“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Бизнесийн удирдлага, маркетингийн менежер, улстөрч Д.Болорсүрэнг урьж ярилцлаа.
Нисэхийн лавлахаас МИАТ-ийн ТУЗ-ийн гишүүн болсон нь
Блиц
Дүгэржавын Болорсүрэн
Төрсөн газар: Увс аймгийн Улаангом хотод төрсөн
Төгссөн сургууль, мэргэжил:
-1988-1998 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль
-1998-2002 онд ШУТИС- КтМС-ийг Бизнесийн удирдлага,маркетингийн менежер
-2004-2006 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын менежер
-2010-2012 онд ХУИС-Эрдмийн сургуулийг бизнесийн удирдлагын магистр
Ажилласан байдал:
-2002-2005 онд ИНЕГ- “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд оператор,диспетчер, ээлжийн ахлах
-2005-2008 онд МИАТ ХК-нд Маркетингийн хэлтэст мэргэжилтэн
-2012-2016 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, Санхүү бүртгэлийн газрын дарга
-2013-2014 онд МИАТ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
-2013-2016 онд Баруун бүсийн Эрчим хүч ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүн
-2013-2016 онд Баруун бүсийн зам ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүн
Сонгуульт ажил:
-АН-ийн ҮБХ-ны гишүүн
-Зам тээврийн зөвлөлийн бодлогын дарга
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн.
-2000 оны тэртээ МИАТ компанийн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын “198 лавлах”-ын мэдээллийн ажилтнаар ажлын гараагаа эхлүүлсэн. Нисэхийн “198 лавлах”-ын оператор, диспетчер, ээлжийн ахлах ажилтнаар дөрвөн жил ажилласан. 2005 оноос МИАТ-ийн Маркетингийн хэлтэст Үйлчилгээний стандарт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж улмаар Монголын авиа компанийн ТУЗ-ийн гишүүн болтлоо дэвшсэн. Иргэний нисэхийн салбар босго өндөртэй байгууллага. Монголын иргэний агаарын тээврийн үйлчилгээ, соёлыг олон улсад таниулах нь Монгол Улс олон улсад хэрхэн үнэлэгдэх нүүр царай. Шалгуур өндөр байгууллагын хариуцлагатай нэгж болох үйлчилгээний хэсэгт дахин нэг их сургуульд ороод төгсөх хэмжээний хугацаанд ажилласан. Анхан шатны нэгжид дөрвөн жил ажилласан туршлага МИАТ-ийн үйлчилгээний стандартын цогц бодлогыг боловсруулахад түлхэц болсон.
Нисэхийн хүрэн байрны лого, хаяг, МИАТ-ийн PR сурталчилгаа, тасалбар бичдэг хэсгийн арын фоныг олон улсын жишигт нийцүүлэн хийсэн. Ээлжийн ажилтан байхаас л юуны тулд маркетингийн мэргэжилтэн билээ боломж гарвал хаяг, рекламыг шинэ түвшинд хийнэ гэсэн бодол тээж явсаар үүнийгээ ч хэрэгжүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, орон нутгийн болон олон улсын нислэгийн ирэх, явах танхим, нислэгийн тийз бүртгэх хэсэг, ачаа олгох, ачих гээд үйлчлүүлэгчдэд чиглэл өгөх мэдээллийг хялбар байх хаягийн шинэчлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хийсэн. Зөвхөн зорчигчдын нислэгийн тийз гэхэд тухайн үед 17 төрөл байв. Ахмад настан, бизнес зэрэглэл, оюутан, хүүхэд, гэр бүлийн хөнгөлөлт, урамшууллын гэх мэт. Мөн сурталчилгааны хэвлэмэл танилцуулга ангилал бүрээр хийж зорчигчдод танилцуулдаг байлаа.
"Херо энтертайнмент’' студиэр реклам хийж телевизүүдээр цацуулна. Тэр үеийн МИАТ-ээр үйлчлүүлдэг хүмүүс мэднэ. Тэгэхэд цахим сурталчилгаа одоотой адил хөгжөөгүй. Бүгдийг л өвөрмөц шинэлэг шийдлээр хийхийг эрмэлздэг. Харин 2012 оноос Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, Санхүү бүртгэлийн газрын даргаар ажилласан он жилүүд эхэлдэг. Энэ хугацаанд МИАТ-ийн ТУЗ-ийн гишүүн, Баруун бүсийн эрчим хүчний болон замын ТУЗ-ийн гишүүн мөн Ерөнхий сайдын дэд бүтцийн багцыг хариуцан ажилласан. Тухайн үед Засгийн газрын тэргүүнээр Н.Алтанхуяг ажиллаж байсан. Нэг ёсондоо төрийн албаны мерит зарчмаар дэвшиж ажилласан гэсэн үг. Тэр үед Н.Алтанхуягийн удирдсан Засгийн газар хамгийн олон 3008 км хатуу хучилттай авто замыг бүтээн байгуулсан. Нисэх, Яармаг болон зуслангийн замуудыг барьж “Гудамж” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд гэр хороолол дахь замын 33 уулзварыг хийснээс гадна Архангай, Увс аймагт уг төслийг хэрэгжүүлснийг ард түмэн мэднэ. Сайдын батлагдсан төсвийн багцын хүрээнд хийсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн болон эрчим хүчний замын бүх төслийн Улсын комиссын бүрэлдэхүүний нэг байлаа. Тэр үед хэрэгжсэн төслүүдэд гар бие оролцож иргэдийн бухимдлыг төрүүлдэг байсан Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах Саппорогийн уулзвар, “Содон” хорооллын зам, I хорооллын арын зам, Сонсголонгийн дөрвөн эгнээтэй зам, Хүй долоон худгийн замыг бүтээн байгуулсан гээд тоочвол хийсэн ажил олон.
МИАТ-ээ үнэгүй хувьчлалаас авч үлдсэн төрийн албан хаагч
-Би 2014 онд МИАТ-ийг зохиомлоор алдагдалд оруулж үнэгүйдүүлэн хувьчилж авах санаархлаас аварсан гэхэд болно. Учир нь Солонгосын нэг жижиг агенттай МИАТ хамтран ажиллахаар гэрээ хийж уг компаниас урьдчилгаа нэрээр таван сая ам.доллар авсан байсан. Түүнчлэн МИАТ-ийн билетийн болон бусад үйл ажиллагааны орлого уг агент руу шилжих тохироо хийсэн гэсэн мэдээллийг Иргэний нисэхийн Ц.Бат инженер ТУЗ-ийн гишүүн болохоор надад хэлсэн. Гэвч би энэ талаарх огт мэдээгүй байсан. Тухайн үеийн МИАТ-ийн захирал асан Жаргалсайханд энэ гэрээг цуцлах үүрэг өгч даруй цуцлагдсанаар Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой салбар болох Үндэсний авиа компаниа авч үлдсэн юм. Өөрөөр хэлбэл, МИАТ-ийг зохиомлоор санхүүгийн алдагдал оруулж цалингаа тавих боломжгүй болсон, үйл ажиллагаа нь доголдсон нэрээр үнэгүй хувьчилж авахаар зэхсэн байсан. Уг Солонгос компани нь түрээсийн байранд тийз бичих үйлчилгээ эрхэлдэг жижиг агент байсан. Харин дараа нь МИАТ-ийг хувьчилж авах гэсэн эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхлыг хааж хууль бус үйлдлийг зогсоосноор хариуд ТУЗ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдсөн.
