Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан. Энэ үеэр Газрын тосны үйлдвэр барих төсөл үргэлжилж байгаа ч тус үйлдвэр хангалттай хэмжээний түүхий эдгүй болох эрсдэл бий болсон тухай мэдэгдсэн. Танай компани дотооддоо газрын тосны үйлдвэр байгуулахаар олон жил судалгаа шинжилгээ хийж төсөл боловсруулж ажилласны тухайд таны байр суурийг сонирхвол?
- БНХАУ-ын төрийн өмчит “Петрочайна Дачин Тамсаг” компани цаашид манай улсад хийх хөрөнгө оруулалтаа бууруулж, ОХУ руу хөрөнгө оруулалтаа чиглүүлэх шийдвэрийг Бээжин дэх толгой компани нь шийдсэн гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар энэ сарын 17-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр мэдэгдсэн тухай gogo.mn сайт мэдээлжээ.
Энэ нь Монгол Улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар дотоодын түүхий газрын тосны олборлолт нөөцгүйн улмаас боловсруулах үйлдвэрийн хэрэгцээг хангах боломжгүй болох нь тогтоогдсон учир түүхий эдийн ханган нийлүүлэлтийн импортын боломжуудыг судлах чиглэл өгсөнтэй холбоотой.
Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэвэл хятадын компани үйл ажиллагаагаа хумих шийдвэр нь манай талын дарамт шахалт элдэв жижиг зүйлээс болсон бус ерөөсөө Тамсагийн нөөц үндсэндээ дуусаж байгааг гэрчилж буй нотолгоо юм.
Тиймээс энэ ордод нэмж цооног гаргах хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд ирэх бизнесийн ашиг харагдахгүй нь ойлгомжтой болсон учраас бусад орон болон ОХУ руу хөрөнгө оруулалтаа чиглүүлэх нь ашигтай гэж үзэж Монгол улсыг орхиж байна гэж хэлж болох нэг үндэслэлтэй юм.
Нөгөөтээгүүр, тухайн компани ийм мэдэгдэл хийснээр үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж, нэмэлт хөрөнгө оруулалтаа шийдвэрлүүлэх гэсэн санаархал байхыг үгүйсгэхгүй. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ цаг үед давхцаж БНХАУ-д айлчлал хийх болсонтой хамаарал байх магадлал өндөр. Өнөөдөр ОХУ, Украины хоёр жил үргэлжилсэн дайны уршиг тус улсын газрын тосны зах зээлд хүндрэл учруулаад байгааг бүгд мэдэж байна. Энэ нь хойд хөршөөсөө шатахууны хамааралтай манай улсад ч том хүндрэл үүсэхээр байна.
-Тэгэхээр Засгийн Газар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхдээ дотоодод олборлосон тосоор хангах тухай зөвлөмж шийдвэрийг арван жилийн дараа анзаарч нөөцийн хангамжийн талаар өнөөг хүртэл мэдэхгүй явж ирсэн болж байна уу?
-Монгол Улсад анхны газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийн санаачлагч бөгөөд удирдагч Монгол улсын нэрт эдийн засагч, төрийн сайд агсан, академич Т.Намжим Зүүн бүсийн Тамсагийн сав газрын ордын газрын тосны ашиглалтын нөөц нь манай улсын газрын тосны бэлэн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад хүрэлцээгүй болох тухай хайгуулын баримт материал дээр суурилсан үндэслэл тооцоогоо төр засгийн удирдлагуудад удаа дараа танилцуулж, хэвлэл мэдээлэлд тавьж байсан. Энэ нөхцөл байдлыг 2008 онд боловсруулсан Дархан-Уул аймагт барьж байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-д тусгасан юм. Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компани Зүүн бүсийн Тамсагийн сав газрын ордын хайгуулын дүнд нийт нөөцийг 330 сая тонн гэж Монгол Улсын Газрын тосны агентлагт тайлагнасан. Үүнээс олборлох боломжтой буюу өрөмдсөн цооногоос техникийн хувьд соруулж авах боломжтой хэмжээ нь 10 хүртэл хувь байдаг тул ашиглалтын нөөц нь 33 сая тонн болох тухай олон улсын мэргэжилтнүүд тогтоосон. Ингээд 2012 онд АМГТГ болон Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компани хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийн дагуу Хятадын компанийн олборлох тосны ердөө 24 хувь нь Монголын талд, 76 хувь нь хятадын талд ногдож байна. Хэдийгээр 2011 онд 359 мянган.тонн газрын тос олборлосон боловч гэрээнд жилд 1.5 сая тонн олборлоно гэж заасан байдаг. Энэ заалт нь анхнаасаа бодит бус байсан гэдгийг олборлолтын хэмжээ 2015 онд хамгийн ихдээ 1.1 сая тоннд хүрсэн байдаг. 2022-2023 онд 360-500 мянган тонн болж огцом буурсныг Гаалийн мэдээ харуулдаг. Академич Т.