Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Дөрөвдүгээр сар Монголын спортын ертөнцөд олон тэмцээн, уралдаан өрнөсөн, алдаа оноо амжилт бүтээлээр дүүрэн болж өнгөрч байна. Энэ сард болсон онцлох тэмцээнүүдийг тоймлон хүргэе.

 

Жүдо бөхийн улсын аваргууд тодров

 

Энэ жилийн жүдо бөхийн улсан аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод амжилтттай болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээний гол өрсөлдөөн “Алдар”, “Хилчин”, “Женко” клубуудын дунд өрнөсөн юм. Үүнээс  онцлох жингийн аваргуудаас танилцуулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд “Женко” клубийн тамирчин Б.Сүхбат,  эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны тамирчин Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаяр нар аваргалсан юм. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Гончигсүрэн нар тус тус алтан медаль хүртсэн байна. Энэ сарын 10-ны өдөр Австрали улсын Сидней хотод пара байт харвааны дэлхийн чансаа олгох гранпи тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртэв. Тэрээр өнгөрсөн жил паралимпын наадамд оролцох эрхээ авсан юм. Ийнхүү пара байт харвааны “Парис-2024” паралимпын эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж байгаа бөгөөд манай улсаас ДАШТ-ний, ААШТ-ний хүрэл медальт Д.Сэлэнгээ болон ААШТ-ний хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нар ийнхүү олимпын наадамд эх орноо төлөөлөх нь ээ. Үүнээс гадна Парисын олимпын  “3х3” сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн хоёр дахь өдрөө Хонк Конгт болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Азербайжаны эсрэг хийн 12-13 гэсэн харьцаатай хожигдсоноор хасагдах шатанд шалгарах боломжгүй болсон. Харин эрэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтдоо Шинэ Зеаландыг хожвол дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалах байсан ч нэмэлт цагт 10-12 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Улмаар Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд олимпийн эрх олгох эхний тэмцээнээс эрхээ авч чадсангүй.

 

Монголын баг дөрвөн алтан медаль хүртлээ

 

Дөрөвдүгээр сарын хамгийн их анхаарал татсан, онцлох тэмцээн нь чөлөөт болон жүдо бөхийн ААШТ байлаа. Ар, араасаа хэдхэн хоногийн зайтай болсон энэхүү тэмцээнд Монголын шигшээ багууд амжилттай оролцож, медалийн хур буулгасан. Тодруулбал, Киргизстаны Бишкек хотод болсон чөлөөт бөхийн ААШТ-д эрэгтэй шигшээ баг хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй шигшээ багийн тамирчин Б.Анударь 59 кг-ийн жинд, Т.Энхжин 65 кг-ийн жинд мөнгөн медаль, дөрвөн тамирчин хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж, багийн дүнгээр гуравт жагсаж, хүрэл цомын эзэд болсон юм. Харин жүдо бөхийн ААШТ  энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгод болсон билээ. Энэ удаагийн аваргад нийт 272 тамирчин өрсөлдсөнөөс манай улсаас 18 жүдоч хүч үзсэн юм. Тэмцээний эхний өдөр 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 57 кг-д Л.Энхрийлэн, 66 кг-д Б.Эрхэмбаяр нар алтан медаль, 52 кг-д Л.Сосорбарам, 60 кг-ын жинд Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн. Харин хоёр дахь өдөр 63 кг-ын жинд Б.Ганхайч мөнгөн медаль, 70 кг-д залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлсэн. Тэгвэл Азийн аваргын гурав дахь өдрийн барилдаан эхлэхэд эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А. Адъяасүрэн мөнгө, эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгө, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Хүслэн хүрэл, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд  Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртэж, нийт 11 медаль хүртсэн амжилтаараа Монголын шигшээ баг багийн дүнгээр Япон улсын араас хоёрдугаарт бичигдсэн юм. Азийн аваргаас гадна энэ сард нэгэн сонирхолтой тэмцээн болсон нь чөлөөт бөхийн олимпын эрх олгох ээлжт тэмцээн байв. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон өрсөлдөж, БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялснаар “Парис 2024 ” олимпын наадамд оролцох эрхээ өвөртөлсөн юм. Түүний рхувьд “Рио 2016” наадамд оролцсон бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээний сорьцоос нь допинг илэрсэн тул дөрвөн жилээр эрхээ хасуулаад байсан буол ийнхүү шийтгэлийн хугацаа дууссанаар их дэвжээндээ эргэн ирлээ. . Тэрээр ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болж байна.

 

Хоккейчид ирэх жилээс С дивизионд өрсөлдөнө

 

Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-19-нд боллоо. Тус тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ баг Индонез (9:3), Кувейт (5:2), Малайз (14:2) багийг хожсоноор дэлхийн аварга болсон юм. Монголын хокккйчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлсэн нь энэ билээ. Тэд өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба дэлхийн аварга болсноор ирэх жилээс С дивизионд өрсөлдөх юм.  Энэ сарын 24-нд Тайланд улсад пара туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон хүрэл медалийн төлөөх тулаанд Хонгконгийн тамирчныг (13:10) буулган авснаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа. Түүний энэхүү амжилт нь Монголын пара туялзуур сэлэмний спортын түүхэн дэх Ази тивийн анхны медаль юм. Д.Цолмон өнгөрсөн онд БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны паралимпын наадамд ялалт байгуулсан анхны монгол тамирчин болж байсан ба туялзуур сэлэмний спортоор тав дахь жилдээ хичээллэж буй юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Станбул хотноо болох олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнийг дэнслэх орон орны шүүгчдийн нэрсийг зарлалаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогджээ. Холбооны зүгээс сонгон шалгаруулалт хийхдээ саяхан өндөрлөсөн ААШТ болон олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан байдал, ур чадвар болон бусад шалгууруудыг харгалзан үзжээ. Харин ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд болох дэлхийн эрхийн тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII олимпын наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулах юм байна.

 

МУИС тэргүүлэв

 

Монголын оюутны спортын VI наадам дөрөвдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 34 их, дээд сургуулийн 1983 тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Наадмын хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, наадам зохион байгуулах хорооны дарга О.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцлоо. Энэ удаагийн наадмын нийлбэр дүнгээр МУИС-ийн баг тамирчид тэргүүлсэн бол МУБИС, ШУТИС, "Мон-Алтиус", Үндэсний биеийн тамирын дээд сургууль, “Их Засаг" олон улсын их сургуулийн баг тамирчид эхний зургаан байрт орлоо. Энэ амралтын өдрүүдэд  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Буга-Өндөр” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх аймгийн арслан Б.Ганбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Н. Золбоо үзүүрлэлээ. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум нь 1924 онд Баруунбүрэн хан уулын хошуу нэртэй үүсэн байгуулагдаж, өдгөө 100-н жилийн ойтоогоо золгож байна. Тус сумаас улсын харцага Н.Саранцогт, Улсын начин н.Бүрэнбаатар гэх хүчтэнгүүд төрөн гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)