Б.Алтангэрэл

Иргэдийн төлөөлөл өнөөдөр Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Иргэдийн зүгээс "Зайсангийн замыг нэг чигийн урсгалтай болгосноор дөрвөн замын уулзвар дээр маш ноцтой осол аваар гарч байна. Тэндхийн ойр орчмын нийслэлийн 32 дугаар сургуулийн зүүн урд талын явган хүний гарц дээр түгжрэл ихтэй үед замын хоёр урсгал түгжирч, иргэд аюулгүй замаар гарах боломжгүй болдог. Сүүлийн нэг сарын хугацаанд дөрвөн хүүхэд зам гарахдаа машинд шүргүүлж, гэмтсэн. Энэ ослыг харсан гэрч байгаа. Зайсангийн замыг нэг чигийн урсгалд оруулснаас хойш нийт хэчнээн хүүхдийн эрүүл аюулгүй байдалд амьдрах эрх нь хөндөгдөж, бэртэж гэмтэж байгааг хэлж мэдэхгүй. Тухайн чиглэлд автобусны чиглэлүүд өөрчлөгдсөн хэдий ч албан ёсны тэмдэг тэмдэглэгээ байхгүй, туршилт хийж иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироож байна.

Бүтэн жил зургаан сар болж байхад ямар ч арга хэмжээ авч, шийдэл хүрч, сайжруулсангүй. Зайсан орчимд амьдардаг иргэдээс гадна үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хохирч байна. Үйлчлүүлэгчид нь замын нэг чигийн урсгалаас болж, түгжрэлд орохоос залхаж байна. Бизнесийн орчны эрх ашиг маш ихээр зөрчигдөж байна. Нийслэлээс Зайсангийн замын нэг чигийн хөдөлгөөнийг болиулах талаар энэ оны дөрөвдүгээр сарын 12-19-ний өдрүүдэд санал асуулга явуулсан. Санал асуулгад нийт 3100 хүн оролцсоноос 2692 хүн буюу 86 хувь нь нэг чигийн хөдөлгөөнийг дэмжихгүй байна гэж хариулсан байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй, судалгаа хийж байна гэдэг хариултыг өгч байна. Бид бүр болохгүй бол жагсаж, тулгамдаж байгаа асуудлаа илэрхийлнэ. Оршин суугчид бямба гарагт 11:00 цагт Зайсангийн тойруугийн баруун урд талын уулзвар буюу 32 дугаар сургуулийн урд хэсэгт тайван жагсаал хийнэ" гэв.

Эх сурвалж: www.zms.mn