Р.ОЮУН

ДХИС-ийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, ДХИС хамтран Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит 19 дэх удаагийн "Сонсогчийн алдар" гардан тулааны тэмцээнийг энэ сарын 23-25-нд Спортын төв ордонд зохион байгуулах гэж байгаа талаар ДХИС-ийн Олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ. Тэмцээнийг тулаан, өөрийгөө хамгаалах гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд 18-аас дээш насны төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагуудын албан хаагч, их, дээд сургуулиудын оюутан, сонсогч, суралцагч, бие хамгаалах спортын холбоо, клубуудын тамирчид оролцох боломжтой. Төрөл тус бүр эрэгтэй 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90, эмэгтэй 50, 55, 60, 65, 70 кг гэсэн ангиллалар явагдана хэмээн хурал зохион байгуулагчид хэлж байлаа. 

Гавьяат багш, боловсрол судлалын ухааны доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа С.Хаянхярваагийн санаачилгаар энэ тэмцээнийг 1996 оноос эхлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчид, тулааны урлагийн клуб, холбоо, нэгдлүүдийн хүрээнд улс, олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн байна. Энэ тэмцээн нь төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагын албан хаагч, сонсогчдын албаны бэлтгэлжилтийг хангах, сэтгэл зүй, бие бялдрын тэсвэр хатуужил олгох, бусдыг болон өөрийгөө хамгаалах ур чадварыг эзэмшүүлэх, олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд тамирчдыг бэлтгэх зорилгоор зохион байгуулдаг нээлттэй тэмцээн гэдгээрээ онцлог аж. 

"Сонсогчийн алдар" тэмцээнд 2003, 2008, 2013 онд ОХУ, Украин, Казахстан, Иран, Япон, БНСУ-ын баг тамирчид оролцож, олон улсын түвшинд сурталчилан таниулахад ач холбогдол өгчээ. Тив, дэлхий, олон улсын гардан тулааны тэмцээний дүрэм журам, Монголын уламжлалт тулааны сургалттай уялдуулан олон улсын чанартай тэмцээн болгон өргөжүүлэн 19 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ч энэ жилээс Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит болгон жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн тулаан, өөрийгөө хамгаалах төрөлд түрүүлсэн, шилдэг техниктэй, уран зоригтой нэг тамирчинд улаан брет малгай, батламж олгоно. Мөн "Шилэгдмэл шүүгч", "Шилдэг дасгалжуулагч", тулааны төрөлд "Уран зоригтой тоглогч", өөрийгөө хамгаалах төрөлд "Шилдэг техниктэй тамирчин" шалгаруулж медаль, өргөмжлөлөөр урамшуулах ажээ. 

Эх сурвалж www.zms.mn