Ж.Тэнүүн
"Иргэдийн шударга шүүх" ТББ нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн шүүхийг шударга болгоё уриа дор шүүх засаглалаа өөрчлөхийн төлөө 18 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ. Тэд энэ хугацаанд 200 гаруй хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2000 гаруй шүүгч, прокурор, цагдаа нартай холбоотой гомдол, мэдээллүүдийг олон нийтэд хүргэсэн байна. "Иргэдийн шударга шүүх" ТББ нь анх 2007 оны тавдугаар сарын 29-ны өдөр "Шүүхийг шүүе" хэмээх цуглааныг эрх чөлөөний талбайд зохион байгуулж байжээ. Тэр цагаас хойш гурван жил тутамд тогтвортой арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн. Тэд ээлжит эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг энэ сарын 29-ны лхагва гарагт "Puma" зочид буудалд нээлттэй зохион байгуулахаар болсон байна.
Энэ талаар "Иргэдийн шударга шүүх" ТББ тэргүүн Х.Бат-Ялалт "Монгол Улсын шүүх засаглал хямарч, доройтолд хүрээд байна. Тодруулбал Улсын их хурал, Засгийн газар маань ч гэсэн шүүх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах байдал ажиглагдаж байна. Тэд хэн нэгнийг шүүж, яллаж, хорих ангиас хэн нэгэн ялтныг авчирч нэр бүхий хэргийн талаар яриулж байгаа нь өөрөө маш харамсалтай. Нөгөө талдаа шүүхийн байгууллага эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж иргэдийн эрхийг зөрчиж эрүүдэн шүүж, хүчээр ял тулгах байдал ихэссэн. Бид одоогоор шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон, эрүү шүүлт амссан 15 мянган иргэний гомдлыг хүлээн авч, дүн шинжилгээ хийсэн. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгээр дамжуулан шүүх засаглалын эрх мэдлээ хэтрүүлэн иргэний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүж буй асуудлыг хөндөх болно" гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn