Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000297813 тоот гэрчилгээг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр авч Зөвлөлийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Тус Зөвлөл нь “Монгол улсын хөгжил дэвшилд Зөвлөлийн гишүүдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагыг зориулан эх орны хөгжил, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж, улс орны хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсруулах хэрэгжүүлэхэд зөвлөн туслах, санал, дүгнэлт өгөх замаар оролцох, Монгол улс, Монголын ард түмний эрх ашгийг хамгаалахад эрхэм зорилго оршино” гэж, “Зөвлөл нь төрөөс хараат бус, аливаа нам, эвсэл, улс төрийн бүлэглэлээс ангид байж, “Эх орон, ард түмний төлөө” гэсэн уриатай бие даасан үйл ажиллагаа явуулна” гэж дүрэмдээ тус тус заасан болно.
Ойрын үед Улсын Их Хурлыг сонгох сонгууль явагдах гэж байна. 1992 оны Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-д: “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх алтан боломж тохионо.
Та бид юуны өмнө Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх сонгох үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулж сонгогчид ба улс төрийн намын байгууллагын оролцооны тухайд доорх уриалга гаргаж байна. Үүнд:
Нэгдүгээрт: Улсын Их Хурлын гишүүнд хэний нэрийг дэвшүүлэх, хэнийг сонгох вэ гэдэгт анхаарал төвлөрч байна. УИХ-д хэнийг нэр дэвшүүлж сонгохоос шалтгаалж та бидний амьдрал сайжрах эсэх, улс эх орон хөгжих үү үгүй юу гэдэг нь шийдвэрлэгдэнэ. Мөн уул уурхайд чиглэсэн бодлоготой зэрэгцүүлж үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн бодлогыг боловсруулж нийгмийн дундаж давхаргын хүрээг өргөжүүлэх чин сэтгэлтэй, аливаа нэгэн гэмт хэрэгт нэр холбогдоогүй өндөр ёс суртахуунтай, ажилд хариуцлагатай ханддаг хүнийг нэр дэвшүүлэх нь чухал байх болно.
Хоёрдугаарт: Сонгуульд оролцох нам, эвслүүд Хөгжлийн банк, жижиг дунд үйлдвэрийн болон төрийн бусад сан, нүүрс борлуулалт, ногоон автобус зэрэг хээл хахууль, авлигын хэрэгт нэр холбогдсон, газар олголт, байгалийн баялаг эзэмших лицензийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа хортойгоор ашиглан эзэмшсэн хэнийг ч Улсын Их Хуралд нэр дэвшүүлэхгүй байх, тийм бусармаг үйл явдалтай холбогдсон хүний нэрийг дэвшүүлсэн нам, эвслийг дэмжихгүй байх зарчим баримтлахыг сонгогч Танаас хүсэж байна.
Гуравдугаарт: Улс төрийн намуудын төлөвшил, тэдний дэвшүүлсэн зорилт, бодлого үйл ажиллагаа нь улс орныхоо хөгжил дэвшлийг хэрхэн манлайлж ажиллахыг чухалчилбал зохино.
Улс эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдалд оновчтой, дүгнэлт хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн хөтөлбөр боловсруулах, төрийн тогтолцоог боловсронгуй болгох, цаашид сонгуулийн болон намын тухай хуульд зохих өөрчлөлт оруулах, санаачилга гаргах чадвартай хүмүүсийг төрийн эрх барих дээд байгууллагадаа ажиллуулахад анхаарахыг УИХ-ын сонгуульд оролцох нийт улс төрийн нам, эвсэлд уриалж байна.
МОНГОЛЫН ТӨР, НИЙГМИЙН АХМАД ЗҮТГЭЛТНҮҮДИЙН
ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧИД:
Ж. ГҮРРАГЧАА Ч. АВДАЙ
Д. СОДНОМ Г. АДЪЯА
Ж. ГОМБОЖАВ Р. РАШ
Ө. ДОРЖДЭРЭМ Ж. ЭНХНАСАН
Х. ГАНБААТАР Ш. ЦОГТОО
Д. ЦЭВЭЭНЖАВ Д. ЧОЙЖАМЦ
Б. ШАРАВСАМБУУ Ч. ХУРЦ
Ц. ЦЭНГЭЛ Р. БУД
Л. ЭРДЭНЭЧУЛУУН Л. ДАШНЯМ
Д. НАСАНЖАРГАЛ