Ц.МЯГМАРБАЯР
“Монгол Улс-Ардчиллын Баян бүрд” олон улсын хурлаар “Монголд тулгамдаж буй зах зээлийн эдийн засгийн хүндрэлүүд ба гарц” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн. Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Ерөнхий сайд асан, Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал, панелистаар, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Р.Даваадорж, АЭХ-ны дэд тэргүүн, Монголд үйлдвэрлэв төслийг санаачлагч Б.Пунсалмаа, Улс төрийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч М.Чимэддорж, АН-ны гишүүн, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Г.Очирбат, эдийн засагч А.Батпүрэв, эдийн засагч М.Лхагвасүрэн нар оролцсон юм. Монгол Улсад тулгамдаж буй эдийн засгийн бодит нөхцөл байдлыг олон улсын сайн туршлагаар хэрхэн шийдэх талаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн цаана ёс суртахуун, ёс зүй байх ёстой. Түүнгүйгээр бид эдийн засгийн өсөлт гэж ярих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, баялгийг яаж зөв хуваарилах ёстой, мөнгөний бодлого, улсын төсөв, дэд бүтцийн төсөв ямар байх ёстой. Гэвч ардчилалд ээлгүй эдийн засаг, төсвийн бодлогыг хэрэгжүүлж байна. Бидний өнөөдрийн бүтээсэн эдийн засагт шударга ёс, зарчим, бодлого, хөгжил, тогтвортой, хүртээмжтэй гэдэг агуулга байна уу гэдэг асуудлыг ярих зайлшгүй шаардлага тулгараад байгааг онцоллоо.
Чиглүүлэгч Р.Амаржаргал “ Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж зах зээлийн эдийн засагт шилжсэн 34 жилийн хугацаанд эдийн засаг хэд дахин томорч, нэг хүнд ногдох ДНБ-д эзлэх хувийн өсөлт, хөрөнгө оруулалт экспорт, импорт, үйлдвэрлэлийн салбарын үсрэнгүй тэлэлтээрээ бусад олон орны хүсээд хүрдэггүй гайхамшигтай үр дүнг үзүүлсэн. Гэвч үүнд улсаараа нэг л сэтгэл дундуур байна. Та бүхэн эхлээд байр сууриа илэрхийлнэ үү.
Р.Даваадорж: Төсөв, мөнгөний буруу бодлогоос эдийн засаг сэргэх боломжоо алдаж байна
-Сүүлийн хоёр жил дараалан УИХ-дах сөрөг хүчний Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэн 34 жилийн хугацаанд макро эдийн засгийн хувьд томоохон өөрчлөлт хийсэн хэдий ч өнөөдрийн тухайд эдийн засаг маань нүүрснээс хараат болсон. Хэрэв Хятадууд манайхаас нүүрс авахаа зогсоовол мөн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унавал эдийн засаг дагаад унах эмзэг эдийн засагтай улс болж хувирлаа. Манай гадаад худалдааны 60 хувийг нүүрс дангаараа эзэлж байна. Сүүлийн 34 жилийн хугацаанд зургаан удаа Олон улсын валютын сангаар эдийн засгаа удирдуулсан. Түүхий эдийн үнэ өндөр байх үед Олон улсын валютын сангаа хөөж гаргаад өөрсдөө найрладаг улс болсон. Тиймээс ард түмэнд өгөөж нь наалдахгүй болохоор тэд сэтгэл дундуур байна. Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого хэрхэн явж ирсэн талаар хоёр тоон дээр тогтож тайлбарлая. 