“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт МУИС-ийн доктор, профессор О.Мөнхбатыг урилаа. Тэрээр тус сургуулийн дэргэдэх шинжлэх ухаан технологийн “Улаанбаатар” паркийн захирлаар ажиллаж байна. Өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн дэргэдэх гарааны бизнес, стартапуудыг хөгжүүлэх “Багш аюутны стартап-2024” хөтөлбөрийн үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.
Их сургууль мэдлэг түгээгч төдийгүй баялаг бүтээгч болсон
Блиц
МУИС-ийн профессор О.Мөнхбат
Боловсрол:
1990 онд: ОХУ-ын Казаны Улсын Их сургуулийг Социологич мэргэжлээр төгссөн
1999 онд: МУИС-д Нийгмийн давхраажил, ялгарал сэдвээр Социологийн ухааны Доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.Эрдмийн Цол хүртсэн байдал:
2017 онд: МУИС-ийн Профессор
2006 онд: МУИС-ийн дэд профессор
Эрхэлсэн ажил, албан тушаал:
2023 оноос: МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн захирал
2022 оноос: МУИС-ийн Улаанбаатар сургуулийн захирал
2019 оноос: МУИС-ийн Нийгмийн ухааны хүрээлэнгийн захирал
2017 оноос: МУИС-ийн Профессор,
2013 оноос: Сургалт эрхэлсэн дэд захирал, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал
1991 оноос: 2014 хүртэл МУИС-д багш болон Нийгмийн Судалгааны Хүрээлэнгийн Захирал, Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн Эрхлэгч.
1990-1991 он: Улстөрийн Дээд сургуульд (одоогийн Удирдлагын Академи) багш,Гадаадын Их дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан туршлага:
2019 онд: БНХАУ, Шандуны их сургуульд зочин судлаач
2017 онд: БНСУ-ын Хансонг их сургуульд зочин судлаач
2007-2010 онд: АНУ-ын Колумбын Их Сургууль, Нийгмийн Ажлын Сургуульд зочин багш дадлагажигч,
2002-2003 онд: БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуульд зочин судлаач
•2006 оноос: МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр өнөөг хүртэл ажиллаж байгаа.
•2012 оноос: Азийн философийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
-Би МУИС-д 34 дэх жилдээ ажиллаж байна. Нийгэмд нэг тогтсон ойлголт байдаг. Их сургууль гэж юу вэ гэсэн асуултад хүмүүс голдуу боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэдэг гэсэн өнцгөөр илүү хардаг. Гэтэл энэ бол өнгөрсөн зууны ойлголт. Тэгвэл энэ зуунаас эхлээд их сургууль өөрөө үйлдвэрлэгч, материаллаг баялгийг бүтээгч гэсэн ойлголт бий болсон. Энэ нь их сургууль бол шинжлэх ухааны салбарт зөвхөн мэдлэг бий болгодоггүй, бий болгосон мэдлэгээ инновац болгодог юм байна. Тэр инновац технологи нь улс орны хөгжлийн нэг тулгуур болдог, эдийн засгийг хөгжүүлдэг юм байна гэсэн ойлголт нь XXI зууны тодорхойлох чиглэл болж байгаа. Мэдлэгт суурилсан нийгэм олон эрдэмтэн төрүүлснээрээ эсвэл олон их дээд сургуулийн төгсөгчдөөр хэмжигддэггүй. Мэдлэгт суурилсан эдийн засаг бол инновац технологийг бий болгодог, түүндээ түшиглэсэн үйлдвэрлэлийг бий болгодог, тэднийгээ дагаад хүн бэлтгэх боловсон хүчний хөгжил ч давхар явж байдаг. Энэ утгаараа Монголын их сургуулиудын үүрэг их өөр болж байна. Зөвхөн хүн бэлдээд зогсох биш, зузаан зузаан ном бичээд мэдлэг бий болгох биш энэ зүйлээ амьдралд хэрэгжүүлдэг. Эдийн засагт нэмэр болдог, шаардлагатай байгаа шинэ техник технологийг хөгжүүлэхэд бодитоор оролцдог байх гэдэг ойлголт хүчтэй бий болсон. Өөрөөр хэлбэл, их сургууль бол шинжлэх ухааны хөгжлийн том тоглогч болоод хувирчихсан. Ингээд ирэхээр нэг асуудал гарч ирдэг нь эрдэмтэн хүн, судлаач хүн лабораторид шинэ технологийг бий болгож байна. Гэхдээ тэр технологи шууд эдийн засагт нэвтэрчихдэггүй. Лабораторийн түвшинд туршина гэдэг энэ чиглэлийн технологи байж болох юм байна гэдгийг онолын хэмжээнд шийдэж байгаа гэсэн үг. Үүний дараа эдийн засагт нэвтрэх хүртэл асар их зай байгаа. Эдийн засаг, лаборатори