйл хамгийн чухал. Тэгэхээр сэтгэхүй бол дандаа бүтээх гэж оргилон буцалж байдаг, бүтээлч сэтгэлгээ бол хүнийг бий болгосон, ертөнцийн үндэс суурь юм гэж хэлээд биччихсэн. Тэгэхээр Монголын залуучууд  хаа ч байсан оргилж байх, бүтээлч үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд гаргаж тавиахад энэ гарын авлага болно, ширээний ном болно. Энийг эзэмшихгүйгээр хэзээ ч хол явахгүй.

-Таны насны хүнтэй орчин үеийн технологи, хиймэл оюун ухааны хөгжлийн талаар ярилцаад суух их сайхан байна. Сэтгэхүйн хамгийн гүн гүнзгий ойлголт агуулсан алдартай номыг орчуулсан оюунлаг хүний хувьд та орчин үеийн хиймэл оюун ухааны хөгжлийг хэрхэн ойлгож, хүлээж авдаг вэ?

-Хиймэл оюун ухааны өнөөдрийн хөгжил оюун сэтгэхүйн энгийн функц дээр л ажиллаж байна. Хардаг, сонсдог ч юм уу ойр зуурын програм хийгээд боловсруулдаг, дрон явуулдаг зэрэг өдөр тутмын зүйл дээр дөнгөж хөгжиж эхэлж байна. Цаашид сансар огторгуйтай холбоод, хүний сэтгэхүйтэй холбогдоод ирэхээр энэ бол хүчрэгдэхийн арга болно. Энэ рүү хүн төрөлхтөн угаасаа явна. Ингэж явахдаа нэг аюул байгаа нь өөрийгөө сөнөөх аюул гарч ирдэг. Нөгөө их хөгжлийг нь хяналтаасаа алдчихдаг. Түүнээс биш жинхэнэ програм,  датагаа бүрэн чадлаараа боловсруулаад гаргаад ирдэг цаг ирэхэд хиймэл оюун ухаан хүний оюун сэтгэхүйг ч орлох хэмжээний тийм хүчирхэг байдлаар хөгжиж чадна. 

-Хүний тархитай ижил түвшинд очно гэх гээд байна аа даа?

-Яг тийм. Гэхдээ хүний тархитай ижил болоход хэцүү. Хүний тархин доторх процесс үйл ажиллагаа гэдэг ямар агуу гэдгийг бид одоо бүрэн таньж мэдээгүй байгаа шүү дээ. Бид ердөө зах зухаас нь л мэдэж байгаагаас биш цаашаа гүнзгий танин мэдэхүйг судлаж дуусаагүй байна. Жишээ нь био-анагаах гэж салбар байна. Гарын хурууны дөнгөж үзүүрт жаахан өргөс ороход бүх организм мэдээлэл аваад тэр өвчинтэй тэмцэж эхэлдэг. Тэгж хоорондоо синхрон ажиллана гэдэг асар нарийн холбоотой. Одоогийн хиймэл оюун ухаан дөнгөж хүй нэгдлийн шатандаа яваа. Энэ бол цаашаа бүр гүнзгийрээд ирэхээр юу болохыг ч бид одоо мэдэхгүй.

-Та юун дээр үндэслэн ийм дүгнэлт хийх болов?

-Нэгдүгээрт би одоо хийгдэж байгаа анхны алхмуудаас харж байна. Хоёрдугаарт, сансартай харьцаж байгаа байдал, гуравдугаарт хүн төрөлхтний сэтгэхүйн агуу их нөөц хүч рүү нэлээн дөхөж орж байгаагаас ингэж харж байна. Ялангуяа Квант физиктэй холбож ойлгохоор ийм дүгнэлт хийхээс аргагүй. Квант физик бол ирээдүйн маш олон зүйлийн зангилаа юм. Энэтэй холбогдуулаад космотологи, ертөнцийн тогтолцоо гээд олон зүйл цоо шинээр тавигдана. Кантын гол санаа нь хүн бол сэтгэгч амьтан учир өөрийн оюун ухаанаа зоригтой ашиглаж сур гэдгийг л бичсэн байдаг.

Тэнд асар их нөөц боломж бий. Тэгэхээр оюун ухаанаа зоригтой ашиглаж сурахад тархи гэдэг зэвсгээ л таньж мэдэх хэрэгтэй.  Шинжэх ухаан тэр гүнзгий түвшин рүү ойртож байна. Гэхдээ энэ нэг талаар монголчуудад цоо шинэ зүйл биш. Монголчууд энэ талаар нэлээд ойлголттой байсан байгаа юм. Жишээ нь, уламжлалт эмнэлэг хий, бадгана гэж ярьдаг даа. Энэ бол сэтгэхүй дээр тулгуурласан зүйл. Лабораториор хий, бадгана гээчийг гаргаж ирж чадаагүй л байна. Тэгвэл одоо үед лабораториор гаргаж ирдэг шат өнгөрсөн. Одоо хүний агуу ертөнц рүү орох үүд хаалга руу алхам алхмаар дөхөөд л байна. Өнөөдөр Хар нүхний онолыг нээлээ гэж шуугиад байсан бол маргааш өөр бас агуу нээлт гарахад шинжлэх ухаан улам ойртож байгаа. Эйнштэний Харьцангуйн онол, Квант физик, дээд тэнгэрийн онол гээд ар араасаа, ертөнцийн нууцыг тайлсан шинэ нээлтүүд гараад л байна. эЭэ онолууд алхам алхмаар цаашаа явна, зогсоно гэж хэзээ ч байхгүй. Тиймээс  хүн төрөлхтөн хэзээ ч сэтгэхээ зогсохгүй, цаашаа улам л оргилно. Хүний сэтгэхүй гэдэг буцалж, оргилж улам хөгжиж байдаг жамтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)