Би ардчилсан либерал үзэлтэй ардчиллын төлөө өнөөдрийг хүртэл тууштай явж байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн гэсэн нам, улс төрийн ажлыг олон жил хийсээр ирлээ. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцож орон нутгаас сум руу бага оврын тийрэлтэт нисэх онгоц нисгэх төлөвлөгөөг тусгаж байлаа. Би Увс аймгийн Тэс сумын уугуул. Улаанбаатараас Увс аймаг хүртэл 2:30 цаг нисэж очоод дахин цаашаа сум руугаа машинаар явах хүндрэлтэй байсан учраас аймгийн төвөөс 30 минут нисээд очих боломжийг судалж байсан. Өөрөөр хэлбэл, АН 2020 оны сонгуулиар ялалт байгуулбал агаарын тээврийн салбарт бодлогын реформ хийх мөрөөдөлтэй байсан. Өнөөдөр ч гэсэн түүний энэ мөрөөдөл хэвээрээ. Баруун бүсийн эрчим хүчний ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа 2014 онд Тэс сумынхаа 90 жилийн ойгоор Малчин сумаас эрчим хүч татах төслийг тухайн үеийн Эрчим хүчний яамтай хамтран хэрэгжүүлсэн. “Хотгор шанага” -ын ордын эзэмшил миний аавын нэр дээр байсан ч эрхээ хууль бусаар бусдад алдсан. Уг уурхайг түшиглэн Баруун таван аймгийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барихаар төлөвлөж байсан юм. Гэвч ОХУ-аас цахилгааны хараат байдалд одоо ч байсаар. Тухайн үед цахилгааны хязгаарлалтад байнга орно. Тэр болгонд манайхан хонь, ямаагаа барьж гүйдэг ийм л байсан. Одоо аймаг бүрд жижиг под станц барих боломж байгаа ч ашиглахгүй байна. Аавын компани 2008 онд Төв аймгийн Баян суманд Төгрөг нуурын ордод утаагүй түлшний үйлдвэр барьж 2009 онд улсын төсөвт 17 тэрбум төгрөг тусгуулсан. Гэвч энэ мөнгийг II цахилгаан станц руу шилжүүлснээр тэр төсөл зогссон. Магадгүй тухайн үед уг төсөл үргэлжилсэн бол өнөөдөр утаа, агаарын бохирдлоос хүүхдүүдийнхээ амь насыг эрсдэл оруулахгүй байх байсан. Өчигдөрхөн л 2-3 хүүхэд нас барсан мэдээ гарч байна. Өмнө нь ажилтай, орлоготой, бизнестэй аз жаргалтай амьдрах боломжгүй болохоор залуучууд гадагшаа явдаг байсан бол одоо утаатай, түгжрэлтэй, эрүүл, амьд явах баталгаагүй болохоор гэр бүлээрээ гадагш явах сонирхолтой болсон. 1.5 сая хүн амтай хотоо утаагүй, түгжрэлгүй болгох талаар санаагаа чилээдэг. Болгарт нэг км метроны замыг нэг сая ам.доллараар барьдаг тухай 2019 онд тус улсад Элчин сайдаар ажиллаж байсан аав маань хэлж байсан. Тэгвэл 19 км метроны зам барихад 19 сая ам.доллар болно. Харин Х.Нямбаатар өнөөдөр 1.5 тэрбум ам.доллараар барина гэсэнд хардаж байна. Үнийн өсөлтийг тооцсон ч ийм дүн гарахгүй л дээ.
Монгол Улс Антарктидын үүцээс хүртэх боломжтой
-Аав минь өмнөд туйлаас ирэхдээ ундааны саваар Антарктид тивээс ус авчирч өгөхдөө “мөнхийн ус” хэмээн нэрлэдэг байсан тухай дурсахад таатай байна. Японы жуулчид сүүлийн үед өмнөд туйлын эрэг рүү Антарктидын усыг уух гэж очдог болсон гэсэн. Миний аав олноо Антарктид судлаач Л.