Энэ цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг гэгдэж буй, ноён Бан Ги-Мүн манай улсад жил дараалан зочилж, Төрийн ордны индэр дээрээс “Өөр хувилбар гэж бидэнд байхгүй. Учир нь хүн төрөлхтөн дундаа ганц л дэлхийтэй” хэмээх цогтой үгсээ дахин нотоллоо.

“Дэлхийн Засгийн газар” хэмээн тодорхойлдог НҮБ-ыг удирдаж асан түүнийг олон улсын хамгийн нөлөө бүхий удирдагчдыг уриалан манлайлж, эрчим хүч, хүнсний хангамж, аюулгүй байдал, тогтвортой засаглалын тулгамдсан асуудлуудад ахиц гаргахад хүчтэй “зүтгүүр” болж ажилласан гэж дүгнэдэг. Хөдөлмөрийн зах зээлийг өргөжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байх хугацаандаа онцгойлон анхаарч, дэлхий даяар цөөнгүй шинэлэг хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлсний зэрэгцээ олон улсын энхийг сахиулах ажиллагаанд томоохон алхмуудыг хийснээрээ алдартай. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтыг том зургаар харж, хүндрэл бэрхшээлийг ганц нэгээр барьж авч, гал унтраахаас илүүтэй харилцан хамааралд нь судалж, цогцоор шийдвэрлэх үүднээс тэрээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулж, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хамгийн хатуу байр суурь баримталдаг дипломатчийн хувьд мөн Парисын хэлэлцээрийг Бага хурлын 190 улсаар хүлээн зөвшөөрүүлэх, НҮБ-ын гишүүн орнуудаар соёрхон батлуулах ажлыг асар богино хугацаанд эрчимтэй явуулсан нь орчин цагийн түүхэнд нэгэнт тэмдэглэгджээ.

Чухамдаа ноён Бан Ги-Мүн бол “дэлхийн” хүн. Тийм ч учраас дэлхийн зовлон бэрхшээл түүнд хэн хүнээс илүүтэй хамаардаг байж мэдэх нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад жил дараалан оролцсоноор нотлогдох биз ээ.

Өнгөрөгч долоо хоногт хоёр дахиа болсон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” энэ удаа энх тайван, шударга ёсыг цогцлоох, тогтвортой, хүчирхэг тогтолцоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэнээрээ бүс нутгийн төдийгүй дэлхийн олон нийтийн анхаарлыг татлаа. Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрх Дорнодод бий болоод байгаа хурцадмал нөхцөл байдал улс орнуудыг хуваагдахад хүргэж, хүн төрөлхтний олсон ахиц дэвшлүүдийг арагш татаж байгааг чуулга уулзалтаар онцгойлон тэмдэглэж, улс орнууд парламент, Засгийн газраар тогтохгүй иргэний нийгэм, хувийн хэвшил гэхчлэн бүх түвшинд хамтран ажиллах, харилцан ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлэх шаардлагатайг албан ёсоор дүгнэлээ.

Зөрчил мөргөлдөөн, дайн самуун дэлхий дахинд гал дээр тос нэмсэн мэт энд тэндгүй дүрэлзэж байна. Хамгийн халуун цэгээр өнөөдөр Ази, Номхон далайн бүс, Ойрх Дорнод буюу Монгол Улс гарцаагүй хамаарах бүс нутгууд тодроод байгаа. Ковид 19 цар тахлын үр дагавар, хор хохирлыг даван туулж амжаагүй байхад ар араасаа боссон энэхүү олон улсын харилцааны уур амьсгалын цочмог хүйтрэлт дээр, дүрвэлт, цагаачлал, терроризмын аюул, дэлхийн дулаарал, улс орнуудын дотоодын улс төрийн тогтворгүй байдал, засаглалын хямрал, мэдээллийн технологийн дэвшлээс шалтгаантай цахим орчны гэмт хэргүүд борооны дараах мөөг мэт дэлгэрч байна. Энэ ээдрээ төвөгтэй цаг үед улс орнууд олон улсын амьдрал, улс төр, эдийн засгийн уялдаа, зөрчил, мөргөлдөөнүүдийн төгсгөл, шийдэл болон үүсэн бий болох нөхцөл байдлыг урьдчилан харахыг хичээж байгаа ч тэр бүхэн хараахан үр дүнгүй байгаа юм. Тийм ч учраас энэ удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” буюу Улаанбаатарын чуулга уулзалт анхаарлын төвд байв.

