С.УРТНАСАН

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг эргүүлэн татах талаар иргэний нийгмийн байгууллагуудаас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тус мэдээллээр иргэний нийгмийн байгууллагууд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буйгаа илэрхийлсэн юм. “Баян шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор “Монгол улсад уран олборлох гэрээг Оранотай хийх гэж байгаатай холбогдуулан гэрээ хийх нөхцөл нь бүрдээгүй гэсэн шаардлагыг төрийн тэргүүнүүдэд хүргүүлэх гэж байна. Ураны шар нунтгийн нөлөөгөөр олон хүмүүс хордож амьдрах орчин хязгаарлагдах эрсдэлтэйг мэдсээр байж хуулиас давсан хууль батлуулж хүн ардаа хохирооход хүргэсэн шийдвэрээ эко эдийн засаг гэх мэтийн үгээр халхалж болохгүй” гэсэн юм. Мөн энэ үеэр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн мал эмнэлгийн ухааны доктор С.Цэрэнчимэд: - Цөмийн энергийн тухай хууль гэсэн нэртэй том хууль гаргаж түүний далбаан доор бүхнийг нууж байна. 2012 онд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборторт Т.Бадамжунай сайдын тушаалаар “Байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо тандалтын тасаг” нэртэй тасгийг байгуулж би эрхлэгчээр нь ажиллаж байв. Энэ үед уул уурхайн ашигт малтмал олборлосноос болж малын халдваргүй өвчин ихээр дэгдсэн. Тухайн үед мал эмнэлгийн төв лабортороос цөмийн энергийн газар руу  олон тооны баримттай, баримт бичгийг явуулсан ч монголд оношлогдоогүй одоо ч байдаггүй өвчний нэр зохиож ураны хор уршгийг нуун дарагдуулж өнөөдрийг хүргэсэн хэрээс хэтэрч байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn