Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин "Парис-2024" олимпын наадамд оролцох эрх авсан тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаад одоогоор Монголын хүндийн өргөлтийн спортоор цорын ганц эрхийг аваад буй гавьяат тамирчин М.Анхцэцэгийг онцолж байна.
81 кг-ын дэлхийн топ
Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдөх тамирчдын нэрсийг тавдугаар сарын 15-ны өдөр эцэслэн зарлажээ. Энэ жингийн “топ 10”-т Ази тивээс хоёр тамирчин багтсаны нэг нь Монгол Улсын тамирчин М.Анхцэцэг байв. Өнгөрөгч сард болсон олимпын эрхийн сүүлийн тэмцээний дараа манай тамирчны чансаа 13-т байсан юм. Дүрмийн дагуу зөвхөн эхний 10 тамирчинд "Парис 2024" тийз олгох байв. Тэгвэл Хойд Солонгосын тамирчин жингээ тэргүүлж байгаа ч энэ удаагийн олимпод өрсөлдөхгүй болжээ. Үүнээс гадна эрх авсан зарим орны тамирчид энэхүү жинг сонгоогүй учир М.Анхцэцэг X байрт бичигдэж, гурав дахь олимпын наадамдаа өрсөлдөхөөр болжээ.
Манай тамирчин анх 16 насандаа "Nanjin 2024" залуучуудын зуны олимпын наадамд шагналт дөрөвдүгээр байрт орж байсан бол "Rio 2016"-д VIII байр, "Tokyo 2020"-т мeдальд нэг алхам ойртож IV байрт орсон билээ. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ы өдрийг Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр хэмээн тэмдэглэдэг. Учир нь 2017 оны энэ өдөр АНУ-д болсон хүндийн өргөлтийн ДАШТ-ээс Мөнхжанцангийн Анхцэцэг Монгол Улсын анхны хүрэл медалийг авчирч, энэ спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж явна. Тэрээр 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. Ингээд 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.
Эх орныхоо дээд амжилтыг 70 удаа шинэчилжээ
М.Анхцэцэг Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоосон байдаг. Тэрээр “Алдар" спорт хороонд харъяалагддаг, тангараг өргөсөн, цэргийн хүн. Айлын том охин бөгөөд дороо хоёр дүүтэй ажээ. М.Анхцэцэг 2021 онд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод болсон хүндийн өргөлтийн ДАШТ-нд 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр дэлхийд хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин баталсан юм. М.Анхцэцэг 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байв. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн босон түүхтэй. Энэхүү ДАШТ-д манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол дэд байрт шалгарсан Узбекистаны Т.Уабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар ижил 244 кг-ыг өргөсөн байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 103 (7347)