Намжимын дэвшүүлсэн үндэслэл тооцоог харгалзан үзсэнээр Засгийн газар 2011, 2013 онд Дархан-Уул аймагт жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хоёр удаагийн тогтоолыг батлахдаа түүхий тосыг импортоор хангахаар шийдвэрлэсэн юм. Гэвч 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ҮАБЗ-ийг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарын шаардлагаар хуралдуулж 14/06 тоот зөвлөмж гаргасан нь “Монгол Улсад байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэр нь дотоодод олборлож буй тосыг боловсруулах хэрэгтэй” гэсэн. Энэ нь тухайн үедээ олон нийтэд төдийлөн анзаарагдаагүй өнгөрсөн байдаг юм. Энэ зөвлөмжийн үндэслэл тооцооны тухай танилцуулга огт байдаггүй. Тухайн үед энэ зөвлөмж нь газрын тосны импортыг хориглосон хатуу дагаж мөрдөх ёстой хууль гэж үзсэн. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хятадын нэр бүхий компани нэг сая тонн хүрэхгүй хэмжээний газрын тос олборлож байсан. Энэ зөвлөмж нь түүнээс өмнө УИХ, Засгийн газраас удаа дараа гарсан тогтоол шийдвэрүүдэд Дарханд жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай заасан бөгөөд бэлтгэл ажлууд нь амжилттай хангагдаад явж байсан төсөлтэй зөрчилдсөн зүйл болсон. 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас “Говийн бүсэд жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах болон Дорнод аймагт жилд 300 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр тус тус барих” тогтоол баталсан. Дараа нь 2015 онд Бор-Өндөрт жилд 2.3 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэхдээ эдгээр үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөцийг дотоодоос хэрхэн бүрдүүлэх нь тодорхойгүй мөн л дээрх зөвлөмжтэй зөрчилдсөн алдааг давтсан. Ингэж ҮАБЗ нь Газрын тосны үйлдвэр нь байгуулах асуудлыг бүрэн будилаантуулсан байдаг. Шинээр 2016 онд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар нь өмнө гарсан ҮАБЗ-ийн зөвлөмжийг дагах байр сууртай мэт байсан нь энэ будилааныг арилгахад нэмэр болоогүй юм. Ингээд 2017 оны хоёр сар хүртэл хэсэг чимээгүй байсны эцэст нэг тогтоол гаргасан нь Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэхдээ мөн адил дотоодын түүхий тосыг ашиглана гэсэн байсан. Энэ тухай академич Т.Намжим 2017 оны дөрөвдүгээр сарын сарын 17-ны “Өдрийн сонин”-д хамгийн сүүлд өгсөн “Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар Засгийн Газар зохисгүй шийдэл бүү гаргаасай” гэсэн гарчигтай ярилцлагадаа “Тамсагийн газрын тосны нөөц нь хүрэлцээгүй, боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллагааг дотоодод олборлосон газрын тосоор хангах боломжгүй нь тодорхой болсон тул дээрх буруу зөвлөмжийн дагуу явж ирсэн алдаатай бодлогоо нэн даруй засаж залруулах шаардлагатайг анхааруулъя” гэж ярьсан байдаг.
-Дотоодод хайгуул хийх, газрын тосны нөөц нэмэгдүүлэх боломж хэр юм бол?
-УУХҮ-ийн яамны сайд асан Г.Ёндон 2022 онд УИХ-д хийсэн мэдээллээр Хятадын компани 1500 цооног өрөмдөж түүнээс 600-г ашиглаж ирсэн. Тамсагийн XIX, XXI талбайд хайгуул хийгээд 2012 онд эдгээрийн тус бүр 2.8 хувь болон 8.5 хувтай тэнцэх талбайд ашиглалтын лиценз аваад өнөөг хүрсэн байна. Түүний мэдээлснээр нэг км өрөмдлөг нь 2.5 сая ам.долларын үнэ өртөгтэй тул нэг цооног нь 3-4 орчим сая доллар зардалтай гэж байсан. Үүнээс үзэхэд газрын тосны талбайд бүрэн хэмжээний хайгуул хийхэд хэдэн мянгаар тоологдох цооног өрөмдөх шаардлагатай болох нь харагдаж байна. Тэгвэл 2000 цооног өрөмдөхөд 6-8 тэрбум ам.доллар хэрэгтэй. Энэ их зардлыг эргэн төлөх баталгаа байхгүй шүү дээ. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг Хятадын тал ч гаргахгүй гэсэн байна. Дээр нь нэгэнт хайгуул хийж нөөцгүй болох нь тогтоогдсон талбайд дахин давтан хайгуул хийх нь үр дүнд хүргэхгүй. Өмнө өрөмдсөн 1000 цооногийг ашиггүй тул орхисон байдал нь үүнийг харуулж байна. Тэгээд ч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ХХК-ийн зүгээс гадаадын 50 гаруй компанид хайгуул хийх тухай санал явуулсан боловч огт хариу ирүүлээгүй нь үүний нотолгоо.
-Танай “Монголсэкию” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын сайд, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт академич Т.Намжим гуай амьд сэрүүн байхдаа Дарханд Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн Японы талтай хамтарч боловсруулсан. Энэ төслийн үйл явц ямар шатанд байна вэ?
-Угаасаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулан үндэсний аюулгүй байдлыг хангаж, геополитикийн эрсдэлээс сэргийлэх нь хамгийн тэргүүлэх ач холбогдолтой болохыг өнөөгийн нэгэнт даамжирсан нөхцөл байдал, орчин тойронд өрнөж буй үйл явдал бэлхнээ харуулж байна.
Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан төрийн сайд, нэрт макро-эдийн засагч, академич Т.Намжим агсны санаачилсан Монгол улсад анхны газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг 1996 онд санал болгож, хэрэгжүүлэх үйл хэргийг төр засгийн бодлогын хүрээнд 2006 онд эхлүүлсэн. Япон улсын засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банк болон корпорацуудтай хамтран 2008 онд барууны өндөр хөгжилтэй орнуудын стандартаар техник эдийн засгийн үндэслэлийг анх удаа боловсруулсан Дархан-Уул аймагт барьж байгуулах жилд хоёр сая тонн Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт хөрөнгө оруулалтаа өөрийн үйл ажиллагааны ашиг орлогоор богино хугацаанд бүрэн эргэн төлөх чадамжтай, эдийн засгийн өндөр үр ашигтай, дэлхийд тэргүүлэх өндөр технологи дээр суурилсан Япон улсын буюу олон улсын хамгийн дээд стандартын бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг өнөөгийн импортын үнээс хямдаар нийлүүлж, байгаль орчин болон нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүй болохыг баталсан. Улмаар 2013 онд Техникийн зураг төсөл, Байгаль Орчны Нөлөөллийн Нарийвчилсан Үнэлгээ боловсруулж, ЕРСС contract буюу Газрын тос боловсруулах үйлдвэр “key turn” буюу “түлхүүр гардуулах” нөхцөлөөр барьж байгуулах гэрээ байгуулснаар 2014 оны нэгдүгээр сарын 1-нд барилгын ажил эхэлж, 2018 оны долоодугаар сарын 31-нд ашиглалтад орох барилгын ажлын график батлагдсан байсан.
УИХ, Засгийн газрын 2008-2013 онд гаргасан таван удаагийн тогтоолуудад байршлыг Дарханд барихаар тогтоосон. Төслийг санхүүжүүлэх Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /JBIC/ Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх шаардлагын дагуу Монгол Улсын Уул уурхайн яам, “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК байгаль орчны үнэлгээний мэргэшсэн тусгай зөвшөөрөлтэй “Санни трейд” компаниар БОНБҮ-г хийлгэсэн. Уг үнэлгээний тайланг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам баталгаажуулж байгаль орчинд болон хүн амын эрүүл мэнд, нийгэм ахуйд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байх нь тогтоогдсон.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллар. Хөрөнгө оруулалтын 85 хувийг Японы JBIC банк 10 жилийн хугацаатай 2.4 хувийн хүүтэй зээлээр, 15 хувийг Токио-Мицубиши банкны экспортын зээлээр санхүүжүүлэхээр тохиолцсон. Энэ тухай Монгол, Японы Засгийн газрын хооронд 2013 онд байгуулсан Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт /2013-2017/ тусгасан. Түүнчлэн уг үйлдвэрийн төслийн лицензийн гэрээг Япон, Францын корпорацтай байгуулаад байна. Төслийн эдийн засгийн үр ашгийн тооцоог, баталгаатай байх үүднээс газрын тосны үнийг дэлхийн зах зээлийн жишгээр тооцсон. Мөн бензин шатахууны дотоодын бөөний борлуулалтын үнийг одоогийнхоос 15-20 хувиар хямд байхаар тооцсон. Жилд дунджаар 1.1 тэрбум ам. доллартай тэнцэх нэмүү өртөг бүтээнэ. Энэ хэрээр манай улсын ДНБ-ий өсөлтөд нөлөөлөх юм. Улсын төсөвт НӨАТ болон ААН-ийн орлогын албан татварт жилд 350 сая орчим ам.долларын орлого төвлөрүүлэх тооцоотой. Мөн 600 ажлын байр бий болно. Хөрөнгө оруулалтын зардлыг дөрвөн жилд эргэн төлөх боломжтой. Хэрэв энэ үйлдвэр 2018 онд ашиглалтад орсон бол өнөөдөр хөрөнгө оруулалтаа бүрэн төлж дуусахад 3-4 жил үлдэх байслаа. Гэхдээ одоо ч хэрэгжүүлэхэд Японы тал байр сууриндаа хэвээрээ байгаа. Мэдээж манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой байх болно. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг ОХУ, Япон,Казахстаны газрын тос олборлогч болон ханган нийлүүлэгч корпорацтай гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээ одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ.
