Т.САЙХАН

Хүүхдийн паркийн тохижилттой холбоотойгоор Хотын удирдлагууд хувийн  хэвшлийн эрх ашгийг зөрчиж буй талаар “Сөүл” компанийн төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

“Сөүл” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал  Г.Идэрхүү:

-“Сөүл” компанийн “Сөүл” ресторан Хүүхдийн парк дотор байсан “Туяа” рестораныг яг тэр хэвээр нь байлгаж, 32 жил үйл ажиллагаа явуулж байна. 150 гаруй ажилтантай.  Монголын үйлчилгээний салбарын ууган аж ахуйн нэгжүүдийн нэг юм.  Өнгөрсөн хугацаанд манай компани хүүхдийн паркийн тав тухтай орчныг бүрдүүлэх,  ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, гэрэл гэрэлтүүлэг, зам талбайг сайжруулах, сэргээн засварлах зэргээр Хүүхдийн паркийн хөгжил дэвшлийн бүхий л үйл явцад манай компанийн хамт олон гар бие оролцож, санхүүгийн болон олон талын дэмжлэг үзүүлж байлаа.  Гэтэл 2023 оноос буюу өнгөрсөн жилээс нийслэлийн удирдлагууд, “Риотинто”-гийн талтай олон удаагийн зөвшилцлийн уулзалт хийсэн.  Ингээд “Сөүл” рестораны урд талын талбай буюу манай рестораныг зорин ирсэн үйлчлүүлэгчдийн авто зогсоолыг явган замын талбай болгон өөрчилсөн. Төсөл хэрэгжих хугацаанд Сөүл рестораны хойд талын талбайг зогсоол хэлбэрээр ашиглаж байна.  Бидэнд ямар нэгэн хууль, дүрэм зөрчсөн асуудал байхгүй.  Гэтэл Хотын удирдлагууд үлдээхээр тохирсон “Сөүл” рестораны ард талын машины зогсоолыг суллаж өгөхийг шаардсан.    Энэ нь Сөүл рестораны үйл ажиллагаанд ноцтой халдаж байна.  32 жил үйл ажиллагаа явуулж байгаа манай үйл ажиллагаанд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаад харамсаж байна.  Төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд урт настай, бодитой, хэрэгждэг байх нь хувийн хэвшлүүдийг дэмжих том хөшүүргэ байдаг.  Ингэснээр үйл ажиллагаа маань алсын хараатай, тогтвортой байх юм.  Төсөл хэрэгжүүлэгч компани нь хүртэл төсөл хэрэгжүүлнэ гэчхээд ард нь ийм нөхцөл байдал үүсгэж байгаад харамсаж байна.

"Сөүл" группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ү Хён Мин: - “Сөүл” ресторан 1996 оны дөрөвдүгээр сард байгуулагдаж, 28 жил хүүхдийн паркт үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд манай ресторан тасралтгүй хөгжиж, Монголын шилдэг ресторануудын нэг болж чадсан. Мөн татвар төлөгчийнхөө үүргийг гүйцэтгэж, 500 хүнийг хүлээн авах хүчин чадалтай ажиллаж байна. “Рио Тинто” компанийн төсөл өнгөрсөн хавраас эхэлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын ажлууд эхэлсэн. Одоогоор рестораны төв хаалганы урд байсан цэлгэр зогсоол байхгүй болсон. Энэ мэт бидний үйл ажиллагаанд олон удаагийн хүндрэл учруулж байгаа ч бид тохиролцож, хамтарч ажиллахыг хичээж байгаа. Тиймээс хууль ёсны дагуу Хотын дарга асан Д.Сумъяабазартай  тухайн үед хэлэлцэж, рестораны хойно 50 машины зогсоол үлдээхээр болсон. Хуулийн дагуу ресторанд шаардлагатай орц, гарцыг паркт одоо хэрэгжиж байгаа төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай. 28 жилийн турш бүх хүчээ дайчлан ажилласан ресторан маань хотын нэг эрх баригчийн шийдвэрээр гэнэт хаагдахад хүрвэл Монгол, Солонгосын бизнесийн харилцаа тасалдаж, харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр улсад байгаа иргэдийн эрх ашиг хамгаалах хоёр улсын харилцан зөвшилцөл талаар болох нь” гэлээ.

Эх сурвалж:www.polit.m