Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр "Мишээл экспо"-д 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаа гурван өдөр үргэлжилнэ. Энэ үеэр иргэд, аялагчид дотооддоо болон гадаад руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцаж болно. Мөн сонголтоо хийж, захиалгаа хямдралтай үнээр авах, аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос авах боломжтой. Үзэсгэлэнд аялал зохион байгуулагч мэргэжлийн байгууллагууд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, сувиллын газар, аяллын мото, машин түрээс, аяллын тоноглосон машин танилцуулга, худалдаа, аяллын даатгалын үйлчилгээ, нислэгийн тийзийн агент, авиа компани, аяны хэрэгслийн худалдаа, аяллын клуб, аяллын газрын зураг, номын худалдаа, аяллын программ /app/ танилцуулга, 21 аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчилгаа, музей, үзвэрийн газар, Шинжлэх ухааны академи, хүрээлэнгийн мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ. 

"Цайны их зам" компанийн "Эмээл брэнд" нь монгол дарханы уран аргыг орчин цагийн технологитой хослуулан бүтээж өөрсдийн ялгарлыг бий болгожээ. Эмээлийнхээ түүхий эдийг дотоодын "Дархан нэхий", "Дархан минж", "Мон ирээдүй" компаниас авдаг бөгөөд Итали, Турк улсын чанартай үхрийн ширийг ашиглан үйлдвэрлэсэн байна. Мөн дотоодын үйлдвэрүүдийн боловсруулсан арьс, ширийг ашиглан Англи, Австрали, ковбой, хүннү загварын эмээлүүд болон түүний дагалдах хэрэгслүүд болох богц, гутлын түрий, өвдгөвч гэсэн 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ.Энэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд таниулан хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цэрэг, цагдаагийн эргүүл хамгаалалт, байгаль хамгаалагчид, сонирхогчид, уралдаан тэмцээнд оролцогчид гэсэн олон салбарт борлуулан хэрэглэгчдийн гарт хүрсээр байна. 

Орчин үеийн байгальд ээлтэй жорлон.Энэ жорлон нь ус шаардахгүй, янз бүрийн хэрэгцээ, нөхцөлд бүрэн нийцсэн бохирын шийдлийг зохион хөгжүүлдэг. Шатаах технологи нь шингэрүүлсэн хий, цахилгаан эрчим хүч гэсэн эрчим хүчний эх үүсвэлийг хэрэглэдэг. Цахилгаан эрчим хүчийг салхи, нарын эрчим хүчнээс гаргаж авах боломжтой юм байна.

1989 оноос Үндэсний өв соёлыг түгээгч "Түмэн эх" чуулга хэмээн нэрлэгдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. "Түмэн эх" чуулгын шинэ байр  аравдугаар сард ашиглалтад орох юм байна. 

 

"Орд гэр" компанийн нарсаар үйлдвэрлэсэн, дотроо ариун цэврийн өрөөтэй монгол гэр үзэсгэлэнг сонирхохоор ирсэн олны анхаарлыг татаж байлаа.

72 мянган хүн амтай Завхан аймаг нь Ардын хувьсгалтай зэрэгцэн байгуулагдсан анхны таван аймгийн нэг. Үүсэл хөгжил, хүн зон, байгаль экологийн шавхагдашгүй баялаг өв түүхтэй, XVI зуунаас эхтэй Халхын гурван аймгийн голомт залгасан онцлогтой нутаг ажээ. Завхан аймаг байгальд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэх бодлого баримталж, нүүдэлчдийн соёл уламжлалыг хадгалах, сэргээх, уул усныхаа түүх домгийг бичиглэх, соёлын олон талт судалгааг хийх, жуулчдыг татаж орон нутгийнхаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх, байгалийн археологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд багагүй ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа аж.

 

Аялагч та Увс аймгийг зорих гэж байгаа бол Улаангом хотоос баруун зүгт 31 км яваад Тариалан суманд ирж цааш Хархираа, Түргэний бэлчирт хүрч өндөр уул, мөнх цас, мөсөн голуудыг харж, байгалийн сайхныг мэдрэх боломжтой. Мөн тэндээс таван км орчим явганаар явж Цагаан хэрц гэдэг газар очно. Тэнд та эгц өндөр хадан цохио, түргэн, Хархираа голын уулзвар, хүн чулуун хөшөө, түргийн үеийн хиргэсүүр, нүүдэлчин амьдралын хэв маягтай танилцана. Мөн аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс, тарвага, хойлог, ятуу, тас шувууг харж болно. 

Эх сурвалж www.zms.mn