Ж.Тэнүүн 

Өнөөдөр намууд УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн нэрсийг зарлана. АН-ын Үндэсний жигүүр хөдөлгөөнөөс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, намын дарга Лу.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарыг өргөдлөө өгч намаас гарахыг шаардаж "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат "Ардчилсан хувьсгал эхэлж 30-иад жил өнгөрсөн. Тухайн үед төрж байсан нярай өнөөдөр идэр насны залуу боллоо. Гэвч Монголын ардчилал тийм байсангүй. Ардчилсан нам дотор Ц.Элбэгдорж, түүний гар хөл болсон С.Баярцогт, Лу.Гантөмөр нар даргын суудал гарч өнөөдөр дахин УИХ-д нэр дэвшихээр санаархаж байна. Эдгээр хүмүүс бол хулгайч, луйварчид. Тэд дахин төрд гарвал дахиад л хулгай, луйвраа хийсээр байх болно. Ердөө өөрсдийн эрх ашгийн төлөө АН-ы 200 мянган гишүүний эрхийг зөрчиж, хохироохоор хуйвалдсан байна. Учир нь нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хорооны долоон хүн бүгд тэдгээрийн гар хөл бологсод. Бид БЗС-ийн асуудалтай Лу.Гантөмөрийг намын дарга болсноос хойш эсэргүүцэж, огцрох шаардлага тавьж ирсэн" гэв. Үргэлжлүүлэн АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Д.Алтанхуяг "Ц.Элбэгдоржийн бүлэглэл Ардчилсан намын сонгон шалгаруулах хороог удирдаж байна. Үүнээс сонгуульд ямар хүмүүс өрсөлдөх нь харагдаж байна. Бид үүнийг эсэргүүцэж байна. Хэрвээ эдгээр хулгайч, дээрэмчдээ нэр дэвшүүлэхээр болбол бид нам доторх тэмцлийг эхлүүлэх болно. Сонгуулийн үед ч эсэргүүцлээ илэрхийлж эсрэг байр сууриа хадгална" хэмээн хэллээ.

Мөн дээрх нэр дурдагдсан хүмүүс бол АН-ы ердөө хэдхэн гишүүн. Тэд намыг бүрэн тодорхойлохгүй. Сонгууль ойртсон энэ цаг мөчид АН дотоод цэвэрлэгээг хийж хулгайч, луйварчдаасаа салах ёстой хэмээн онцоллоо. 

Эх сурвалж: www.zms.mn