-Ер нь газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж, нөөцийн талаар та юу хэлэх вэ?
-Мэдээж, дотооддоо олборлосон тосоо боловсруулбал нэн сайн. Гэхдээ түүхий эдийн нөөц, олборлох арга зам тодорхой нөхцөлд Монгол Улсын газрын тосны хангамжийг олон улсад бүрэлдэн тогтсон хамтын ажиллагааны арга зам, хууль журмын хүрээнд цогцоор шийдвэрлэх нь зүйтэй. Тухайлбал, газрын тос нь дэлхийн зах зээл дээр олон улсад тогтсон үнээр худалдаалагддаг түүхий эд тул ханган нийлүүлэлтэд ямар нэгэн саад учрах боломжгүй юм. Олон улсын хэмжээнд газрын тосны зах зээл нь түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүн гэсэн үндсэн хоёр төрлийн худалдаанаас бүрддэг. Дэлхийн бусад улсад түүхий тос олборлож, экспортолдог 20 гаруй улс бий. Бусад орнууд бүгд импортлогчид юм. Газрын тосны нөөц нь дэлхийн цөөн хэдэн бүс нутагт төвлөрсөн байдаг хэдий ч сүүлийн арван жилийн хугацаанд барьж байгуулсан тээвэр логистикийн сүлжээ нь бүх улс орон, бүс нутгийг хамарсан глобал ханган нийлүүлэлтийн систем болж хөгжсөн. Эдийн засгийн хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн бүх улс орнууд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ өөрийн дотоодын үйлдвэрлэлээр хангахуйц хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэрүүд байгуулсан байдаг. Аль ч улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын үндэс нь хоёр үнэмлэхүй суурь хүчин зүйл дээр оршин тогтнодог. Үүнд нэгдүгээрт, газрын тосны бүтээгдэхүүн бол хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл юм. Тэгэхээр манай улс үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд харш, хор хөнөөл дагуулах газрын тосны бэлэн бүтээгдэхүүний хэрэгцээг импортоор хангах замаар бус, олон улсын жишгээр түүхий тосны импорт дээр суурилсан газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах замыг сонгох нь чухал юм. Манай улс Газрын тосны үйлдвэртэй болохыг зорьсоор хорь гаруй жил болж буй ч энэ нь улс төрийн явцуу эрх ашгаас болж үр дүнтэй байх төслүүд урагшилж өгөхгүй байгаад харамсдаг.
-Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ач холбогдол, өөрийн орны газрын тосны эцсийн бэлэн бүтээгдэхүүний хангамжийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн гадаад зах зээлээс хамааралтай байлгадаг нэг ч улс орон байдаггүй. Хэрвээ газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулж амжаагүй улс орнуудын хувьд анхны боломж бүрэлдэнгүүт ямар ч эргэлзээгүйгээр шууд барьж байгуулдаг байна. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ ойрын жилд өсөн нэмэгдэж 4-5 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Иймд Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, макро-эдийн засгийн амин чухал ач холбогдолтой Дархан-Уул аймагт баригдах жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр төслийг хэрэгжүүлэх зорилтыг дараагийн Засгийн газрын үндсэн гол зорилт болгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Дорноговьд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод ч түүхий тосоо дотоодоос хангах боломж нь хомс болох нь. Тэгэхээр эдгээр үйлдвэрүүд ашиглалтад орлоо ч ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж чадахгүй.Тиймээс түүхий эдийн хангамжийг импортоор хангах хэд хэдэн үйлдвэр манайд хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 100 (7344)