Дүгэржав хэмээн алдаршсан өмнөд туйлын тэг цэг дээр очсон Монголын анхны эрдэмтэн. Үүнийг нь Антарктидын нийгэмлэгээс сайшааж Антарктидын 1350 метрийн өндөрт орших ноён оргилыг "Dugerjav Peak” гэж аавын нэрээр нэрлэсэн. Аав маань Антарктид тивийг судлах олон улсын судалгааны багт багтаж долоон удаа тус газарт хөл тавьсан. Тэнд газар авч Монголын баазыг барихаар ажиллаж байсан нэгэн. Учир нь энэ тивд дэлхийн цэвэр усны нөөцийн 80, байгалийн баялгийн 50 хувь байдаг. Олон улс тус тивийг дэлхийн дараагийн үүц газар хэмээн үзэж, судалгаа хийж өөрсдийн баазаа байгуулдаг юм байна. Дэлхийн ёроол болсон тус тивд арванхоёрдугаарын сарын 10-наас нэгдүгээр сарын 20 хүртэл нэг сар мөнхийн гэрэлтэй өдрүүд болж нэг ёсондоо зун болдог бол бусад сард нь харанхуй үргэлжилдэг ажээ. Энэ хугацаанд амжиж геологичид өрмөө тавьж судалгаагаа хийдэг аж. Тэнд байгалийн баялаг болох алт, нефть байгааг судалж тогтооно. Манай аав “Таван толгой”, “Тамсагийн сав газар”-ын орд, “Шивээ-Овоо”-г нээсэн өрмийн хүн. Цаг уурын, хөдөө аж ахуйн, Эрдэнэтийн геологи хайгуулын инженер гээд 10 эрдэмтэн судлаач очсон амжилттай. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд ойрынх биш ч улс орнууд эндээс ашиг хүртэх боломжтой. 2015 онд УИХ-ын тогтоол гарч Антарктидын олон улсын нийгэмлэгт Монгол 53 дахь улс болж элсэн орсон. Аав нь Увс аймгийн Тэс суманд төрсөн. Уул уурхайн инженер мэргэжилтэй хүн байсан. Болгарт Уул уурхай, геологийн их сургуульд геологичоор төгсөөд Цайдам нуур, Таван толгой, Төгрөг нуурын уурхайг нээж, хайгуул хийсэн эрхэм. Сүүлийн үед монголчууд харийнханд газар нутгаа алдаж байна гэх болсон. Нөгөө талаас бид Монгол гэсэн энэ хотгортоо л ажиллаад байхгүйгээр сансарт хүн ниссэнтэй адил Антарктидад хөл тавина гэдэг ялгаагүй нэг шинжлэх ухааны нээлт. Бид тэнд Монголын газрыг аваад Чингис хааны нэрэмжит бааз байгуулахаар одоог хүртэл ажиллаж байна.
Дэлхийн олон улс баазаа нэгтгээд, байгуулаад улсынхаа төсөвт мөнгө суулгаад, Антарктид судлалдаа хөрөнгө оруулалт хийгээд жил болгон явдаг. Бид нийгэмлэгээ байгуулаад 2008 оноос хойш 10-аад эрдэмтнээ явуулсан ч төрөөс дэмжлэг байхгүй. Нэг эрдэмтэн Болгарын багт орж явахад зөвхөн замын зардал нь 50 мянган евро байдаг. Мөн бусад 10 хүн явсан гээд тооцвол сая ам.долларыг энэ чиглэлд зарцуулсан байна. Бид төрөөс 1000 төгрөг ч аваагүй. Хандив, гуйлгаар л болгосон. Ихэнхийг нь өөрсдөө гаргана. Монгол гэр аваачиж барьсан. Салбарын яам үүнд анхаарч эрдэмтдээ тийшээ явуулах тал дээр бодлогоор дэмжээд өгвөл үүц задрахад илүү ашиг хүртэх, тэр бааз маань илүү гоё болох боломж нээгдэнэ. Хэрэв төсөвт мөнгө суучихвал манай баг дангаараа явах боломжтой. Товчхондоо энэ чиглэлд мөнгө, хөдөлмөр зарж чадвал эргээд тэр хэмжээгээрээ ашиг хүртэх боломжтой. Өнөөдөр зарим нь Монголынхоо газар нутгийг харийнханд арилжаад сууж байхад миний аав дэлхийн хүн төрөлхтөн тэгш хүртэх эрхтэй Антарктид тивд Монголын ард түмний өмнөөс газар авсан гэхээр үнэхээр бахархдаг. Хэрэв АН 2024 оны сонгуульд ялалт байгуулбал Засгийн газар болон БОАЖЯ-ны дэргэд “Антарктид судлал сан” байгуулж эрдэмтдийн судалгааг үргэлжлүүлж идэвхийлэн ажиллана гэж боддог.