хоёрын хоорондын энэ зайг “үхлийн хөндий” ч гэж ярьдаг. Яагаад гэвэл маш олон сайн сайхан технологи энэ “үхлийн хөндий”-д алга болдог, амилж чаддаггүй. Эрдэмтэн хүн гэдэг шинэ санаа технологийг бий болгодог, гэхдээ тэр хүн бизнесмен биш, үйлдвэрлэгч биш, зах зээлийн мэргэжилтэн биш. Тэгэхээр зах зээлд нэвтрүүлэх шатандаа мухардалд ордог. Тийм учраас “мухардлын булан”, “үхлийн хөндий” зэргээр янз бүрээр хийдэг. МУИС-ийн хувьд шинээр хийж хэрэгжүүлж байгаа нэг ажил бол энэ хөндийг даван туулахад нь чиглэсэн бүтэц бий болгоё гэж Шинжлэх ухаан технологийн “Улаанбаатар парк” гэдэг бүтэц бий болгосон. Их сургууль түшиглэсэн инновац технологийн парк гэдгээрээ Монгол Улсдаа анхдагч болсон гэж хэлж болно. Дэлхий дээр ийм паркууд асар хурдтай хөгжчихсөн байхад манайх одоо л эхэлж байна. Тэгэхээр бид нэлээд хоцорчихсон, галт тэрэг хөдлөөд явчихсан, бид араас нь хөөж гүйцэх л хэрэгтэй.
Дэлхий дээр 10 стартап гарахад нэг нь л “амилдаг”
-МУИС-ийн “Багш оюутны стартап 2024” бол багш оюутнуудын санал санаачилга дээр тулгуурласан, аажмаар гарааны компани болох боломжтой багуудыг бойжуулж, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэхээр сүүлийн арав гаруй жил зохион байгуулагдаж байгаа ажил. Сүүлийн дөрвөн жилд “РиоТинто” групптэй хамтран ажиллаж байна.
Дэлхий дээр 10 стартап гарахад нэг нь л “амилдаг” гэж ярьдаг.
МУИС-ийн стартап хөтөлбөрөөс сүүлийн арваад жилд цөөнгүй компани бий болсон, гэхдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь олон биш. Гол шалтгаан нь юу вэ гэхээр “үхлийн хөндий”-н асуудалтай тулгараад байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухаан технологийн “Улаанбаатар” парк ямар зорилго тавьж байна вэ гэхээр “soft” болон “hard” гэсэн хоёр дэд бүтцийг бий болгохоор зорьж байна. Soft бүтцийн хувьд гарааны компани гэж юу юм, гарааны компанийг яаж байгуулдаг, яаж оюуны өмчөөр баталгаажуулж хууль эрх зүйгээр хамгаалах юм, яаж бизнес болгон хувиргадаг юм, бизнес төлөвлөгөө яаж хийх, маркетинг, зах зээлийн судалгаа гээд бүх профессыг зааж сургах зорилготой. Hardware-ийн хувьд бий болсон технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд технологийн зүгшрүүлэлтийг хийхэд чиглэж байна. Лабораторид туршилтаар хэдхэн мг бодис бий болгож байсан бол үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хэдэн тонноор нь яригдана. Тэгэхээр энэ тохиолдолд үйлдвэрлэлээ яаж хийх вэ гэдэгт hard бүтэц чиглэнэ. Энэ бүтцийг бий болгохын тулд эхний ээлжинд үйлдвэрлэлийн гурван шугам бий болгож байна. Нэгдүгээрт, хатуу суурьтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хоёрдугаарт шингэн суурьтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, гурав дахь нь тосон суурьтай бүтээдэгхүүн үйлдвэрлэх цех байгуулж байгаа. Тэгээд лабораторийн түвшинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хагас үйлдвэрлэлийн түвшинд бий болгож эхэлж байна. Ийм үйлдвэрлэлийг явуулахад хаа хамаагүй газар ажиллуулж мэдээж болохгүй. “Apple” компани гаражид анх эхэлж байсан зэргээр домог шиг яриа байдаг. Тэр бол тухайн үеийн л нөхцөл байдал байснаас биш өнөөдөр бид гаражид үйлдвэрлэл эхэлж болохгүй. Ялангуяа хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн асар өндөр стандарт шаарддаг болсон. Жишээ нь GMP буюу Good Manufacturing practice ч юм уу стандартыг хангасан барилгад үйлдвэрлэлийг явуулах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ стандартыг хангахын тулд МУИС дэд бүтцийн орчинг бүрдүүлэх шаардлагатай учир “Улаанбаатар” парк стандартад нийцсэн дэд бүтэц байгуулах ажлыг хийж байна. Хоёрдугаарт, JICA-ийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “1000 инженер” төслийн хүрээнд бас тоног төхөрөөмжийн санхүүжилтийг хийж байна.
