Ж.Тэнүүн

"Үнэн ба зөв" намын төлөөллүүд өөрийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан уул уурхайн ордуудыг хувьдаа эзэмшиж, хөлжсөн гэх 30 гэр бүлийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  

Энэ талаар "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар "Бид эх орныхоо байгалийн баялгийг бүх иргэддээ тэгш хүртээхийн төлөө явж байгаа. Энэ бол бидний гол зорилго тиймээс энэ асуудлаар тууштай тэмцэх болно. Бид 30 гэр бүл гэж яригдаж байгаа гэр бүлүүдийн талаарх мэдээллүүдийг та бүхэнд хүргэж байгаа. Анх "Цагаан суварга"-ын ордыг 100 хувь өөрийн эзэмшилд оруулсан Н.Номтойбаярын гэр бүлийн тухай мэдээлж хууль шүүхийн байгууллагад хандаж цаашлан АТГ-д шалгуулах хүсэлт гаргасан. Гэвч нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэх үндэслэлгүй гэх шийдвэр гарсан. Монголд хууль хүчний байгууллагатайгаа нийлж хулгай хийдэг жишиг тогтсон байна.  Ингэж чадаагүй жирийн иргэн 10-20 жилийн ял авч байна. Харин чадсан хүмүүс нь ордонд орж байна. Нэг ёсондоо хууль гаргаж хулгай хийдэг зам руугаа явж байна.

Өнөөдөр энэхүү хэвлэлийн хурлаар дамжуулан "Монполимет" группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг АТГ-д хүргүүлнэ. Учир нь түүний компани урт нэртэй хуулийг зөрчиж гол мөрний урсац бүрэлдэх,  усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алт олборлох үйл ажиллагааг явуулж ирсэн. Ц.Гарамжав нь Эрчим хүчний дэд сайдаар томилогдон ажиллах үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт давуу байдал үүсгэн дээрх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг сэргээж дахин эхлүүлсэн байх магадлалтай. Мөн тухайн орд газрыг "Монполимет" компани хууль бусаар шилжүүлэн авсан байж болзошгүй байна. Түүнчлэн Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларын зээлээр АНУ-д өндөр зэрэглэлийн хаус худалдаж авсан гэх мэдээлэл бас бий. Тиймээс эдгээр мэдээллийг харгалзан үзэж "Монполимет" группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ард түмний боломжийг хулгайлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж нийт зургаан үндэслэлээр шалгуулахаар болоод байна" гэв. 

Эх сурвалж: www.zms.mn