Нүхэн гарц, хурдан галт тэргээр түгжрэл, утааг арилгана
-Улаанбаатараа хоёр жилийн дотор утаа, түгжрэлээс салгаж ногоон болгох төлөвлөгөөг Нийслэлийн Ардчилсан нам “UB 1460” нэртэй хөтөлбөрт тусгасан. Тус хөтөлбөрийн онцлог нь “Ногоон Улаанбаатар”-ыг бий болгохыг зорьж байгаа. Байгаль орчинд ээлтэй ногоон сууцыг барьж гэр бүлд ээлтэй, ногоон байгууламж бүхий хот төлөвлөлт нь иргэдийн санаанд нийцэж байна. Түүнчлэн цэцэрлэг, сургууль нь гэртээ ойрхон, аюулгүй байдлыг бүрдүүлсэн хотыг төсөөлж төлөвлөсөн нь АН-ын гэр бүл хүүхэд, залуучуудад ээлтэй хот байна гэж тусгасан ерөнхий бодлоготой уялдсан. Хотын түгжрэлийг шийдвэрлэх олон гарц бий. Түүний нэг нь хуучин “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг автовокзал болгох. Тэр орчмоор өнгөрч буй төмөр замыг Богд уулынхаа урдуур гаргаж Улиастайн руу урсгалыг гаргаж хурдан галт тэрэг явуулах. Хотоос баруун аймаг руу явах чиглэлийн түгжрэлийг сааруулахын тулд Даргоныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд бий болгох автовокзалд төвлөрүүлж тэндээс бүх төрлийн хот хоорондын нийтийн тээвэр, хувийн онгоц, нисдэг тэрэг хөөрдөг байхаар зохион байгуулж дэд бүтэц бий болгох боломж шийдэл юм.
Мөн Замын цагдаагийн уулзварыг Э.Бат-Үүл даргын үед 4-5 сая ам.доллараар бүрэн шийдэх боломж байсан. Гүүр тавихгүйгээр 10 нүхэн гарцаар түгжрэлийг шийдчих байсан. 2012-2016 онд АН засаглах үед уулын замын хажуугаар дугуйн зам тавина, ус зайлуулах хоолойг нь давхар хийхээр тооцсон ч одоо бүхэлдээ эвдэрсэн. Хотын зуслангийн замуудыг холбосон олон км зам тавьсан ч энэ найман жилд АН-ын тавьсан зам гээд АЗЗА нь ажлаа хийгээгүйгээс бүгд эвдрэлд орсон. 204 км Дарханы замыг тухайн үед Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан 2019 оны арваннэгдүгээр сар буюу 2020 оны сонгуулийн өмнө ашиглалтад оруулна гэсэн ч 8-9 жил засаглахдаа дуусгаж чадаагүй. Тэгвэл метрог хоёр жилд барьж дуусгана гэдэг худлаа. Метроны тендерээр 2024 оны сонгуулийн шоуны мөнгөө босгох гэж байна гэж бид хардаж байна. Дарханы замыг таван компани барина гэснээр ямар хүнд байдал үүссэнийг ард түмэн мартаагүй. Хуучин замыг нь хуулж хаяснаар шороон замд хэдэн хүний амь нас, эд хөрөнгийг авч одсон билээ. Тухайн үед сөрөг хүчний зүгээс салбарын сайдад өргөх бичиг өгч, акц арга хэмжээ зохион байгуулж явсан.
Хотын бодлогоос хаягдсан Тахилт
-Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллоор явж үзлээ. Хот тэлэхийн хэрээр зарим алслагдсан газар, уулан дээр гэр хорооллууд үүссэн байна. Тухайлбал, Тахилтад орон нутгийн иргэд суурьшсантай холбоотой 17 мянга орчим хүн амьдардаг том хороо болжээ. Гэвч тэнд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, цахилгаангүй, нийтийн тээврийн үйлчилгээ муу гээд асуудал байна. Автобусны буудал байхгүй. Чиглэлийн автобус нь өвлийн цагт 40 минут хүлээлгэдэг. Сүүлийн үед авто зам нь нарийн, эвдрэл их учраас хоёр машин зөрөх боломжгүйгээс түгжрэл үүсдэг. Түүнчлэн Тахилтын эцсээс цааш таван буудал газар автобус явдаггүй. Хүүхдүүд сургуульдаа 3-5 км газар явган явж очдог. Ерөнхий боловсролын 122 дугаар гэсэн ганц сургуультай. Хүүхдүүд нь гурван ээлжээр хичээллэдэг. Нэг ангид 50 орчим хүүхэд суралцдаг. 2017 онд 280 хүүхдийн бага сургууль барих шав тавьсан ч өнөөдрийг хүртэл баригдаагүй байна. Тухайн үед Концессын гэрээгээр 517 сая төгрөгт барина гэж төсөвлөсөн ч өнөөдөр энэ дүн 4.5 тэрбум төгрөг болж өссөн байна. Энэ жилийн төсөвт тусгаж есдүгээр сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ч найман жил хийгээгүй ажлыг хэдэн сарын хугацаанд барина гэхэд эргэлзэж байна.