МУИС-ийн нэг онцлог бол технологи хөгжүүлэлт гэдэг үндсэн чиг үүргийнх нь нэг болоод хэвшчихсэн. Дээр нь бид асар их чадавхитай. 800 гаруй багш нарын талаас илүү нь гадаад дотоодын томоохон их дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан, туршлагатай, мэдлэгтэй эрдэмтэд байна. Үүн дээр 20 гаруй мянган оюутнууд 100 гаруй чиглэлээр суралцаж байна. Энэ дурдсан тоонууд бол МУИС-д хэр их потенциал боломж байна гэдгийг харуулж байна гэсэн үг. Энэ утгаараа паркийг хөгжүүлэхэд их нэмэр болж байгаа.
Олон тийш, олон газар руу хөрөнгө хаяснаас цөөн газруудаа дорвитой дэмжих хэрэгтэй
-Технологийн хөгжил гэдэг асар хурдан явчихсан, бид их л хожуу эхэлж байна. Гэхдээ боломжууд байна. Төрийн тууштай бодлогын дэмжлэгүүд байх хэрэгтэй. Алсдаа мөнгө санхүүгийн дэмжлэг ч хэрэгтэй. Ер нь их сургуулиудыг сүүлийн хэдэн жилд зүгээр хаячихсан. Хэдэн оюутан цуглуулаад тэднээсээ төлбөрөө аваад цалингаа ч өгнө, судалгаа шинжилгээгээ ч хийнэ, технологио ч хийнэ. Гэтэл энэ бол хаана ч байхгүй практик. Их сургуулиудтай харьцуулахад ШУА бүх зүйлээ төрөөс авч байгаа, 100 хувь зөвхөн судалгаагаа хийдэг байгууллага. Гэтэл их сургуулийн багш нар хичээлээ заана, оюутнуудтайгаа ажиллана, судалгаагаа хийнэ, дээр нь санхүүжилтээ өөрөө олно. Тэгсэн мөртлөө МУИС олон үзүүлэлтээр ШУА-ийн өмнө яваа. Сүүлийн жилүүдэд их сургуулиуд Шинжлэх ухааны академиас илүүтэй шинэ техник технологийг бий болгодог боллоо. Гэхдээ дандаа ингээд хэдэн багш нарын нуруун дээр ачааг нь үүрүүлчихээд үргэлжлээд байж болохгүй. Залуучууд яагаад би өөрийгөө их сургуульд өөрийгөө золиослох ёстой гэж боддог болж. Компаниуд их сургуулиас тав дахин өндөр цалин амлаад сайн боловсон хүчнийг өөрсдийн болгоод авчихаж байна. Тэгэхээр миний бодлоор төрийн зөв бодлого бол олон тийшээ олон институц руу хөрөнгө хаях биш, цөөхөн хэдэн газартаа чанартай хөрөнгө оруулалт хиймээр санагддаг.
Монгол Улс шинжлэх ухаан технологийн паркийг байгуулах хэд хэдэн оролдлого хийж ирсэн. Одоо ч гэсэн Боловсролын яамны дэргэд шинжлэх ухаан технологийн парк байгаа. Мэдлэгийг бий болгодог, боловсруулдаг тэр газарт технологийн парк хөгжих бүрэн боломжтой. Үнэнийг хэлэхэд манай улсад шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагаа сул, төдийлөн хөгжөөгүй байдаг. Бидний хувьд их сургуулийг түшиглэсэн парк учраас хүний нөөц, бий болгосон мэдлэг патентууд байна. Их сургууль гэхэд 60 гаруй патенттай, 100 гаруй зохиогчийн эрхтэй бүтээл бий болгосон. Энэ бэлэн оюуны бүтээл нь байгаа учраас эдгээрийг “үхлийн хөндий”-д нүд аниулахгүйн тулд хөгжүүлэх асуудал боломжтой.
Хандлагаа өөрчлөх нь хамгийн чухал
-Аливаа зүйлд асуудал байвал ажил явна гэсэн үг. Санхүү мөнгөний гол асуудал мэдээж хаана ч бий. Гэхдээ паркийн хөгжлийн хамгийн гол зүйл бол хүмүүсийн хандлагыг өөрчлөх. Тэр байтугай судлаач хүний хандлагыг хүртэл өөрчилмөөр байдаг.
