Н.Жаргалмаа

Сонгинохайрхан дүүргийн 27 -р хороонд "Монтой Бүрд" ХХК  "Хөх дэгд" хотхоны байранд 2022 онд захиалга өгч залилуулсан иргэд өлсгөлөн зарлаад 11 дэх хоног дээрээ ирж байна. Гэвч төр засгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд тэдний тэмцлийг төдийлөн авч хэлэлцэхгүй байна. Иймд иргэд тэмцлийг төв талбайд үргэлжлүүлж, цаашлан хуурай өлсгөлөн зарлах болсон тухай "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээллээ. 

Иргэдийн төлөөлөл "Бид 2022 онд тус хотхоны байранд захиалга өгсөн. Гэвч үйл ажиллагаа явагдахгүй хэвээр байж 2023 онд залилуулсан болохоо мэдсэн. Ингээд өөрсдийн гомдол, саналыг хууль шүүхийн байгууллагад хандаад явж байна. Гэвч үнэнээ энэ бүх хугацаанд бидний амьдрал маш хэцүү болж байна. Бид өөрсдийн гэсэн байргүй. Өв хөрөнгөгүй болж зарим маань байраа хүлээгээд  хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Монтой бүрд компанийн захирал Х.Батхишиг гэх хүнд албан бичгээ гардуулах гэж найман сарын хугацаа алдаад байна. Гомдлоо гаргаад цагдаа дээр очихоор энэ хүн хаяг нь тодорхойгүй гээд буцаадаг. Хууль дүрэм нь хохирсон иргэдээ хамгаалдаггүй ийм нөхцөл байдал өнөөдөр бидний өмнө тулгараад байна" гэв.

Үргэлжлүүлэн хохирогч Т.Ариунаа "Миний хувьд анх 2022 онд тус хотхонд захиалга өгөхдөө 65 сая төгрөгийн өгсөн. Би нөхөр дөрвөн хүүхдийг хамт амьдардаг байсан. Гэвч залилуулснаа дараа манай гэр бүл салах дээрээ тулж түрээсийн байранд явсаар өнөөдөр гар дээрээ ширхэг төгрөггүй боллоо. Зүгээр нэг залилуулъя, мөнгөө хүнд өгье гээд огт худлаа үйл ажиллагаа явуулдаг газарт мөнгөө өгсөн юм биш. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр хуулийн байгууллага бидний энэ асуудлыг иргэд хоорондын маргаан, сайн нягтлахгүй яасан юм гэх хандлагатай байна. Тухайн үд энэ компанийн өөр нэг барилгын ажил нь явагдаж байгаа газрыг бид очиж үзэж шалгасан. Үнэхээр итгэл төрүүлэхүйц байсан. Харин одоо хууль  нь иргэнээ хамгаалахгүй байна. Төр засаг нь ядарсан иргэдээ 11 хоног өлсгөлөн зарлаж байхад үл ойшоож байна. Би өөрийн амьдралаа цуглуулсан миний хөрөнгө мөнгө, дөрвийн дөрвөн хүүхдээ бодож байранд орох сонголт хийсэн.Гэвч өнөөдөр ийм луйвар, залиланд өртлөө. Энэ бол дан ганц миний, ингэж байгаа хэдхэн хүний асуудал биш. 500 гаруй айл байгаа тэрний цаана мянга гаруй иргэд хохироод байна.  Хэн ч тэдгээр луйварчин хулгайч, залилагчдыг олж хариуцлага тооцохгүй байна. Хууль дүрэм ч тэдний өмнө хүчрэхгүй. Тэднийг ийм айдасгүй болгосон нь эрх баригчдын буруутай үйл ажиллагаатай холбоотой" гэсэн юм. Иргэд өлсгөлөнгөө төв талбайд үргэлжлүүлж, эрх баригчид анхаарал хандуулахгүй хэвээр байвал хуурай өлсгөлөн рүү шилжих болно хэмээн мэдэгдлээ. 

Эх сурвалж: www.zms.mn