Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Авто ертөнц” буландаа “IDrift” клубийн тамирчин, спортын дэд мастер Б.Золжаргалыг урилаа.

 

-Та хэдэн онд жолооч болов. Тэр түүхээс ярилцлагаа эхэлье?

-Би 10 настай байхдаа ааваараа заалгаж машин жолоодож сурсан. Манай аав, ээж их хөдөлмөрч, цэвэрч нямбай учраас хашаагаа үргэлж цэвэрлэдэг. Би цэвэрлэсэн хогийг нь машинаар зөөж асгана. Харин ахлах ангиа төгсөхдөө жолооны дамжаанд сууж мэргэжлийн жолооч болсон. Эрүүгийн цагдаагийн газарт жолоочоор таван жил ажиллаад Япон руу явсан. Монголдоо ирээд өөрийн хүсэл сонирхлоороо авто салбартаа хөдөлмөрлөж явна.

-Авто спортыг та их дурлаж сонгожээ. Яагаад энэ замналыг сонгох болсон вэ? 

-Би  Монголын анхны “IDrift” клубт харьяалагддаг. Одоогоос  зургаан жилийн өмнө тус клубийн  тамирчин болсон. Монголд дрифттэй спорт 2006 оноос хөгжиж эхэлсэн. Тухайн үед телевизээр дрифтийн кино их гарна. Үүнийг үзэж тус спортыг сонирхсон. Харин 2010 оноос зорилго болгоод хичээллээд явж байна. Өөрийн гэсэн дрифтийн машинтай ч боллоо. Анхны тэмцээн үнэ цэнтэй. Би 2011 оноос тэмцээнүүдэд оролцож, өөрийгөө сорьсон. Миний анхны тэмцээн авто машин сонирхогчдын “NIGHT DRIFT” байв. Үүнээс хойш тасралтгүй тэмцээнд оролцсоор явна. Анхны медалиа 2017 онд хүртсэн. Анх намайг дрифтээр хичээллэхэд эхэндээ аав ээж минь дэмждэггүй байсан. Анхны тэмцээнд манай найзын аав, ээж ирээд хүүгээ дэмжиж байхад манай аав ээж байхгүй. Энэ үед илүү хөдөлмөрлөнө гэж өөрийгөө хурцалсан. Амжилт гаргаад ирэхэд эрхэм хүмүүс минь бахархаж, дэмждэг болсон.

-Анхны бүхэн  хүнд нандин мэдрэмж төрүүлдэг. Ялж ялагдсан тэр л үеэс сургамж авсан байх?

-Анхны тэмцээн айдас, догдлолтой байсан шүү. Тухайн үеийн мэдрэмж үгээр илэрхийлэмгүй сайхан. Мөн жолоочоос ур чадвар шаардана. Одоо ч спортоосоо тэрхүү  аз жаргалыг мэдэрдэг. Тэмцээн болон өнгөрсөн үеэсээ дүгнэлт хийж суралцаж явна. Цаг хугацаа өнгөрөх тусам автомашин ямар байх ёстойг ойлгодог юм байна.

-Сурсан эрдэм  багшаас эхтэй. Таныг авто спортод хөтөлж оруулсан багш бий юу?

-Намайг анх авто спорт сонирхох үед зааж зөвлөх хүн ховор байсан.  Өөрөө л зорилго мөрөөдлийнхөө төлөө хичээж явна. Харин одоо өөрчлөгдсөн. Сургалтууд ч байна, багш цөөнгүй бэлтгэгдэж гарсан харагддаг.

-Та автын эд ангиа худалдаж аваад өөрөө машин “бүтээдэг” гэсэн байх аа?

-Би дрифтийн машинаа олон удаа угсарсан. Өөрөөр хэлбэл машин бүтээсэн гэсэн үг. Тухайлбал, анхны машинаа угсрахдаа машины задаргаанаас шаардлагатай эд ангийг нь худалдаж аваад эхэлсэн. Энэхүү машинаа тэмцээнд зориулж “бүтээсэн”. Үүнээс хойш эд ангийг нь худалдаж аваад гурван машин угсарлаа. Хэсэг хугацаанд жолоодоод дараагийн эзэнд нь арилжина. Нийт жолоодсон машин 50 гаруй бий. Дрифтийн зориулалттай топ машинууд байдаг. Үүний тэргүүнд тооцогдох "S15" машинаас хоёрыг ч унасан. Мөн "S13" ч жолооджээ. Эргээд бодоход жолоодож үзээгүй машин ховор шүү. Одоо унаж байгаа машин "Nissan Laurel C35". Тус машинаар өмнө нь Монголд дрифтлэж байсан тамирчин байхгүй юм билээ.