2022 онд Татварын ерөнхий газарт тайлан ирүүлэх ёстой 238 компаниас 155 компани тайлангаа ирүүлжээ. Харамсалтай нь үүний 70 нь “Х” тайлан ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, 140 орчим компани хаалгаа барьсан гэсэн үг. Энэ нь төсвийн бодлого ямар хэмжээнд байгааг харуулна. Төсвийн бодлогын ард татварын бодлого явдаг. Татварын бодлогоор аж ахуйн нэгжээ өөд нь татаж, олон болгож дэмжих, зөвлөн туслах учиртай. Ингэснээр иргэдийн орлого, ядуурал, ажилгүйдэл, улсын хөгжлийг шийдвэрлэдэг. Тэгвэл энэ бодлого буруу яваад байна. Монгол Улсын төсөв 27.4 их наяд төгрөг болсон. 2013-2016 он хүртэлх дөрвөн жилийн төсвийг нэг жилд хэрэглэж байна. Гэвч аж ахуйн нэгжийн дийлэнх нь дампуурчихсан 60-70 нь амиа тээгээд явж байна. 2019 онд Татварын нийт өр 1.1 их наяд төгрөг байсан бол 2022 онд 6.2 их наяд төгрөг болж гурван жилийн дотор гурав дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, төсөв бүрдүүлдэг, ажлын байрыг бий болгодог, улсынхаа хөгжлийг үүрч явдаг компаниудын татварын өр гурав дахин өсөж хувийн хэвшлүүд хүнд байдалд орсон. Мөн Монгол Улсын нийт гадаад өр 2022 онд 33.2 сая ам.доллар байхаас 24.6 сая ам.доллар нь Засгийн газрын өр. Энэ хоёр өр жил ирэх тусам нэмэгдэж байна. 2012 онд гадаад өр 17.2 сая ам.доллар байв. МАН найман жил засаглахдаа АН-ын тавьсан гадаад өрийг багасгасан гэж ярьдаг. Тэгвэл дээрх тоо энэ бүгд худлаа гэдгийг баталдаг. Энэ тоог Монгол банкны статистик мэдээллээс харж болно. Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу энэ бүгд ил тод байна. Эцэст нь манай төсөв мөнгөний бодлого буруу явснаас үүдэж 2017 оноос хойш эдийн засаг сэргэх алтан боломжийг алджээ. Зөвхөн 2023 онд гэхэд 15 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Энэ мөнгө 2014-2017 оны төсвийн нийлбэр. Тэр үед эх баригчид ам.долларын ханш 1700 болчихлоо гэж шүүмжилж байсан. Тэгвэл экспортын бүтээгдэхүүний хэмжээ ийм өндөр болсон байхад эрэлт нийлүүлэлтийн хуулиар ам.долларын ханш буух ёстой байтал өнөөдөр 3500 болж хоёр дахин нэмэгдсэн.
А.Батпүрэв: Эдийн засаг 30 дахин томорсон ч төр нь иргэнээсээ гурав дахин баяжсан
-Энэ асуултыг надаас 12 жилийн өмнө асуусан бол тэр үед сэтгэл хангалуун байна гэх байлаа. Харин өнөөдрийн тухайд сэтгэл дундуур байна. Эдийн засаг алдагдсан боломж болон бүтээмжийн тухай ярих ёстой. Тэгэхээр сүүлийн 12 жилд хүрч болох алдагдсан боломжийг бодохоор сэтгэл хангалуун байх үндэслэлгүй. Энэ өсөлтийг бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүтээмжид зориулсан бол сэтгэл хангалуун байх үндэслэлтэй. Сүүлийн 10 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ 4400 ам.долларыг сэтэлж 5000 ам.долларт хүрэх гээд чадахгүй байна. 2000 онд ДНБ-ий 70 гаруй хувийг хувийн хэвшил бүрдүүлсэн учраас Монгол Улс хувийн хэвшилд суурилсан чөлөөт эдийн засаг хөгжиж байна гэж ярьж байсан. Харин өнөөдөр эсрэгээрээ төрөөс хамааралтай эдийн засагтай болжээ. Өөрөөр хэлбэл, 1991 он руу ухарсан эдийн засгийн бүтэц бий болсон байна. Ухарсан шалтгаан нь гэнэтийн орлогоо хувааж идэхдээ буруу системээр явсан. Үүнд намуудын төлөвшил сул байсан нь нөлөөлсөн. Өнөөдөр эдийн засаг 30 дахин томорч өрхийн орлого арав дахин өссөн гэдэг ч эсрэгээрээ төр нь иргэнээсээ гурав дахин баяжсан гэж болно.
