Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн гаргадаг “Сонгуулийн боловсрол” сэтгүүлийн 2024 оны №2-т өгсөн ярилцлагаас хүргэж байна. 

 

-Сонгогчдын нэрийн жагсаалт www.election.burtgel.gov.mn цахим санд байршсан. Иргэний ямар мэдээллүүд байгаа вэ?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна” гэж заасан шүү дээ. Сонгогч улсын бүртгэлийн байгууллагын burtgel.gov.mn цахим хаягт нэвтэрч http://election.burtgel.gov.mn холбоосоор регистрийн дугаараа бичээд нэвтэрвэл эцэг /эх/ болон өөрийн нэр, хаяг болон сонгуулийн тойргийн дугаар, хэсэг, санал өгөх байрны хаягийн мэдээлэл байгаа. 

“Сонгогчдын нэрийн жагсаалтын маягт загвар”-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан “Журам, загвар, маягт батлах тухай” 2024 оны А/11, А/22 дугаар тушаалын хавсралтаар баталсан.

-Өөрийнхөө мэдээллийг шалгахад хаяг дээр байгаа бусад хүний мэдээлэл гарах уу?

-Тиймээ, иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн өөрийнх нь мэдээллээс гадна тухайн хаягт байгаа нийт сонгогчдын мэдээлэлтэй танилцах боломжтой. Хаягт бүртгэлтэй сонгогчийн тоог заагаад, харах цэс дээр дарвал нэрс нь гарна гэсэн үг.

-Хаягийн мэдээлэл алдаатай байвал яаж засуулах вэ?

-Сонгогч мэдээлэлтэй танилцах явцад зөрүүтэй, буруу бүртгэгдсэн, эсхүл оршин суух хаягт нь үл таних иргэн бүртгэгдсэн зэрэг асуудлаар өөрийн харьяа улсын бүртгэлийн байгууллагын холбогдох нэгжид өргөдөл, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.

Иргэний мэдээлэл зөрүүтэй бол тухайн мэдээллийн хэсгийн арын тэмдэглэгээг идэвхжүүлнэ. Өөрөөр хэлбэл, зөрүүтэй мэдээллийг идэвхжүүлээд утасны дугаар, и-мэйл хаяг, нэмэлт тайлбар бичих цонхонд мэдээллээ бичиж илгээнэ. Улмаар таны өргөдөл хүсэлтийг “аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүллээ” гэсэн мэдээлэл гарах юм. Аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс зөрүүтэй иргэний мэдээллийг шалгаж, өргөдөл, хүсэлт гаргасан этгээдэд шийдвэрлэлтийн талаар мэдэгдэж ажиллана.

Тухайн сонгогчийн мэдээлэл ямар ч зөрүүгүй байхад алдаатай гэсэн мэдээлэл илгээх асуудал цөөнгүй гардаг. Энэ нь улсын бүртгэлийн хэлтсийн ачааллыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх тул зөвхөн зөрүүтэй тохиолдолд л мэдээлээрэй гэж хүсье.

-Зөрүүтэй мэдээллийг засуулах хүсэлтийг хэдий хугацаанд шийдвэрлэх вэ?

-Иргэний өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломжтой бол тухай бүр шийдвэрлээд явна. Харин судлан үзэх шаардлагатай зарим тохиолдолд /иргэний хаягийг түдгэлзүүлэх/ эрх бүхий этгээд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллах тул хугацаа шаардлагатай нь ойлгомжтой юм.

-Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэдийд шалгах боломжтой бол?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино” гэсэн сонгогчийг үүрэгжүүлсэн зохицуулалт байгаа.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасны дагуу ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал хураалт явагдаж дуустал байршуулна. Энэ хугацаанд иргэн өөрийн мэдээллийг шалгахын зэрэгцээ сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцаж болно.

-Сонгогчдын нэрийн жагсаалттай нам, эвсэл, нэр дэвшигчид танилцах боломжтой юу?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцаж болохоор заасан. Тэр дагуу хуульд заасан эрх бүхий этгээд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцаж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)