Н.Жаргалмаа

"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ний гишүүд өөрсдийн зөрчигдөж буй эрх ашгийг хамгаалахаар МАН-ын байрны гадаа өлсгөлөн зарлаж буй талаараа "Үндэсний мэдээллийн төв"д мэдээллээ. 

Гишүүдийн төлөөлөл "Эрх баригчид ТҮЦ ажиллуулан амьдарч буй иргэд биднийгээ асар ихээр дарамтлах боллоо. Бидний зүгээс төр засгийн шаардаж буй шаардлагыг хүлээн авч, хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Бид дүүрэг, нийслэлийн дарга нарт ТҮЦ-ний үйл ажиллагаа явуулах нэгдсэн стандартыг гаргаад өг. Бид түүнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулъя хэмээн хүсэлт гаргасан. Гэвч хэн ч хүлээж аваагүйгээс гадна үргэлж бидний дээрэлхэж дарамтлах боллоо.  ТҮЦ бол бидний хувьд ажлын байр минь. Үүнийг байхгүй болговол бид үр хүүхдээ тэжээж амьдралаа авч явах боломжгүй болно. Гэтэл сүүлийн өдрүүдэд дандаа шөнө дөлөөр ТҮЦ-үүдийг маань ачиж болсон. Ингэхдээ иргэдийг дарамталж, хүч хэрэглэж, биед нь халддаг. Өмнө нь хүний алтан амь эрсдэж байсан аймшигтай тохиолдол гарч байсан. Одоогийн нөхцөл байдалд дахин хүний амь эрсдэхгүй гэх баталгаагүй. Маш хэцүү болсон. Тиймээс бид өөрсдийн эрх ашгийг хамгаалж өлсгөлөн зарлах болно" хэмээн мэдэгдлээ.

Мөн тус холбооны гишүүд "ТҮЦ бол эрх баригч дарга нарын хувийн ашиг сонирхол болсон. Учир нь бидний хөөгөөд, тэмцэлдээд байдаг хэр нь ардаа том эзэмшигчтэй газруудад юу ч хэлж, тэдний үйл ажиллагаанд саад учруулж чаддаггүй. Мөн удахгүй гаалиар орж ирэх шилэн түц хэмээн яригдах болоод байна. Тэр нь 70-100 сая төгрөгийн үнэлгээтэй. Ядарсан иргэдийнхээ хоолыг булааж нэг дарга өөрийн шахааны бизнесээ өргөжүүлэх гэж байна. Энэ бол бид өнөөдөр өлсгөлөн зарлаж тэмцэхээс өөр аргагүй байдал юм" гэлээ. 

Эх сурвалж:www.zms.mn