М.Лхагвасүрэн: Манай эдийн засаг үргэлж 4-5 хувийн өсөлт үзүүлдэг ч иргэдийн амьдралд нөлөөлдөггүй
-Сүүлийн 34 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг хасахтай байсан гурван үе байдаг. 1990 оны чөлөөт эдийн засагт шилжих үе, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал, цар тахлын үед. Нэг үгээр хэлбэл, бусад цаг үед нэмэх утгатай буюу өсөлт үзүүлсэн гэсэн үг. Гэхдээ энэ өсөлт маш сонирхолтой. Тодруулбал, хасах тооноос 17.3 хувийн өсөлтийг хоёр жилийн хугацаанд буюу 24 сарын дотор үзүүлсэн. Бусад орнуудын хүсэж мөрөөддөг өсөлтийг Монгол Улс 24 сарын хугацаанд харуулж чадсан. Ер нь бусад орны эдийн засаг жилд дунджаар 2.8-3.5 хувийн өсөлт үзүүлдэг бол манай улсын хувьд үргэлж 4-5 хувийн өсөлтийг үзүүлдэг. Энэ өсөлтөд уул уурхайн салбар хамгийн ихээр нөлөөлж буйг харуулдаг. Тэгвэл энэ өсөлт ард түмний амьдралд нөлөөлж байна уу. ДНБ-ий өсөлт нь иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлсөн үү гэвэл үгүй. Сонгууль бүрийн өмнө намууд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар, тооноор нь оруулна гэж амладаг ч хэзээ ч биелдэггүй. Манай улс баялгийн хараалд өртсөн. Шинж тэмдэг нь аль хэдийнэ илэрсэн. Тэгэхээр бид нэг хөлт эдийн засгаас олон тулгуурт эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Энэ хэвээр яваад байвал төсвийн орлого 2040 оноос алгуур буурсаар 2070 он үгүй болно. Тиймээс эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал.
Г.Очирбат: ДНБ зургаа дахин өссөн ч ядуурал 1990 онд байснаас дээрдээгүй
-Монгол Улсын төрийн тэргүүн нь “... төрийн оролцоотой эдийн засаг байна” гээд зарлачихаар эдийн засаг нь хязгаарлагдмал болдог. Чөлөөт эдийн засаг өөрийнхөө жамаар хөгжих байтал хязгаарлачихаар ард түмэнд үр дүн нь ирэхгүй байна. Дэлхийн банкны гаргасан судалгаанд 1990 онд нэг хүнд ногдох ДНБ 1000 орчим, нийт орлого 2.5 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан. Тэгвэл өнөөдөр 19 тэрбум орчим ам.доллар болж эдийн засаг найм дахин, ДНБ зургаа дахин өссөн байна. Гэвч ядуурал 1990 онд байснаас дээрдээгүй байна. Ядуурал нийт алдагдлын 30-35 хувийг эзэлж энэ хэрээр иргэд ядуу байсаар. Тиймээс эдийн засгаа солонгоруулж үнийг чөлөөлөхгүйгээр энэ байдал үргэлжилсээр байна. 1990 онд санхүүгийн зах зээл “zero” буюу 0 байсан. Одоогоор санхүүгийн зах зээлд иргэд, аж үйлдвэрлэл зэрэг салбар оролцож байгаа ч 90 хувьд банкны салбарынхан оролцжээ. Тэгэхээр иргэд аж ахуйн нэгжүүд энэ салбарт манлайлж оролцох хэрэгтэй. Оролцооны ихэнх хэсгийг 5-6 банк бүрдүүлэхээр тэд эдийн засгийг залж бусдад эдийн засгийн эрх чөлөөг олгохгүй байна. Гадаадын банк оруулж ирэхийг зөвшөөрдөггүй. Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахаар сөргөөр нөлөөлдөг. Өнөөдөр Хятадад арилжааны банкны зээлийн хүү жилийн 3.40 хувь. Тэгвэл Монголд тохиролцсон юм шиг 17 хувиас буудаггүй. Сурталчилгаагаа хүртэл нэг сард нэг банк нь явуулна гэсэн тохироотой. Ямар ч өрсөлдөөн байхгүй. Үүнийг чөлөөтэй болгох хэрэгтэй. Энэ хэвээр яваад байвал бид санхүүгийн зах зээлийн салбарын хөгжлөөр хол хоцорно гэсэн үг.
М.Чимэддорж: Бид бие, биеэсээ ялгаатай орлоготой хөгжих ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал
-Би үүнийг өөр өнцгөөр тайлбарлая. Ер нь хүмүүсийн сэтгэл зүй социалист системээс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор ардчилалд сэтгэл дундуур байх нь хэвийн үзэгдэл. Бусад оронд ч байдаг. Тэгэхээр бид бие биеэсээ ялгаатай орлоготой хөгжих ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал. Капиталист нийгмийн үндсэн зарчим нь орлогын ялгаатай байдал үргэлж бий болсоор байх явдал гэдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн авьяас чадвар, хичээл зүтгэл, гарааны нөхцөл нь өөр. Тиймээс илүү хичээл зүтгэл гаргасан нь илүү орлоготой амьдрах. Тэгэхээр өндөр орлого олж чадаагүй хэсэг нь үргэлж сэтгэл дундуур байх нь тодорхой. Ялангуяа сошиалд өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг хэсэг нь хамгийн их сэтгэл дундуур байгаа нь мэдрэгддэг. Мөн уул уурхайн салбараас манай улсын үндсэн орлого орж ирдэг. Гэвч нийгмийн орлого хуваарилалтын систем ажиллахгүй байгаа нь орлогын ялгааг улам гүнзгийрүүлэх шинжтэй.Тиймээс хүмүүс орлоготой хэсгийг үзэн ядах сэтгэлгээ давамгай байна. Монгол Улс ардчилалд ээлтэй эдийн засгийн бүтцээр хөгжих ёстой. Хүн цалингаасаа гадна нэмэлт орлого олдог ээлтэй эдийн засгийн бүтэц хэрэгтэй. Үүнийг ардчилалд ээлтэй эдийн засгийн бүтэц гээд байгаа юм.