Технологи хөгжүүлэлт гэдэг ганцхан инженер, технологи, байгалийн ухааны салбарыг хамарсан зүйл биш. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар ч үүнд оролцож болдог гэсэн өөрчлөлтийг бий болгох шаардлагатай. Сүүлийн үед стартап хөтөлбөрт оролцож байгаа шинжлэх ухааны салбар, багуудыг харж байхад МУИС-д ч энэ хандлага их өөрчлөгдөж байгаа нь сайшаалтай. Өмнө нь зөвхөн байгалийн ухааны хэдэн баг ордог байсан бол нийгэм, хүмүүнлэг, хэлний сургуулийн багш оюутан багууд ч идэвхтэй оролцдог болсон. Тэгэхээр технологи хөгжүүлэлт гэдэг бол бүх шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаа юм байна гэдгийг ойлгодог болж.
Дараагийн асуудал бол бодлого, эрх зүйн орчинд дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага бий. Сүүлийн жилүүдэд манайх бодлогын орчинд томоохон өөрчлөлт орж шинэ хууль тогтоомжууд батлагдаж байна. Энэ бол сайн. Гэхдээ эдгээр хуулийн уялдаа холбоо муу. Жишээ нь шинэ хуулиар гарааны компаниуд маш олон хөнгөлөлт эдлэхээр байгаа шүү дээ. Гэтэл яг хэрэгжүүлдэг дээрээ татвар ч юм уу, гааль нь хүлээж авах нь эргэлзээтэй. Тэр хүмүүс өөрсдөдөө хамаатай дүрэм журмаа барьдаг, бусад хууль тогтоомж хамаагүй гэж ярьдаг ч хүмүүс бий шүү дээ. Энийг өөрчилнө гэдэг бол нэлээн том ажил. Энэ бол бодлогын түвшинд хийх ёстой асуудал. Сүүлийн үед харьцангуй инновац технологи гэж ярьдаг болоод байгаад их баярлаж байгаа. Ямар ч гэсэн энэ чиглэл рүү явах нь зөв гэдгийг бодлогын хэмжээнд ойлгож байгааг харахаар “дээдэс нь суудлаа олчих болов уу” гэсэн горьдлого байгаа. Улсын Их Хуралд ч Инновац технологийн байнгын хороо байгуулагдсан, тусдаа яам хүртэл ажиллаж байгаа гээд олон ахиц гарч байгаад хувьдаа талархаж байгаа.
Дотоодын компаниудынхаа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг соёлтой болъё
-Инновац технологийн хөгжилд хэрэгцээтэй байгаа бас нэг чухал зүйл бол хүмүүсийн хэрэглээний асуудал. Ядаж л хэдэн дотоодын компаниудынхаа бий болгосон, технологи дээр тулгуурласан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг соёлтой болмоор байна. Жишээ нь манай дээр хөгжүүлсэн эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүнийг аваад үзье л дээ. Монголд үйлдвэрлэсэн гэхээр яг адил үйлчилгээтэй гадаадын бараа бүтээгдэхүүнээ авах гээд байдаг. Мэдээж ингэхээр манай гарааны компаниуд дэлхийн хэмжээний аваргуудтай өрсөлдөх хэрэгтэй болж байгаа юм. Эм, эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл яалт ч үгүй дэлхийд танигдсан том брэндтэй өрсөлдөх хэрэгтэй болдог. Тэгэхээр ядаж баглаа боодол нь хүртэл чанартай, өнгө үзэмжтэй, маркетинг сайтай байх зэрэг өөрсдөөс үл шалтгаалсан бизнесийн шаардлагууд хүссэн хүсээгүй тэдний өмнө тулгарч байгаа. Үүнийг хүмүүс зөвөөр ойлгодог болоосой гэж хүсдэг. Нөгөө талаар үндэсний гэгддэг зарим үйлдвэрлэл маань сүүлийн үед өөрсдийгөө гутаачихаад байна. Өөрсдөө бий болгоогүй, гаднаас авчирч нэр хаяг шошго наагаад тэрнийгээ үндэсний үйлдвэрлэл гэж яриад байхаар хүмүүс дургүйцдэг. Гэхдээ их сургуулиудын дэргэдэх гарааны компаниуд бол жинхэнэ бор зүрхээрээ өөрсдөө судалгаа шинжилгээнээс нь эхлээд бүх юмаа хийгээд явж байгаа. Тэгэхээр үүнийг аль аль талдаа ойлгож хэрэглэдэг соёл бий болгомоор байна. Жишээ нь, манайхаас эрүүл мэндийн цай үйлдвэрлэдэг компани “Монос”-той лицензийн гэрээ байгуулаад явж байгаа. Борлуулалтаас нь их сургууль тодорхой хэмжээний роялти авдаг юм. Гэхдээ борлуулалт нь асар бага. Яагаад гэвэл хүмүүс нөгөө л брэнд цайнуудаа авдаг. Уг нь монгол цай нь цэвэр байгалийн гаралтай, эрүүл бүтээгдэхүүн байхад хүмүүс гадаадын мэддэг брэндийн цайгаа л авах жишээтэй. Тэгэхээр аль аль түвшиндээ үүнийг ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 104 (7348)