Хотын захирагч байсан Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Н.Учирал нар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Саяхан сургуулийн орчинд зам дээр хурд сааруулагчгүйгээс 13 настай хүүхэд дайруулсан. Хот нь хийж өгөхгүй болохоор иргэд нь өөрсдөө буяны ажилд нь зориулж хурд сааруулагч тавьсан гэсэн. Гудамж нь гэрэлтүүлэггүй, харанхуй. Хотдоо шоовдорлогдсон захын хорооллын амьдрал үнэхээр хүнд байна. Мөн 7000 хүнтэй 27 дугаар хороо нь нэг ч сургуульгүй. Хүүхдүүд нь 19 дүгээр хорооны 62 дугаар сургуульд суралцдаг. Уг нь 2015 онд Х.Нямбаатар ИТХ-ын төлөөлөгч байхдаа сургууль барихаар газар чөлөөлүүлсэн ч одоо болтол баригдаагүй. Мөн цэцэрлэг барина гэж шав тавиад зургаан жил болжээ.
Саналаа өгөөгүй иргэдийн төрийн албанд орох эрхийг нь хязгаарлах хэрэгтэй
-УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийн квотыг нэмсэн ч эдийн засгаар нь хязгаарласан. Тухайлбал, мөнгөтэй, эрх мэдэлтэй 20-30 эрэгтэй нэр дэвшигчтэй тойрогт 2-3 эмэгтэй нэр дэвшлээ гэхэд мэдээж тэдэнтэй мөнгөөр өрсөлдөж ялах боломжгүй. Харин жагсаалтаар 20 орчим, тойргоос 2-3 эмэгтэй гарах магадлалтай гэж үзвэл УИХ дах эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 15 хувь болж буурна. Одоогийн УИХ 13 эмэгтэй нэр дэвшигчтэй. Энэ нь нийт гишүүдийн 17 хувийг эзэлдэг. Сонгуулийн хуулийн гэнэтийн өөрчлөлтөөс нийгмийн төлөөлөл болох эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд гарах боломжийг хаадаг. Энэ жилийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр намууд дах эмэгтэй гишүүдийн төлөөллийг 30 хувийн квот тогтоож баталсан гэх боловч үүний цаана нэг нэр дэвшигчийн сонгуулийн штаб, шадар туслах болон ухуулагчдын ажлын хөлсийг 1.2 тэрбум төгрөг байна гэсэн нь өмнөхөөс бүр дорджээ. Хуулиараа 40 хувийн квотыг 2028 оноос мөрдөх ч АН-аас Жендерийн тэгш байдлын форум зохион байгуулснаар 40 хувь нэмэх хязгааргүй гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах түвшинд болон орон нутгийн сонгуульд удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог 40 өөс дээш хувь байна гэж баталсан. 30 хувь болгох тухайд тооцвол доод тал нь 38 эмэгтэй нэр дэвшинэ. Үүний 24 эмэгтэй нь жагсаалтаар 14 эмэгтэй нь тойрогт дэвшинэ. Тойрогт нэг нэр дэвшигчийн зардал хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Тэгэхээр шинэ нэр дэвшигч залуучууд, эмэгтэйчүүдэд ийм хэмжээний мөнгө байхгүй. Нөгөөтээгүүр, залуучуудын сонгууль оролцох ирц хангалтгүй. 2020 онд саналын хавтгайд хоёр сая 624 мянган сонгогч сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс нэг сая гаруй нь 18-40 насны залуучууд. Тэдний 30 орчим хувь нь саналд оролцдог бол 40 дээш насныхан 70 аас дээш хувиар саналаа өгдөг. Өөрөөр хэлбэл, 18-40 насны 400 орчим мянган сонгогч буюу 25 хувь саналаа өгөөгүй гэсэн үг. Тиймээс залуучууд сонгуульд саналаа өгөх хэрэгтэй. Бусад улсад сонгуульд саналаа өгөөгүй иргэдийг төрийн албанд болон бусад нийгмийн харилцаанд орох эрхийг хязгаарладаг шиг манайх бас хэрэгжүүлэх хэрэгтэй. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн хатан ухаан, торгон мэдрэмж дутагдсанаас улс орны эв нэгдэл, тусгаар тогтнол алдагдаж авлига, хээл хахуульд идэгддэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 89 (7333)