Улс орны аюулгүй байдлын асуудал уламжлалт ойлголтоор тусгаар тогтнол, бүрэн эрхт ба газар нутгийн бүрэн бүтэн байдал зэрэг суурь асуудлуудаар илэрхийлэгдэж байсан бол орчин үед эдгээрийн зэрэгцээ улс төр, эдийн засгийн тогтвортой, өсөлттэй байдал, нийгмийн хамгаалал, хүний хөгжлийн боломж, эрх чөлөө, эрсдэлгүй амьдрах орчин нөхцөл гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарах болсон. Манай улс газар нутгийн байршлаар ОХУ, БНХАУ-ын завсарт оршдог ч засаглалын хувьд эрс ялгаатай. Тийм ч учраас хөрш улсуудын ашиг сонирхлыг тэнцвэртэй авч явахын хажуугаар “гурав дахь хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлж, улс төр, дипломатын аргаар гадаад харилцааны аюулгүй байдлаа амжилттай хангаж ирсэн. Харин дотоод хүчин зүйлс буюу улс төрийн залгамж чанарыг хадгалж, тогтвортой хөгжлийг боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэр, хүний хөгжлийн боломж бололцоог хангах талаар хангалтгүй дүн үзүүлж, энэ бүхнийг явуулах тогтолцоо бүрдээгүй, уялдаа холбоогүй байгаа нь нууц биш.

Бидэнд хамаарах бүс нутгуудад аюулгүй байдлын түгшүүрийн дохио ассан өнөөдрийн нөхцөл байдалд бид бэлэн байж чадах уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Хөрш орнуудад засаглалын болон үзэл баримтлал, чиг хандлагын ямар өөрчлөлт орох, дэлхийн дэг журам, хүчний тэнцвэрийн эрэмбэ дараалалд ямар өрнөл хөдөлгөөн үүсэхийг тааварлах боломжгүй байгаа ийм үед үр дүнтэй олон талт хамтын ажиллагааг зөв бодлогоор эрчимтэй явуулах нь манайх шиг хөгжиж буй улсын хувьд чухал гарц юм.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний санаачлагч, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийгмийн ардчиллын суурь болох парламентын ардчиллыг бат бөх байлгах, сахиулан хангах талаар тууштай, чиг байр суурьтай. Энэ байр сууриараа тэрээр улс орнууд батлан хамгаалах хүч, нөөц, эдийн засгийн хөгжлийн сул талаа улс төр, нийгмийн байгууллын тогтолцоо дахь ардчилал, ил тод, нээлттэй байдлыг хангах замаар нөхөх боломжтой гэж үзэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилго буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилтуудыг хүчтэй, тогтвортой ардчиллын тогтолцоогоор хангах тухай асуудлыг шийдэл болгон дэвшүүлсэн гэж болно.

Ардчилсан байх, ил тод байх, иргэний нийгмийн болон шийдвэр гаргах түвшний өргөн хүрээний хамтын ажиллагаатай байх нь гадаад орнуудад, ялангуяа хөрш улсуудад элдэв сэжиг таамаг ургахаас сэргийлж, дайсагнах бодлого барих вий гэх мэт болгоомжлолыг үргээдэг.  Энэ нь гадаад бодлогын итгэлцлийг бэхжүүлж, үүгээрээ улсын аюулгүй байдлыг баталгаажуулж байдаг. Олон улсын харилцааны хоёр, гурав ч юм уу, цөөн тооны туйл бүхий бодлого нь бага буурай улс орныг бусдыг нөлөөнд автуулдаг бол харилцааны олон туйлт бодлого үүнийг сөрөн зогсох чадвар бий болгодгийг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-нд оролцогчид санал нэгтэй нотлон дурдаж, олон улсын харилцаа, стратеги, геополитикийн судлаач нар “Гурав дахь хөрш”-ийн бодлогынхоо эгнээг “шинэ хөрш”-ээр өргөжүүлэн бэхжүүлэхийг Алтай язгуурын ард түмнүүдэд зөвлөсөн юм.

Ноён Бан Ги-Мүн энэ үеэр хэлсэн үгэндээ, олон улсын түвшинд гар нийлж түншлэн, ажил үүргээ хуваарилан авч, оролцогч талуудынхаа тэгш оролцоог ханган, хэнийг ч орхилгүй, хариуцлагатай ажиллахад “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” гол платформ байж чадна хэмээн дүгнэж байгаагаа хэлсэн нь уг яриа хэлэлцээг санаачлан өрнүүлж буй Г.Занданшатарт хаягласан “зурвас” гэж болохоор. Улаанбаатарын яриа хэлэлцээг үр дүнд хүргэж, олон талт хамтын ажиллагаагаар улс орныхоо аюулгүй байдал, бүс нутгийн эв нэгдэл, итгэлцлийг бэхжүүлэх зорилгодоо Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дэлхийн хэмжээнд нөлөө, сүлжээ ихтэй түүнийг эрхгүй татан оролцуулж чадаж буй нь сэтгэгдэл төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Бан Ги-Мүн, Г.Занданшатар нарын хослол Ази, Номхон далайн бүсийг Дундад Ази, Ойрхи Дорнодтой Алтай язгуураар холбон нэгтгэх том алхмынхаа эхлэлийг гайхалтай тавилаа. Тэдэнд баяр хүргэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)