Дэлхий нийтээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах амлалтыг биелүүлэхийн тулд эрчим хүчний ногоон шилжилт хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Манай улс ашигт малтмалын арвин их нөөцтэй нь адил сэргээгдэх эрчим хүчний нар, салхины асар их нөөцтэй. Гагцхүү үүнийг дотоодын эрчим хүчний эх үүсвэр, экспортын эрчим хүчний эх үүсвэр гэсэн хоёр ангилалд ашиглаж хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, манай улс ирээдүйд Азийн сэргээгдэх эрчим хүчний 80 орчим хувийг хангах арвин нөөцтэй. Азийн сэргээгдэх эрчим хүчний супер циклийн дэд бүтцэд холбогдох л хамгийн чухал. Тэгвэл бид заавал нүүрс, зэсээ зараад суух биш нар салхиа экспортлох эдийн засгаа босгох, сэргээх боломжтой. Харин дотоодын эрчим хүчний хэрэгцээг усан цахилгаан станцын эх үүсвэрээр хангах боломжтой.
Б.Пунсалмаа: Төсөвт хувийн хэвшлийн бүрдүүлсэн татварын гуравны нэг хувийг халамжид зарцуулдаг
-Монгол Улсын ДНБ өсөөд 28 их наяд төгрөгт хүрлээ. Гэхдээ 2014 оны статистик мэдээг харвал ДНБ-и 60 хувийг иргэдийн өрхийн хэрэглээ эзэлдэг байсан бол 2024 оны байдлаар 41 хувь болж энэ хэрэглээ даруй 20 хувиар буурсан. Энэ нь иргэдийн орлого энэ хэрээр буурч амьжиргааны түвшин багассан гэсэн үг. Мөн төрийн данхайсан бүтэц үргүй зардлыг нэмэгдүүлдэг. Үүнд иргэд бухимддаг. Гэхдээ энэ тогтолцоог эергээр засах боломжтой. Төрийн үргүй зардлыг дотоодын үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулбал энэ нь эргээд дотоодын зах зээл рүү орж ирэх боломж байгаа. Үүнд л иргэд сэтгэл дундуур байгаа юм. Нөгөөтээгүүр, сүүлийн үед янз бүрийн нэртэй төрийн өмчийн аж ахуйн нэгж олноор байгуулагдсан. Төрийн өмчийн компани олшрохын хэрээр хувийн хэвшлийн компани тэдэнтэй өрсөлдөх болдог. Ингэснээр хувийн хэвшлийнхэнд хортойгоор нөлөөлдөг. Өмнөх системээр ч төрийн өмчийн компани сайн шийдэл байгаагүй гэдэг. Өөрөөр хэлбэл, нэг төгрөгийн орлого олохын тулд 35 төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг яриатай. Нөгөөтээгүүр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний зарчим алдагдаж байна. Хувийн өмчийг, төрийн өмчид эргүүлэн татаж авдаг байдлаас харагдана. Ардчиллын суурь үнэт зүйлийн нэг нь хувийн өмч. Үүнд манай нам илүү анхаарал хандуулж ажиллана. Түүнчлэн халамж хавтгайрсан. Нийт хүн амын 80 хувь нь халамж авдаг. Энэ нь төсвийн гуравны нэг хувийг эзэлж байна. Ийм хэмжээний зардлыг хувийн хэвшлийнхэн татвараараа бүрдүүлдэг. Төр эдгээр аж ахуйн нэгжүүдээ дэмжиж анхаарах ёстой байтал эсрэгээрээ төрийн өмчит компаниудыг бий болгож зах зээлийн эдийн засгаас татгалзаж хуучин нийгмийн систем рүү чиглэсэн бодлого хэрэглэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)