-Өөрөө гардаж машин угсрахаар техникийн мэдлэг их шаардана биз? 

-Нэг машиныг бүтээхэд бүх  зүйлийг нь тохируулах учраас тодорхой хугацаа орно. Машин бүрд харилцан адилгүй хугацаа зарцуулдаг.  Хүн дуртай зүйлийнхээ төлөө чадахаасаа эхлээд эцсийг нь хүртэл хөдөлмөрлөж чаддагийг өөрөөсөө олж харсан. Хүссэн ажлаа олсон байхад бэрхшээл ч амттай. Цаашид эргэлт буцалгүй сонгосон хоббигоо өргөжүүлж, хөгжүүлнэ. 

-Манай улс  нэг үе дрифтийн замгүй байсан. Тухайн үед бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг байсан бэ?

-Монгол Улс 2018 оноос дрифтийн зориулалтын замтай болсон. Налайх дүүрэгт "Монгол 63" хэмээх зориулалтын зам шинээр ашиглалтад орж байлаа. Зориулалтын замгүй байхад хотын замд бэлтгэлээ хийнэ. Харин зам ашиглалтад ороод манай холбоо болон замын цагдаагийн байгууллага хамтраад хотын төвөөр дрифтийн машинтай хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Хэрэв хотын төвөөр хурдтай дрифтийн машинаа жолоодвол тэмцээнд оролцох эрхийг нь хасах  зохицуулалт гаргасан.

-Сүүлийн үед авто спорт сонирхох залуус нэмэгдэж байна. Та хэр олон шавьтай вэ?

-Зуны улиралд авто спортод сонирхолтой хүмүүс холбогдож байна. Би аль болох өөрийн чадах зүйлээрээ туслахыг хичээдэг. Алдаж оносон үеүдээсээ дүгнэж хэрэгтэйгээс нь шавь нартаа зөвлөнө. Одоогоор хүсэл сонирхлоороо нэгдсэн хэдэн шавьтай. Өвөл тэдэндээ зориулж сургалтын нэг машин угсарсан. Дрифт сонирхож байгаа хүмүүст хамгийн түрүүнд 0 болон наймын тоо зурах үндсэн элементийг заадаг. Мэргэжлийн тамирчин болох хүмүүсийн хүсэл сонирхол өөр шүү. Шавь нар маань хоёр дахь жилдээ тэмцээнд оролцож гэж байгаа.  Энэ удаагийн тэмцээнд  таван шавь оролцохоор бэлтгэлдээ шамдаж байна. Нэг эмэгтэй шавьтай. Их дайчин бүсгүй бий. Дрифт бол багийн спорт.

-Удахгүй болох тэмцээний бэлтгэл нь хэр хангагдаж байна?

-Бид бүгдийн хүсэн хүлээдэг тэмцээний нэг нь энэ сарын 10-12-нд зохион байгуулах  "POWER EXPO & FESTIVAL” билээ. Тус тэмцээнд их ач холбогдол өгч байгаа.  Бэлтгэлээ хийхээс гадна техникийн үйл ажиллагаанд анхаараад завгүй л явна. Дрифт хийхэд тавигдах гол шалгуур нь машины явах эд анги. Мотор, кропоо жолоодоход тохиромжтой байдлаар тохируулах чухал.

-Мэргэжлийн тамирчны замналыг сонгоход мөнгө санхүү их ордог байх даа?

-Мэдээж тодорхой хэмжээний мөнгө орно. Тухайн тамирчин машинаа өөрийн мөнгөөрөө тордоно. Машины дугуй  тэмцээний замыг хоёр удаа тойроод л  ашиглахгүй боломжгүй болох жишээтэй. Тамирчдыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжиж байгаа байгууллагууд бий. Тэдэнд би хувьдаа талархаж явдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 92 (7336)